Хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их байна

Хир халдаахгүй хамгаалахын оронд шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавьж, стандарт мөрдүүлсэн тайлангаа тавибал дээрсэн

1955 онд Японы Аж үйлдвэрийн яам эрчим хүчний эх үүсвэрийг нүүрснээс газрын тос руу шилжүүлэх шийдвэр гаргаж, Ёккайчи мужид үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ. Гэтэл үйлдвэрийг ажиллуулах явцад хүхэрлэг хий маш ихээр ялгарч эхэлсэн байна.1956 онд үйлдвэрийн анхны цогцолбор нээсний дараахнаас уушгины архаг бөглөрөлт өвчин, архаг бронхит, уушгины эмфизем, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин нутгийн иргэдийн дунд маш хурдан өсөв. Улмаар 1972 онд хоёр хувийн хүхрийн нэгдлүүд хотын дээр цагаан өнгийн утаат манан тогтоох хэмжээнд хүрсэн ч төрийн зүгээс шийдвэртэй алхам хийхгүй л байв. Японы агаарын бохирдлын улмаас үүдсэн дөрвөн гол өвчний нэг болох Ёккайчи багтраа хэмээн нэрлэгдэж үлдсэн хүхрийн хийн хордлогод өртсөн иргэд эсэргүүцэн тэмцэж, шүүхэд хандсан үйл ажиллагаа арав гаруй жилийн турш үргэлжилсэн гашуун түүх бий. Тэмцлийн үр дүнд утааг хоргүйжүүлэх арга хэмжээ авснаар иргэдийн эрүүл мэнд сайжирсан аж. 2008 онд эрдэмтдийн хийсэн судалгаанд Ёккайчигийн хүхрийн хийн улмаас астма өвчнөөр нас баралтын түвшин 10-20 дахин нэмэгдсэн тухай дурдсан байдаг. 50 жилийн тэртээ хүхрийн хийн хордлогод нийтээрээ автсан Японы Ёккайчи мужийн эмгэнэлт түүх өнөөгийн Улаанбатарт давтагдах магадлал тун өндөр болоод буй нь эрхгүй айдас төрүүлнэ. 

Харагдах утаа багассан ч хүхэрлэг хийн хэмжээ тасралтгүй өсөж байна 
Улаанбаатарын утаа буурч, өглөө оройд өмнөх зам харагддаггүй байсан гамшиг ариллаа. Харин гэр хорооллын зарим иргэд үе үе хуванцар, эсвэл газ шиг үнэр үнэртэж, толгой өвддөг тухай гомдоллож, салж өгдөггүй ханиадны талаар хатаж хуурайшдаг хоолойгоо засан байж ярьсаар. Шалтгааныг нь тогтоохоор ажиллаж буй эрдэмтдийн судалгааны эхний үр дүн дор хаяж жилийн дараа гарна, цаашлаад 3-5 жил “нухаж байж” бодитой дүгнэлт гаргана гэсэн хүлээлттэй байна. Өнөөдөр харагдах утаа буурсан ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ нэмэгдсэнийг Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас долоо хоног бүр гаргадаг агаарын чанарын тайлангаас харж болно. Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд PM 2.5 тоосонцрын стандартаас давсан тохиолдол 75 хувиар буурсан бол хүхэрлэг хий 65 хувиар өсжээ. Агаар бохирдуулагч тоосонцор эрс багассан хэдий ч агаарын чанарын стандартаас 2.8 дахин их, харин хүхэрлэг хий энэ стандартаас бүр 6.6 дахин их байгааг уг тайланд дурджээ. Улаанбаатар хотын 12 байршил дахь олон улсын сүлжээнд хол-богдсон хэмжигч багаж ийнхүү үнэнийг мэдээлсээр байгаа ч мэр гэжлийн болон төрийн байгуул лагынхан шахмал түлш-тэй холбоогүй, хүний эрүүл мэндэд нөлөөгүй гэж зүтгэсээр байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 21-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр нийс лэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек “Нарийн ширхэгт тоосонцор PM 2.5 бол галлагаанаас үүдэлтэй, хүхэр нь түлшний найрлагаас хамааралтай. Галлагаа хийгээгүй зуны нөхцөлд ч хүхрийн хий 2018 оныхтой харьцуулахад 2-3 дахин их байгаа юм. Энэ хэв шинж өвлийн улиралд давтагдаж байгаа тул автомашины утаа, чанар муу бензин түлштэй холбоотой гэж бид үзэж байна. Хүхрийн давхар исэл өссөн шалтгаан нь шахмал түлштэй ямар ч холбоогүй” гэж тайлбарласан. Түүнчлэн, “Хүхэрлэг хийн хэмжээ нэг шоо метрт 46 мкг байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13 нэгжээр илүү” гэж нүүрний ч хувиралгүй “залж орхив”. Тухайн өдрийн өмнөх долоо хоногт хүхэрлэг хий 46 мкг/м3 биш, 329 мкг/м3 (хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их) байсан. Харамсалтай нь эдгээр тоо Агаарын бохирдолтой тэмцэх газрынханд стандартаас бага, хүний эрүүл мэндэд аюулгүй гэж уншигддаг аж. Мөн зуны улиралд ноднин 30 мкг/м3 байсан хүхэрлэг хий энэ зун 41 мкг/м3 болсныг “хоёр дахин их” гэж хөөсрүүлэх ямар хэрэг байв…Хир халдаахгүй хамгаалахын оронд шахмал түлшний үйлд-вэр лэлд хяналт тавьж, стандарт мөр дүүлсэн тайлангаа тавибал дээрсэн.

Зөвлөх инженерийн батлуулсан стандартыг мөрдөхгүй байна гэв 
Х.Галымбек даргын үгэнд нэг үнэн байсан нь хүхэрлэг хий нь түлшний найрлагаас хамаардаг гэх ойлголт. Тавантолгойн коксжих нүүрс өмнө нь хэрэглэдэг байсан хүрэн нүүрснээс хүхрийн агууламж өндөр. Тиймээс шохой болон цементийн эрдсүүд нэмэх ёстойг “Тавантолгой түлш” ХХК-ийн зөвлөх инженер, доктор, профессор Г.Бадамхатан онцолж байсан. Тэрбээр манай сонины есдүгээр сарын 10-ны дугаарт өгсөн ярилцлагадаа “Сайжруулсан шахмал түлшний 95 хувийг милдинг буюу Ухаахудагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс эзэлдэг. Үүнийгээ 0.5 мм хүртэл нунтаглаад шахмал түлш болгодог юм. Нунтаг нүүрсэн дээр 3-4 төрлийн бодис нэмдэг. Барьцалдуулагч SB-1 хэмээх шаргал өнгөтэй бодис, шаталтыг дэмжиж, тортог багас гадаг БНСУ-аас оруулж ирсэн Soot free гэх шингэн, мөн хүхрийн агууламжийг бууруулах зорилготой эх орны шохой, цементийн эрдсийн нэмэлтүүд хийдэг. Яг хэдэн хувиар хийх нь компанийн эзэмшдэг техно логитой холбоотой тул тодорхой хэлж болохгүй байна” хэмээсэн юм. Тэгвэл аравдугаар сарын сүүлээр MNB телевизийн “Монгол инженер” нэвтрүүлгийнхэн түлш хэрхэн хийдгийг үйлд-вэрээс нь сурвалжлахад зөвлөхийн хэлсэн найрлага тэс өөр болсон байлаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Э.Тулга сайжруулсан шахмал түлш хийх явцыг тайлбарлахдаа, “Манайх эцсийн бүтээгдэхүүн хийдэг найрлагадаа зөвхөн цавуу, ус хийж байгаа. Үндсэн тэжээл Тавантолгойгоос ирдэг. Түүнийгээ бутлаад тодорхой хэмжээний ширхэглэгт оруулаад цуглуулах пункерт хийдэг юм. Пункерээс гарч ирэх үед шнекээс цавуу унаж ирнэ. Энэ найрлага холигч руу ороход ус хийдэг. Цавуу, үндсэн тэжээл нь усаар зуурагдаад хэвлэгч рүү орж, шахмал түлш гарч ирж байгаа юм” гэсэн юм. Олон удаагийн туршилт, Азийн орнуудын лабораториор шинжлүүлж байж яамны зөвлөлөөр батлуулсан шахмал түлшний стандартыг ёсчлон мөрдөж чадаж байна уу гэдэгт хэн хяналт тавих вэ. Улсын нийт хүн амын талаас илүү нь амьдардаг хотын агаарын чанарт шууд нөлөөтэй түлш үйлдвэрлэж байгаа стратегийн үйлдвэр атлаа дэргэдээ лаборатори ч үгүй үйл ажиллагаагаа явуулсаар байх уу. Угаартсан хүнээ тоолж суухын оронд эдгээр асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хүхэрлэг хийн нөлөө шууд газар дээр нь үхүүлэхгүй ч хэдэн жилийн дараа амьсгалын замын архаг өвчтэй болгодог нь Япон зэрэг бусад орны туршлага, туулсан зовлонгоос нотлогдсоор байхад бид биеэр туршиж батлах гэж хүлээх нь хэр зохистой вэ. Өнөөдөр дөнгөж сургуульд орсон хүүхдээ ид өсөх насанд нь уушгины архаг өвчтэй нэгэн болгоод, мөрөөдлийг нь нураан эмнэлгийн орон дээр сахиж суухыг хэн хүсэх билээ. Дарга цэрэг, баян ядуу хэн ч бай нэг л агаараар амьсгалдаг. Шахмал түлшинд шохойгоо холино уу, өөр технолги туршина уу, хамаагүй, хорт бодисын хэмжээг бууруулахад анхаарлаа хандуулаач гэж дахин сануулъя

Эх сурвалж : Засгийн газрын мэдээ сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ