Б.Бадамцэцэг: Орон сууц барьсан, авсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ

Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой зарим асуудлаар Татварын ерөнхий газрын Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад багц шинэчлэл хийлээ. Таны бодлоор хууль хэрэгжихээс өмнөх татварын бодлогын хэрэгжилт ямархуу байна вэ?

-Энэ удаагийн шинэчлэл татварын хуулинд орж буй хоёр дахь удаагийн томоохон шинэчлэл юм. Өмнөх шинэчлэл хийгдсэнээс хойш холбогдох хуулиудад шаардлагатай үед нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаад хэрэгжээд ирсэн. 2019 оны гуравдугаар сарын 22-нд УИХ-аар Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудыг шинэчлэн баталсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчлэлийг 2015 оны долдугаар сард УИХ баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нэмэгдсэн өртгийн албан татварт маргаантай зүйл олон байсныг цэгцэлсэн. Бид бүхэн хууль батлагдсанаас хойш хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. МУИС-ийн Бизнесийн сургуулийн багшийн тавьсан илтгэлд “Одоо хэрэгжих Татварын багц хуулинд хэрэглээний албан татвар, хөрөнгийн албан татварын тухай шинэчлэл ороогүй үлдсэн” талаар дурдсан. Эдгээр хуульд мөн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай байгаа.

-Татварын багц хуулийн шинэчлэл нийгэм болоод тогтолцоонд томоохон эерэг өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт байна. Үр дүнг нь хэрхэн төсөөлж байна вэ?

-Шинэчлэн батлагдсан татварын багц хуулинд татвар төлөгчдийг олон улсын жишигт нийцүүлэн сегментээр ангилж, сегмент тус бүрт тохирсон татварын үйлчилгээ үзүүлэх бодлогыг баримталсан. Татвар төлөгч тал руу чиглэсэн эерэг өөрчлөлтүүд олон орсон байгаа. Ялангуяа бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зан төлөв, онцлогт тохирсон зохицуулалтууд орсон. Жишээ нь, 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой татвар төлөгч өөрөө хүсвэл хялбаршуулсан горимоор татвараа төлж болно. Хялбаршуулсан горим гэдэг нь хуулинд заасан ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхгүйгээр шууд нэг хувиар албан татвар төлнө. Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэл татвар ногдуулах орлоготой, хуульд тусгайлан заасан салбарт үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчдөөс бусад нь 10 хувиар татвараа төлөөд, 90 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа. Цаашлаад татвар төлөгчдийн тайлан тушаах тоог цөөрүүлж, бичил жижиг бизнес эрхлэгчид жилд нэг удаа, дунд бизнес эрхлэгчид хоёр удаа, том бизнес эрхлэгчид дөрвөн удаа тайлангаа тушаахаар зохицуулалт хийгдсэн. Үүний үр дүнд татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаандаа тайлагнаж татвар төлөгчдийн тоо нэмэгдэх, хяналт шалгалтаар илрэх зөрчлийн дүн буурна гэсэн хүлээлттэй байна.  

-Хуулийн шинэчлэл улсын эдийн засаг, нийгэм, аж ахуйн нэгж, иргэдийн хувьд хэр ач холбогдолтой болох вэ?

-Татварын хувь хэмжээ буурч байгаа. Уг нь манай улс татварын хувь хэмжээгээр дэлхийд бага татвартай орнуудын эгнээнд жагсдаг. Гэвч татвар төлөгчдийн дунд явуулж буй хөндлөнгийн байгууллагуудын судалгаагаар татварын дарамттай гэсэн хариулт ихээхэн хувийг эзлээд байдаг. Одоо шинэчлэн батлагдсан татварын хууль хэрэгжээд эхлэхээр нийт идэвхтэй татвар төлдөг бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь нь нэг хувиар албан татвар төлөх дүр зураг харагдаж байна.

-Олон улсын татварын зарчмуудаас Монголд тохирохыг нь хэрэгжүүлнэ гэлээ. Тэдгээрийн нэг болох үнэ шилжилт гэж ямар зарчим юм бэ?

-Шинэчлэн батлагдсан татварын багц хуульд олон улсын татварын зарчмуудаас тусгаж оруулсан байгаа. Үнэ шилжилтийн асуудал, Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм, харилцан тохирох болон мэдээлэл харилцан солилцох журам гээд нэрлэж болно. Шинэчлэн батлагдсан татварын багц хуулинд “Үнэ шилжилт” гэсэн олон улсын нэршил тусгагдаж өгсөн. Одоогийн хэрэгжиж байгаа хуучин хуулиар 50 мянган төгрөг гээд гэрээ хийсэн бол түүнээсээ л татвар авч байна. Үнэ шилжилтийн бодлого хэрэгжсэнээр 100 мянга гэсэн үнийг тогтоож, түүнээс нь татвар ногдуулах боломжтой болох юм. Одоо хэрэгжиж байгаа хуульд анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа. Тэгвэл шинэчилсэн хуульд хөнгөлөлтийн хэмжээг зургаан сая хүртэлх төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Мөн барилга, тоног төхөөрөмж, хайгуулын үйл ажиллагаанаас бусад худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг шууд хасах зохицуулалт орсон. Үнэ шилжилтийн зарчмыг албан ёсоор зохицуулалт болгон тусгасан зэрэг өөрчлөлтүүд шинэчилсэн багц хуулиудад тусгагдсан байна.

-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн хуулийг мөрдөж эхэлнэ. Мөрдөхөд татвар төлөгчдийн зүгээс юуг мэдэх, ямар бэлтгэл шаардлагатай байна вэ?

-Татвар төлөгчдийн зан төлөв, татварт хандах хандлага маш чухал байна. Иргэн бүр миний төлсөн татвар эргээд миний нийгмээс үнэ төлбөргүй авдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хэв журам, аюулгүй байдал, зам, гүүр, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт үйлчилгээнд зарцуулагддаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мөн сая нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдлээ гэхэд татвартай холбож ойлгоод байна. Татвар, нийгмийн даатгалын зориулалт, үүрэг нь тэс ондоо юм. Хэрвээ татвараа үнэн зөв тодорхойлж, төлөөгүй бол нөхөн татвар, торгууль, алданги төлөх нөхцөл үүсдэг. Үүнийгээ татвар төлөгчид татварын дарамт гэж ойлгоод байдаг. Энэ мэт эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд татварын боловсрол, мэдлэг чухал нөлөөтэй.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд орсон гол өөрчлөлт юу вэ?

-2020 оноос хэрэгжих багц хуультай хамтад нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулинд дахин нэмэлт, өөрчлөлтийг оруулж өгсөн. Байшин барилгад 10 жил, тоног төхөөрөмж, хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтад таван жил элэгдүүлэх журмаар буюу тэнцүү дүнгээр хасалт хийнэ гэж заасан. Эдгээрээс бусад хөрөнгийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг шууд хасах өөрчлөлт орсон. Өмнө нь сандал, ширээ, компьютер гээд өөрийн худалдаж авсан бүх үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг борлуулалтын орлогод төлсөн НӨАТ-аас хасдаггүй байсныг ийнхүү өөрчилсөн. Энэ нь татвар төлөгчдөд илүү ойлгомжтой, эерэг нааштай алхам болсон.

-Иргэд анх удаа орон сууц барих юм уу худалдаж аваад хөнгөлөлт эдэлдэг. Энэ хэмжээ нэмэгдсэн гэсэн үү?

-Хувь хүний орлогын албан татварын хуулинд орсон иргэдийн хамгийн их сонирхдог, бүрэн эдэлж чаддаг нэг заалт бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлтүүд юм. Орон сууцны хөнгөлөлт гэхэд зургаан сая төгрөг болж хоёр дахин нэмэгдсэн.

-Татвараас зугтсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага ямар байгаа вэ?

-Шинэчлэн батлагдсан татварын багц хуулиар нэг талаасаа татвар төлөгчдөд нааштай, эерэг заалтууд олон орсон боловч нөгөө талаасаа татвараа төлдөггүй, зугтаж зайлсхийдэг татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж өгсөн. Хэрвээ татвар төлөгч төлөх татварын хэмжээгээ бууруулах, суутган авах татвараа суутгахгүй хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх, НӨАТ-ын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан. Жишээлбэл, цалингаас юм уу, бусдаас авсан үйлчилгээний төлбөрөөс суутгавал зохих татварыг суутган авч төсөвт төлөөгүй тохиолдолд тус татварыг нь нөхөн төлүүлээд, татварын 40 хувьтай тэнцэх торгууль ногдуулахаар заасан. Мөн энэ зөрчлийг дахин давтан үйлдвэл торгуулийн хэмжээ өсч 50 хувь болох жишээтэй. Ер нь өмнөх хяналт шалгалтаар илэрсэн зөрчлөө засаж залруулаагүй, дахин давтан үйлдсэн тохиолдолд торгуулийн хэмжээ нэмэгдэж байгаа.

Эх сурвалж: erenews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ