MMA 2019: BTS хамтлаг хамгийн нэр хүндтэй 4 шагналыг зэрэг хүртлээ

2019 оныг үдэх үе ирэхтэй зэрэгцэн оны сүүлийн шагнал гардуулах ёслолууд ар араасаа цуварсаар байна. 

Үзэгч сонсогчдын санал хураалтаар шийдвэрлэгддэг Америкийн хамгийн том хөгжмийн шагнал гардуулах ёслол "AMA" саяхан болоод өнгөрсөн бол дөнгөж өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны ням гарагт Өмнөд Солонгосын хөгжмийн шагнал гардуулах "MMA" буюу "Melon Music Awards" болж өнгөрлөө. Ингээд та бүхэнд энэхүү ёслолын ялагчид болон онцлох үзүүлбэрүүдийг багцлан хүргэж байна. 

Өмнөх жилүүдээс ялгаатай нь харьцангуй цөөн тооны уран бүтээлчид оролцсон явдал байлаа. Үзэгчид EXO, Blackpink, Monsta X, Red Velvet, Seventeen, GFRIEND, WINNER, iKON, G-IDLE зэрэг уран бүтээлчид уг ёслолд оролцоогүйд урам хугарсан гэдгээ илэрхийлээд амжсан. Жилийн эцэст болдог "MAMA", "MMA" зэрэг шагнал гардуулах ёслолуудын тайз засалт, зохион байгуулалт, дамжуулалт зэрэг нь үргэлж сүрлэг байдгаас гадна оролцож буй уран бүтээлчид бүтэн жилийн турш, зарим нь бүр карьерынхаа хамгийн шилдгийн шилдэг гэсэн бүтээлүүдээ онцолдог тул тэдний урам хугарах нь аргагүй биз ээ.

Гэсэн хэдий ч энэ орой хүрэлцэн ирсэн уран бүтээлчид өөрсдөдөө байгаа бүхий л хүчин чармайлтыг гаргаж, онцгой үзүүлбэрүүдээрээ үзэгчдэдээ гайхалтай бэлгийг барьж чаджээ. 

1. Энэ жилийн "MMA-2019" ёслолыг The Boyz хамтлаг "D.D.D" дуугаараа нээсэн. Уг хамтлаг нь анх 2017 оны аравдугаар сарын 22-нд 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дебют хийж байсан билээ. Хамтлагийн гишүүд цагаан хослолоор жигдэрсэн байсан нь тайзыг илүү цэвэрхэн бөгөөд гэгээлэг харагдуулж байлаа. Тэд "1theK Performance Award" шагналыг хүртсэн байна. 

THE BOYZ- BOYS IN WONDERLAND

2. Үүний дараа дуучин Heize Giriboy-той хамтран “Falling Leaves Are Beautiful” болон “We Don’t Talk Together” зэрэг дуугаа дуулсан. Дуучин Heize өвөрмөц, намуухан хоолойгоороо алдартай бөгөөд 2014 онд уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан билээ.

Харин 2015 онд “Unpretty Rapstar” гэх реп нэвтрүүлэгт орсны дараагаас олны анхаарлыг илүү татаж эхэлсэн аж. Тэрээр уг нэвтрүүлгийн хагас финалд EXO хамтлагийн Chanyeol-тай хамтран “Don’t Make Money” дуугаа сонсогчдодоо хүргэж байсан юм.

Харин энэ жилийн MMA-д дуулсан хоёр уран бүтээлийн хувьд гэвэл “Falling Leaves Are Beautiful” дууныхаа клипний зураг авалтыг Монголд хийсэн гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Та одоог хүртэл энэ талаар дуулаагүй яваа бол ЭНД дарж мэдээлэл аваарай. Харин “We Don’t Talk Together” дууг нь ‘BTS’ хамтлагийн реппер, продюсер Suga зохиосон аж. Үзэсгэлэнт дуучин маань энэ орой “ТОП 10” болон “Шилдэг R&B Соул Дуу” шагналууд хүртжээ. 

HEIZE&GIRIBOY 

. 3 N.Flying хамтлаг ёслолын гурав дахь үзүүлбэрийг үзүүллээ. Тэд анх 2010 онд Япон улсад “Basket" дуугаараа урлагийн гараагаа эхлүүлж байсан бол Солонгос улсад 2015 оны тавдугаар сарын 20-нд “Awesome” нэртэй дуугаараа дебют хийсэн байдаг. Амьд хөгжим болон гайхалтай хоолойн хослолыг мэдрүүлсэн үзүүлбэрээрээ сонсогчдодоо бэлэг барьсан энэхүү хамтлаг "MMA-2019" ёслолд “Rooftop”, “Goodnight” зэрэг дуунуудаа дуулжээ. Мөн энэ жил “Шилдэг Рок Дуу” төрөлд “Rooftop” дуугаараа ялалт байгуулсан аж.

N. FLYING - THE MUSIC FOR TOMORROW


 4 Үүний дараа энэ оны тавдугаар сарын 22-нд урлагийн гараагаа эхлүүлсэн AB6ix хамтлаг өөрсдийн “Breathe”, “Blind For Love” дуунуудаа хүргэжээ. Тухайн хамтлагийн гишүүн болох Lee Dae Hwi, Park Woo Jin нар нь “Wanna One” хамтлагт байсан. Харин Park Woo Jin энэхүү ёслолд оролцоогүй ч үлдсэн дөрвөн гишүүн нь үзүүлбэрээ гайхалтай сайн тавьсан. Улмаар тэд “Hot Trend Award” шагналыг  хүртжээ.

AB6IX - LOVE IS BLINDNESS

5. Тэдний араас ахин нэг "roockie" хамтлаг буюу энэ оны гуравдугаар сарын 4-д дебютээ хийсэн шинэхэн хамтлаг үзүүлбэрээ үзүүлсэн нь ТXТ байлаа. Тэд “Bighit” энтертайнмент буюу "BTS" хамтлагийн харьяалагддаг энтертайнментад хамаардаг бөгөөд "BTS"-н араас гарч ирсэн анхны эрэгтэй хамтлаг тул шүтэн бишрэгчид нь хүлээлт өндөртэй байдаг билээ. Энэ орой ч тэд үзэгчдийн урмыг хугалаагүй бөгөөд үзүүлбэрийнхээ эхэнд усан дотор шумбаж буй мэт бүжгээрээ олныг алмайруулаад зогсохгүй, “яг л үлгэр уншиж буй мэт” мэдрэмж төрүүлсэн үзүүлбэр үзүүлжээ. Тэд “New Rules”, “9 and Three Quarters: Run Away” дуунуудаа үзэгчдэд хүргэсэн бөгөөд “Шилдэг Шинэ Эрэгтэй Хамтлаг” шагналын  эзэн болжээ. 

TXT - SCHOOL OF MAGIC

6. MAMAMOO хамтлагийн үзүүлбэр энэ оройн хамгийн их хүлээлт үүсгэсэн үзүүлбэрүүдийн нэг байлаа. Хамтлагийн гишүүн Hwasa нь энэ жил өөрийн соло уран бүтээлээ гаргасан бөгөөд хамтлагийнхаа үзүүлбэрийг өөрийн "Twit" дуугаараа нээсэн.

Hwasa Солонгосын хамгийн "хүчирхэг" төрхтэй, халуухан эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Түүний "Twit" уран бүтээлийн дараа хамтлаг нь "Gogobebe" дуугаа дуулжээ. 

Гишүүн тус бүр өөр өөр өнгийн шилэн хайрцаг дотор зогсож, гэрэл унтрахтай зэрэгцэн цав цагаан хувцаснуудаа неон өнгөөр будаж орхисон нь тайзны өвөрмөц зохион байгуулалтыг нь улам бүр тодруулж байв. Тэд амьдаараа дуулах чадвараараа Солонгосын охидын хамтлагууд дунд дээгүүр жагсдаг.

Мөн энэ жил "MAMA"-с зохион байгуулдаг “Queendom” нэвтрүүлэгт оролцож, G-IDLE, Park Bom, Lovelyz, AOA, Oh My Girl зэрэг уран бүтээлчидтэй өрсөлдөж ялалт байгуулсан байдаг. Тэдний энэхүү үзүүлбэр нь хангалттай чанартай байсан ч ёслолыг зохион байгуулагчдын зүгээс үзүүлбэр үзүүлэх хугацааг нь багасгаж, зарим хэсгийг нь хасан шударга бус хандсан хэмээн шүтэн бишрэгчид нь гомдолтой байгаа билээ.  

MAMAMOO - NEON IN THE BLACK

7. "JYP" энтертайнментаас энэ жилийн хоёрдугаар сард 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр төрөн гарсан ITZY хамтлаг “Want It”, “Dalla Dalla”, “ICY” дуунуудаа дуулсан. Тус хамтлагийн хамгийн залуу гишүүн Yuna ердөө л 16 настай бөгөөд хамгийн ахмад гишүүн болох Yeji нь 19 настай билээ. Ийм залуугаасаа хөгжмийн гараагаа эхлүүлсэн ч тэд жил хүрэхгүй хугацаанд хангалттай амжилт гаргаад байгаа юм. Уг үзүүлбэрийн хувьд “Бусад хүмүүс юу ч гэж хэлсэн би бол би”, “Би ингэж л төрсөн” гэх үгээр үзүүлбэрээ эхлүүлсэн бөгөөд алтлаг өнгийн хувцас, амьд хөгжмийн үзүүлбэр нь энэ оройг чимж байлаа. Тэд “Шилдэг Шинэ Эмэгтэй Хамтлаг” шагналыг хүртжээ.

ITZY: THE WAY I AM

8. Төгөлдөр хуурын намуухан аялгуу, сонсоод л тайвшрам уянгалаг хоолойгоороо "MMA 2019" ёслолын тайзыг чимсэн хамтлаг бол гарцаагүй Jannabi байлаа. Инди-рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг уг хамтлаг нь анх 2012 онд байгуулагдаж байсан бөгөөд 2014 онд “Rocket” нэртэй дуугаараа дебют хийж байжээ. Энэ оны тавдугаар сард хамтлагийн гишүүн Yoo Young Hyun хамтлагаа орхисны дараагаа дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвисаар байна. 

JANNABI - GOOD GOOD NIGHT

9. Үүний дараа 2017 онд WannaOne хамтлагтай уран бүтээлээ гараагаа эхлүүлж байсан дуучин Кан Даниел “What Are You Up To” болон “Touchin” дуунуудаа дууллаа. Тэрээр өөрийн соло дебютээ энэ оны долдугаар сарын 25-нд хийсэн. WannaOne хамтлаг тарсны дараагаар түүнийг “LM” энтертайнментад нэгдэх цуу яриа гараад байсан боловч гэрээний асуудлаас үүдэн уг энтертайнментад нэгдэлгүйгээр өөрийн “Konnect” энтертайнментаа байгуулсан юм.

Мөн тэрээр Twice хамтлагийн гишүүн Jihyo-тай үерхдэг бөгөөд энэ оны наймдугаар сард харилцаагаа албан ёсоор зарласан билээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг “Бие даасан уран бүтээлч” хэмээн нэрийдэх дуртай бөгөөд ийм залуудаа өөрийн энтертайнментаа байгуулан амжилттай яваа нь бахархууштай хэрэг юм. 

KANG DANIEL: TOUCH MY COLOR

10. I.O.I хамтлаг тарснаас хойш хамгийн амжилттай яваа гишүүдийн нэг, Солонгосын хүчирхэг эмэгтэй соло дуучдын тод жишээ болсон Chungha энэ орой ч бас үүнийгээ батлан харууллаа. 2017 оны долдугаар сард анх соло дуучны гараагаа эхлүүлсэн залуу дуучин маань “Gotta Go”, “Snapping” дуунуудаа дуулсан бөгөөд тайз засалт нь энэ оройн онцлох тайз засалтуудын нэг байлаа. Тэрээр дуу дуулахаас гадна дуу зохиох, бүжиг дэглэх авьяастай.  "MAMA"-аас зохион байгуулсан “Produce 101” нэвтрүүлгээс хойш өөрийн гайхалтай бүжиглэх чадвараа харуулсаар ирсэн юм.

Харин энэ оройн үзүүлбэртээ хүн бүрийн дотор тэрсэлдэж байдаг “сайн”, “муу” талуудыг онцолсон бөгөөд “Амьдрах нь сайн муугийн аль нэгийг сонгох биш, зэрэгцэн орших чадвар юм” хэмээсэн байна. Тэр энэ жилийн MMA-гаас “Шилдэг Эмэгтэй Бүжиг” шагналыг хүртжээ.

KIM CHUNGHA - CO-EXISTING

11. "MMA - 2018" ёслолд Солонгос улсын ёс заншил, ардын урлагийг орчин үеийнхтэй маш чадварлагаар хослуулан хүн бүрийн гайхшралыг төрүүлж чадсан BTS хамтлаг энэхүү ёслолын хаалтыг хийсэн бөгөөд өмнө жилийнхээ үзүүлбэрийг давж чадах эсэхийг нь хүн бүр л амьсгаа даран хүлээж байсан. Тэгвэл гишүүн бүрийн онцлогийг тодотгосон, сүрлэг тайзны засалт, төгс хөгжмийн найруулгыг харуулж чадсан энэ жилийн үзүүлбэр нь үзэгчдийн хүлээлтийг давж чадсан шүү.

Хамтлагийн ахлагч Ким Намжүн үзүүлбэрийг нээж “Map Of the Soul: Persona” дуугаа хүргэсэн бөгөөд үүний дараа 2014 онд олны хүртээл болсон “Boy In Luv” дуугаа энэ жил гаргасан “Boy With Luv” дуутайгаа хослуулан дууллаа.

Харин үүний дараа “Би анх тодоор гэрэлтээгүй ч, гэрэлтэхийн төлөө чадлаараа хичээх хэрэгтэйг мэддэг байсан. Гэвч бид нэгнээ олж, бидний ертөнц мэндэлсэн. Харин одоо нэг нэгнээ гэрэлтүүлцгээе” хэмээгээд фенүүддээ зориулсан “Mikrokosmos” дуугаа хүргэсэн юм. Уг үзүүлбэрийнхээ дунд орон орны хэлээр “Би Чамд Хайртай” гэх үгийг бичсэн байсан ба үүний дунд монгол хэлээр ч мөн оруулсан байсан нь сэтгэл хөдөлгөм байлаа. 

Улмаар гишүүн бүр хамтлагийнхаа үе үеийн дуун дээр өөрсдийн үзүүлбэрийг үзүүлсэн. Гишүүн бүр гал, ус, хатуу ширүүн, уян зөөлөн гээд тэс өөр мэдрэмжүүдийг өгч байсныг дурдах нь зүйтэй биз ээ.

Эцэст нь тэд энэхүү ёслолыг хаан “Dionysus” дуугаа хүргэсэн юм. Эртний Грекийг санагдуулам тайзны засалт, үзүүлбэрийн эхэнд тайзан дээр хөтлөн гаргасан морьд гээд энэ жилийн үзүүлбэртээ гаргасан бүхий л хүч хөдөлмөр, бүтээлч байдал нь тэдний амжилтыг ахин нэг удаа баталлаа. 

Үүнээс гадна гишүүн бүрийн үзүүлбэрийн дараа гэрэлтсэн гэрлүүд нийлээд “Northern Crown” гэх одыг үүсгэсэн бөгөөд энэ нь Грекийн домогт Dionysus-ийн Ariadne-д хуримын бэлэг болгон өгсөн титмийг бэлгэддэг бөгөөд Ariadne-г насан эцэслэхэд титэм нь сүнстэй нь хамт тэнгэрт очин, энэхүү одыг үүсгэсэн түүхтэй. 

Ийнхүү тэд үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа уг ёслолын хамгийн хүндтэй шагналууд болох Дэсан хэмээх “Оны Шилдэг Албум”, “Оны Шилдэг Рекорд”, “Оны Шилдэг Дуу”, ”Оны Шилдэг Уран Бүтээлч” шагналуудын эзэн тодорсон бөгөөд түүхэндээ анх удаа эдгээр 4 шагналыг нэг уран бүтээлч нэгэн зэрэг хүртсэн нь BTS байв. 

BTS - MAP OF THE SOUL: THE SHOW

Шагнал авсан уран бүтээлчдийн жагсаалт:

ТОП 10 Уран Бүтээлч:

1. BTS
2. Jannabi
3. EXO
4. Bolbbalgan4
5. Jang Beom June
6. Girls’ Generation’s Taeyeon
7. Chungha
8. MC the Max
9. Mamamoo
10. Heize

Оны шилдэг шинэ эмэгтэй уран бүтээлч:

- ITZY

Оны шилдэг шинэ эрэгтэй уран бүтээлч: 

- TXT

[Дэсан] Оны шилдэг рекорд:

- BTS - Map of the Soul: Persona

[Дэсан] Оны шилдэг дуу: 

- BTS - Boy With Luv

[Дэсан] Оны шилдэг албум: 

- BTS - Map of the Soul: Persona

[Дэсан] Оны шилдэг уран бүтээлч: 

- BTS

Нетинзенчүүдийн дуртай  уран бүтээлч:

- BTS

Шилдэг поп:

- Billie Eilish – “Bad Guy”

Шилдэг бүжиг – Эрэгтэй:

- BTS - Boy with Luv

Шилдэг бүжиг – Эмэгтэй:

- Chungha - Gotta Go

Шилдэг OST:

- Gummy - Remember Me

Шилдэг music video:

- Kang Daniel - What are you up to

Шилдэг тайзны үзүүлбэр

- SEVENTEEN

Шилдэг баллад:

- Taeyeon / Girls’ Generation/

Шилдэг трот:

- Hong Jin Young

Шилдэг инди:

- Melomance

Шилдэг Реп/Хип Хоп:

- Epik High

Шилдэг дуу зохиогч:

- Pdogg

Какао Hot Star:

- BTS

Hot Trend:

- AB6IX

1theK шилдэг шзүүлбэр:

- THE BOYZ

Шилдэг рок:

- N.Flying

Шилдэг R&B/Soul:

- Heize

Ингээд удалгүй болох "MAMA", болон "SMA" шагнал гардуулах ёслолын тоймоор уулзацгаая.

Сэтгүүлч Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN


СЭТГЭГДЭЛ БИЧИХ