Хавдар бол удирдлага, зохион байгуулалттай тогтолцоо учраас хамтын хүчээр хавсран эмчлэх ёстой

    ХСҮТ-ийн эмч, ажилтнууд өнгөрсөн долоо хоногт үндсэн ажлынхаа хажуугаар олон арга хэмжээ зохион байгуулж, ёстой л “буцалж” байлаа. “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2019” судлаач эмч нарын 14 дэх удаагийн чуулга уулзалтын хүрээнд таван өдрийн турш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулсан нь энэ юм.

    Монгол Улсад хавдрын тусламж, үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрчимтэй хөгжүүлэх үндэс суурийг тавьсан судлаач, эрдэмтэн, Гавьяат эмч Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2019” хурлыг түүний нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлогтойг ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, сургалт, мэдээллийн албаны олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Энхээ дурдав. Тэрбээр “Хавдрын эмнэлгийн өнөөдрийн амжилт, хөгжил эрдэмтэн Н.Нямдаваа хэмээх эрхэм хүнтэй салшгүй холбоотой. Тийм ч учраас ХСҮТ 2009 оноос энэ хүнээр овоглох болсон. 1980-1998 онд            Цацраг туяа эмнэлгийг хавдрын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын бааз бүхий төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээтэй, орчин үеийн төв болтол нь удирдан зохион байгуулсан энэ хүний мэндэлсний 80 жилийн ойд зориулан өнгөрсөн пүрэв гарагт хөшөөнд нь цэцэг өргөлөө. Үүнд Н.Нямдаваа агсны гэр бүлийнхэн болон түүний хүү, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогт-Очир, ХСҮТ-ийн удирдлага, манай ахмадууд, эмч, ажилтнууд, шавь нар нь оролцсон6

    Энэ жилийн хурлыг Н.Нямдаваагийн нэрэмжит болгосноос гадна гэр бүл, үр хүүхдүүдийнх нь санаачилсан нэрэмжит шагналыг анх удаа шилдэг нэг эмчид олгох болсноороо онцлогтой.

    ХСҮТ жил бүр “Хавдар судлалын тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийдэг бөгөөд сүүлийн онуудад үүнийхээ хүрээнд мэргэжлийн олон ажил зохион байгуулж илүү өргөн хүрээг хамрах болсон. Энэ удаагийнх таван өдрийн хөтөлбөртэй. Өнгөрсөн даваагаас лхагва гарагт “Хавдрын бүртгэл, программ хангамж” сэдэвт сургалт болсон. Хавдрын бүртгэл, мэдээлэл бол тусламж, үйлчилгээг хэчнээн хүнд хүргэв, эл өвчлөлийн хамрах хүрээ, аль үедээ, ямар тохиолдолд илэрч байна, хаана ямар төрлийн хавдар зонхилж байгаа зэргийн нотолгоо, суурь нь болдог чухал зүйл. Эргэн дуудах тогтолцооны программ хангамжийн бүртгэл, мэдээллийг бэхжүүлэх, чанаржуулахад аймаг, дүүргийн хавдар бүртгэгчийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх нь чухал. Энэ зорилгоор 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хавдар бүртгэгч нарыг хамруулан гурван өдөр сургалт явууллаа. Хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаныхан сургалтын явцад гарсан санал, хүсэлтийг нэгтгэн шийдвэрлэх талаар ЭМЯ болон холбогдох газруудтай хамтран ажиллах юм.

    Энэ удаагийн хоёр дахь том ажил бол “Хавдрын өвдөлтийн менежмент ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” онол, практикийн сургалт байсан. Нийслэл дэх төрийн болон хувийн эмнэлэг, хосписуудын хавдар судлаач эмч нар, өрхийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийг хамруулсан. Үүнээс гадна орчин үед өвдөлт намдаах ямар аргууд бий болсныг Япон, Канад, Австралиас ирсэн мэргэжилтнүүд мэдээлж, зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцлаа. Ер нь иргэд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний талаар мэдлэг, мэдээлэл бага байна. Хэдийгээр хавдрын сүүлчийн шатанд орсон ч тухайн өвчтөний өвдөлт, зовиурыг багасгаж, хөнгөвчлөх зорилгоор мэс засал, туяа болон хими эмчилгээ хийдэг. Уг сургалтаар хавдартай өвчтөн болон тэдний гэр бүлийнхий сэтгэл зүйн талаар зөвлөгөө өгч, харилцан санал солилцсон.

    “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2019” 14 дэх удаагийн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан гурав дахь том ажил нь умайн хүзүүний хорт хавдрын оношилгоо, үйлчилгээний удирдамжийг зөвлөлдөж, ярилцлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ХСҮТ энэ талаар ЭМЯ, ДЭМБ-тай хамтран ажиллаж байна. 2020 оноос эл удирдамж бүрэн утга, агуулгаараа үндэсний хэмжээнд хэрэгжиж эхэлнэ. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн ажлыг анх 2005 онд Мянганы сорилтын сангийн хүрээнд эхэлсэн нь том дэвшил байлаа. Манай улсад энэ төрлийн хорт хавдрын 50 хувь нь эрт үедээ илэрсэн статистик бий. Энэ бол бидний хувьд том амжилт. Өдгөө үүнийгээ 80, 90 хувьд хүргэх том зорилготой ажиллаж байна. Бусад хавдрын хувьд эрт илрүүлгийн хувь нь 10 хүртэл байна” гэж танилцууллаа.

    ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНД АСАР ИХ ДЭВШИЛ ГАРЧ БАЙНА

Өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 21- нд “Чингис” зочид буудалд зохион байгуулсан “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2019” чуулга уулзалтыг сурвалжиллаа. Уг арга хэмжээнд орон нутаг болон нийслэлийн эмнэлгүүдийн хавдар судлаач эмч, бүртгэгч нар, олон улсын, хувийн байгууллагуудын мэргэжилтэн, төлөөлөл, төрийн түшээд гэхчлэн 200 гаруй хүн оролцов. Эхний том үйл ажиллагаа нь “Н.Нямдаваа” сангаас зохион байгуулсан, эрдэмтэн Н.Нямдаваагийн нэрэмжит шагнал гардуулах ёслол байлаа. Монголын хорт хавдар судлалын салбарын хувьд энэ шагнал анхных гэдгээрээ онцлог юм.


Энэхүү хүндтэй шагналын эзнээр тодорсон ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, доктор, профессор Я.Эрдэнэ-Очиртой цөөхөн хором ярилцлаа.

-Монголын хавдар судлалын салбарт ийм шагнал бий болсон нь том үйл явдал. Нэр хүндтэй шагналын анхны эзэн нь та болсноос гадна хуралд лекц унших эрх авсан шүү дээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Ёстой гэнэтийн зүйл боллоо. Багшийнхаа нэрэмжит шагналыг анх авсандаа тун их баярлаж байна. Хавдар судлалын албыг хөгжүүлэхэд, залгамж халаагаа бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулсан зэрэг тав, зургаан шалгуураар сонголт хийсэн гэсэн. 1989 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөөд, Хавдрын эмнэлэгт томилогдон очиход багш маань захирлаар нь ажиллаж байсан. Бид 20-иод жил хамтран ажиллаж, хагалгаанд орсон. Багшаасаа сурсан зүйл маш их. Эл шагнал хүртсэн хүнд хүндэтгэлийн лекц унших завшаан тохиодог юм байна. Тэр дагуу хийлээ, баяртай байна. Багш минь бурхан болоод 10 гаруй жил болжээ. Энэ хугацаанд үйл хэргийг нь үргэлжлүүлж, хичээж явна.

-Н.Нямдаваа гэж ямар эмч, ямар хүн байсан талаар цөөхөн үгээр илэрхийлнэ үү?

-Багш минь Монголд энэ салбарын суурийг тавьж, хөгжүүлж, өвлүүлсэн гавьяатай, мэдлэгтэй, мэдрэмжтэй эмч байлаа. Нөгөө талаасаа дотнын хамтрагч, зөвлөгч, найз. Үүнээс гадна мэргэжлийн минь эцэг юм.

“Хавдар судлалын тулгамдсан асуудал-2019” хуралд ХСҮТ-ийн ерөнхий захирал, доктор Ж.Чинбүрэн, Японы эрдэмтэн Шигеки Ямагучи, Масахиро Юмеда, Кеншү Ширакава нарын олон эрдэмтэн үндсэн илтгэл танилцуулсан юм. Тэдгээрт дэлхий нийт хорт хавдрын эмчилгээнд асар их дэвшил гаргаж байгааг тодорхой жишээ, баримтаар дурдав. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан хорт хавдрыг ялах цаг ойрхон байгаа гэсэн гэгээтэй мэдээллүүдийг эндээс сонсож, энэ талаар түгээхэд таатай байна. Жишээ нь, манайд хавдрыг авахын тулд бусад эд, эрхтнийг нь хамтад нь тайрах, гэмтээх тохиолдол өнөөдөр үгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хавдартай тухайн эрхтнийг хэвийн үлдээж, хадгалдаг дэвшил хэдийн бий болсон. Түүнчлэн хорт хавдрыг мэс засал, туяа, хими гэсэн үндсэн гурваас гадна бай болон дархлаа эмчилгээтэй хавсран хийснээр илүү үр дүнд хүрч байгааг илтгэлүүдэд дурдаж байлаа. Доктор Ж.Чинбүрэн “Энгийнээр харахад хорт хавдар нь замбараагүй олшрон ургаж байгаа эсийн бөөгнөрөл мэт боловч үнэндээ бол маш олон төрлийн эсээс тогтсон, өөрийн гэсэн удирдлага, зохицуулалттай бүхэл бүтэн систем юм. Түүний эсүүд ч хоорондоо нарийн уялдаатай систем юм. Тиймээс хавдрыг зөвхөн эмнэл зүй (морфологи)-н аргаар оношилж, энэ өнцгөөс ярьж болохгүй болжээ” хэмээгээд хавдрыг үүсгэж, удирдаж байгаа генийн хувьсал (мутаци)-ыг үзүүлэн дээр тайлбарласан нь тун сонирхолтой байлаа. Ж.Чинбүрэн эмч уушгины хорт хавдрын нэг тохиолдлыг тайлбарласнаас үзэхэд, эл хавдрын эс 140 төрлийн удирдлагаар “явж”, олширч, үсэрхийлжээ. Үүнээс үзэхэд, хавдар хэмээх өвчин ямар аймаар болох нь тодорхой. Тиймээс хавдрыг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлж амьдралын зөв хэвшлийг дадал болгох нь чухал гэдгийг ахин дахин хэлмээр байна.

Хавдар үүсгэж байгаа генийн хувьсал ийм олон төрөл байгаа учраас эмчилгээг илүү нарийн, оновчтой болгохын тулд хавсарсан эмчилгээ хийх, хавдар судлаач эмч нарын хамтарсан баг ажиллах ёстой гэдгийг тэрбээр онцлоод ХСҮТ энэ зарчмаар явж байгааг дуулгасан. Энэ мэтээр эрдэмтдийн илтгэлүүд сонирхолтой, ялангуяа энэ салбарынхандаа өгөөжтэй, мэдээлэлтэй байсныг хуралд оролцогчид дурдаж байв.


Энэ өдөр мөн ХСҮТ Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний дагуу тус аймагт хавдрын эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх боломж нээгдэж байна. Өөр нэг онцлох мэдээлэл гэвэл, эл арга хэмжээний үеэр Монголын хавдар судлаач эмч нарын нийгэмлэг “мэндэлсэн” явдал. Тус нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, хавдар судлаач Я.Замбалгарав “Би хавдар судлаач эмчээр 2007 оноос хойш, ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасагт 12 жил ажиллаж байна. Энэ чиглэлийн эмч манай улсад дутмаг байгаа. Мэргэжилтэн бэлтгэдэг боловч цааш нь хөгжүүлээд, дэмжээд явах систем нь сайнгүй байна, бодлого, санхүүгийн хувьд. Уг нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн эмнэлгүүдийн нэгж болгонд ийм мэргэжилтэн байх ёстой ч хүрэлцдэггүй. ХСҮТ энэ чиглэлээр мэргэшүүлэн, бэлтгэж байгаа ч хүрэлцэхгүй л байна. Тиймээс нэгдсэн бодлогоор явж, судлаач эмч нараа хөгжүүлэх, олон улсын мэргэжил нэгтнүүдээсээ суралцаж, туршлага солилцох зэрэг олон зорилгоор хавдар судлаач эмч нартайгаа зөвлөлдөөд ийм нийгэмлэг байгуулахаар шийдсэн. Өмнө нь байсан иймэрхүү байгууллага үйл ажиллагаа нь тодорхой бус, идэвхгүй байсаар сураг алдарсан. Энэ удаа “Хавдар судлалын тулгамдсан асуудал” хурал зохион байгуулах ажилд хамтран ажиллаж байна. Дараа дараагийн хурал, арга хэмжээнүүдэд ч зохион байгуулагчаар ажиллахаас гадна хавдар судлаач эмч нарынхаа судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлж, урамшуулах зэрэг олон ажил төлөвлөсөн” гэж ярилаа.

ЭМЧ НАР ИЛТГЭЛЭЭРЭЭ ӨРСӨЛДЛӨӨ

ДЭМБ санхүүгийн гол ивээн тэтгэгчээр нь ажилласан эл хурлын хүрээнд шилдэг илтгэл хэлэлцүүлэн, шалгаруулах арга хэмжээ болсон юм. ХСҮТ, АШУҮИС, орон нутгийн болон нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдийн эмч, судлаачид хамтран бүтээсэн илтгэлүүдийг шалгаруулах шүүгчийн зөвлөлд ХСҮТ-ийн удирдлага ажиллаж, Б.Амарбат эмчийн “Улаан хоолойн эрт үеийн хорт хавдар болон салстын доорх хавдрыг уян дурангийн аргаар хуулж авсан ажилбарын үр дүн” бүтээлийг тэргүүн байрт тодруулав. Ц.Бадамсүрэнгийн багийнхны “ХСҮТ-д бүртгэгдсэн метициллинд тэсвэртэй стафиллококк ауриусээр үүсгэгдсэн мэс заслын шархны халдварын тархвар зүй”, Ч.Сарантулга тэргүүтэй эмч нарын “Бөөр авах мэс засал эмчилгээний аргуудыг харьцуулан судалсан нь” илтгэл удаах хоёр байрт шалгарсан бол аман буюу постер илтгэлээр Г.Үнэнбат болон Я.Эрдэнэ-Очир эмчээр ахлуулсан хоёр багийнхан дэд, гутгаар байр эзлэв. Шалгаруулалтад ирүүлсэн илтгэл бүхэн онцлогтой, мэдээлэл, судалгаа сайн байсныг шүүгчийн зөвлөл онцолж байлаа.

Ташрамд дуулгахад, 14 дэх удаагийн хурлын хүрээнд хэвлэсэн “Жаргалан” сэтгүүлд ХСҮТ-ийн эмч нарын ярилцлагуудыг нийтэлжээ. Монголд эл өвчлөл яагаад буурахгүй байгаа, үүнд юу нөлөөлж байна гэхчлэн олон сэдвээр эмч нар өгөөжтэй сайхан ярьж, зөвлөгөө өгсөн байна. Жишээ нь, сүлжээний эм бэлдмэл хавдрын өвчлөлийг ихэсгэж, өвчтөний цаг хугацаанаас “хумсалж” байгааг Я.Эрдэнэ-Очир эмч шүүмжилсэн бол залуу эмч Ч.Бат-Оргил 40-өөс дэш насныхан жилд нэг удаа ходоодоо дурандуулах нь иргэний үүрэг гэж зөвлөжээ. Түүнчлэн ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Хавдар зөвхөн ХСҮТ-ийн асуудал биш гэдгийг нийтээрээ ойлгосон нь том дэвшил” гэсэн байна.

Эх сурвалж: Unuudur.mn сайт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ