Евразийн хооронд хийж буй тээврийг Монголоор дамжуулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайдын урилгаар өнгөрсөн долоо хоногт тус улсад айлчлан, жил бүр зохион байгуулдаг “Тээврийн долоо хоног 2019” чуулга уулзалтад оролцов. Энэ үеэр зохион байгуулсан “Тээвэр Евразийн интеграцчлалын үндэс” сэдэвт нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлдээ Б.Энх-Амгалан Ази, Европыг холбосон хамгийн дөт авто, төмөр зам Монголоор дамжин өнгөрдгийг онцлоод, ОХУ, БНХАУ болон Ази, Европын худалдааны эргэлт жил ирэх бүр нэмэгдэж буйтай холбоотойгоор Монгол Улс газар зүйн байршлынхаа давуу талыг ашиглан хоёр хөршийн төдийгүй бүс нутаг, Евразийн хооронд хийж байгаа тээврийг өөрийн улсаар дамжуулах, бүс нутгийн тээвэр ложистикийн системд идэвхтэй холбогдон, хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв. 

    Түүнчлэн манай улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачилгатай харилцан уялдаатай хөгжүүлэн, тээврийн нэгдсэн сүлжээ бий болгох, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцоллоо. Монгол Улс нь Евразийн тээврийн сүлжээний салшгүй хэсэг, идэвхтэй, санаачилгатай, сайн түнш байж болохыг ч тэмдэглэсэн байна. Тэгвэл ОХУ-ын Тээврийн сайд Евразийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал ач холбогдолтойг дурджээ. Дээрх чуулганы үеэр тээврийн салбарын тоон систем, цахим шилжилт, бүс нутгийн төмөр зам, авто зам, авто тээвэр, усан замын болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ