“Los AngeLes Auto show 2019” авто шоун дээр танилцуулсан автомашины шинэ загварууд
Лос-Анжелесын олон улсын автомашины үзэсгэлэн тус хотын “Сonvention Center”-т өнгөрсөн баасан гаригт эхэлжээ. 1907 оноос хойш зохион байгуулж ирсэн тус үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 1 хүртэл олон нийтэд нээлттэй байх юм. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд зах зээлд нийлүүлэх шинэ загварын автомашинуудаа олон нийтэд танилцуулж байна. Үзэсгэлэнд 1000 орчим машин оролцож байгаа агаад одоо болон ирээдүйд автомашины өнгө төрхийг тодорхойлох загварууд юм. Тэдгээрийн зарим нь энэ оны сүүлээр зах зээлд нийлүүлэгдэх бол үлдсэн нь 2021 он хүртэл тодорхой цаг хугацаануудад хэрэглэгчдийн гар дээр очих аж. Ингээд 2019 оны Лос Анжелесын авто шоу үзэсгэлэнгээр толилуулсан топ загваруудыг танилцуулъя.
Ford компани
MUSTANG MACH-E SUV
Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, арын дугуй хөтлөгчтэй горимд нэг бүрэн цэнэглэлтээр 480 км зам туулах чадвартай. “All-wheel-drive” горимд 332 морины хүч гаргах чадалтай. Энгийн Mach-E хувилбар 43 мянга 895 ам.доллараас эхлэх бол өндөр үзүүлэлттэй нь 60 мянган ам.доллараас давна. 2021 онд Mustang Mach-E загварын хоёр “performance” хувилбар зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа аж. Тэдгээр нь 459 морины хүчтэй байх гэнэ. Шинэ автомашины дотор талд Фордын өөрийнх нь хөгжүүлсэн 15.5 инчийн хурууны даралт мэдрэгч дэлгэцтэй SYNC инфотайнмент системийг суурилуулсан аж. Ямар ч түлхүүргүй Mustang Mach-E нь эзнийхээ гар утсыг Bluetooth технологийн тусламжтай таньж, хаалгаа нээх, асах гэнэ. Мөн урд хамар доороо 136 литрийн багтаамж бүхий ачааны хэсэгтэй нь Mustang Mach-E загварын нэг онцлог. 2020 оны сүүлээр худалдаанд гарах уг бүтээгдэхүүний онлайн захиалгыг 500 ам.долларын урьдчилан төлөх нөхцөлтэйгөөр нээжээ. 1964 онд анх зах зээлд гарч байсан Mustang брэнд ийнхүү цахилгаан автомашины өрсөлдөөнд хөл тавьж буй нь энэ.
Tesla компани
CYBERTRUCK АВТОМАШИН
Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй пикап загвар. Өвөрмөц хэлбэртэй уламжлалыг эвдсэн тус загвар нь зургаан хүний суудалтай. Нэг хөдөлгүүртэй, арын дугуй хөтлөгчтэй хувилбарын доод үнэ нь 39 мянга 900 ам.доллараас эхлэх бол бүх дугуй нь хөтлөгчтэй хувилбар нь 69 мянга 900 ам.доллар хүрэх аж. Бас автомат жолоодлогын систем нэмбэл долоон мянган ам.доллар нэмж төлөх юм байна. Дээрх хоёр хувилбарын дунд бүх дугуй хөтлөгчтэй, хос хөдөлгүүртэй хувилбар бас байгаа аж. Өөрөөр хэлбэл, бүрэн цэнэгээр 400, 480, 800 километр зам туулах чадалтай гурван хувилбартай юм байна. Мөн гурван хөдөлгүүртэй хувилбар нь 2.0 секундэд 100 км/цаг хурд авах чадалтай аж. Машины эх бие “ultra hard” стэйнлес ган хийцтэй бол шил нь хуяглагдсан тусгай шил аж. Бууны сум нэвтрэхгүй, сэв тогтохгүй, зэврэхгүй бат бэх хийцтэй. Cybertruck нь 2800 литрийн багтаамжтай ачааны хэсэгтэй. Ачааны хэсгийн хаалт нь хүн зогсоход даахуйц бат бэх материалтай.
Эх биеийг 10 см-ээр өндөрсгөх, намсгах “adaptive air suspension” системтэй. Cybertruck-ийг 2021 оны сүүлээс эхлэн угсарна. Урьдчилсан захиалгыг tesla.com/cybertruck хуудсаар өгч болно. Хүч чадлын хувьд Ford F150 загвартай дүйцэх бол хурдаар Porsche 911 загвартай өрсөлдөх гэнэ. Түүнчлэн зөвхөн Cybertruck-ийг дагалдах Cyberquad нэртэй цахилгаан ATV-ийг нэмэлтээр худалдаж авах боломжтой юм байна.
Karma locomotive
SC2 CONCEPT
Хятадын брэнд болох Карма компанийн шинэ загвар.
Цахилгаан хөдөлгүүртэй, 1100 морины хүчин чадалтай. Бүрэн цэнэглэхэд 563 км туулна. 1,9 секундэд 97 км/ц хурд авах чадалтай. Хоёр хаалгатай, хаалга нь дээш өргөгдөн онгойдог. Дугуй хөтлөгчтэй. 110 мянган ам.доллараас эхэлнэ.
Боллинжер Моторс компани
BOLLINGER B1 SUV
Bollinger B1 SUV ба Bollinger B2 crew cab pickup гэсэн хоёр хувилбар. Хос хөдөлгүүртэй, 623 морины хүчин чадалтай. Цэнэгийн багтаамж нь 120 кВт/ц. 915 мм гүн хүртэлх усан саадыг даван туулах чадалтай. 125 мянган ам.доллараас эхэлнэ.
Toyota компани
TOYOTA RAV4 PRIME
-Хос хөдөлгүүртэй, 2.0 трубомотортой, 305 морины хүчин чадалтай, 5.8 секундэд 100 км/ц-ийн хурд авна. Бүрэн цэнэглэлтээр 60 км замыг туулна. 100 км/ц-т 2.6 литр бензин зарцуулна.
dnn.mn Д.ЦЭРЭНДОЛГОР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ