ДЭМБ: Найроби хотоос ирсэн төлөөлөгчдөд Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны дагуу арга хэмжээ авсан
Кенийн нийслэл Найроби хотод арваннэгдүгээр сарын 11-14-нд НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулсан олон улсын хуралд оролцсон Монголын 19 төлөөлөгчийг ХӨСҮТ-д тусгаарлаад буй юм. Энэ хуралд Монголоос оролцсон 20 төлөөлөгчийн нэг нь холер өвчний халдвар авсан тул тус улсад эмнэлэгт хэвтээд үлдсэн хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. ДЭМБ-ынМонгол дахь төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяагаас холер өвчний талаар тодруулахад,
Холер өвчнийг ДЭМБ-аас 2017 онд шинэчлэгдсэн Олон улсын эрүүл мэндийн дүрэмд хурдан тархах аюултай, нийгэмд ноцтой хохирол учруулах өвчний жагсаалтад оруулсан. Энэ жагсаалтад шар чичиргэнэ, тарваган тахал, эбола, холери өвчин багтдаг. Тиймээс халдварын голомттой бүсэд ажиллаад ирсэн төлөөлөгчдөд Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны дагуу арга хэмжээ авсан. Энэ дүрмийг дэлхийн 193 орон дагаж мөрддөг.
-Холерийн халдвар хэрхэн дамждаг вэ?
-Холер нь ахуйн хавьтал, бохирлогдсон ус, хүнсээр дамжин тархдаг гэдэсний халдварт өвчин. Усан хангамж муу, ариун цэврийн нөхцөл муу, үер усны аюул гарсан нөхцөлд маш хурдан тархах аюултай. Монголын нэг төлөөлөгч холерийн халдвар авсан нь батлагдсан тул тухайн хүнтэй хамт байсан, нэг зочид буудалд байрласан, хоол идсэн хүмүүсийг тусгаарлах нь олон улсын дүрэм журмын дагуу хийж буй ажил. Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас гаргасан чиглэлийн дагуу арга хэмжээ авч байна. Тус улсад ажиллаад ирсэн 19 хүнээс шинжилгээ авсан. Халдварын шинж тэмдэг илрээгүй бол 72 цагийн дараа хөл хориог цуцлах ёстой.
-Найроби-д болсон хуралд оролцсон бусад орны төлөөлөгчдөөс холерийн халдвар авсан хүн бий юү?
-ДЭМБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийн шугамаар мэдээллээ солилцдог. Манай бүсэд халдвар авсан хүн нэмж бүртгэгдээгүй. Дэлхийн хэмжээний мэдээллийг НҮБ-ын Хүн амын сангаас авах нь зүйтэй байх гэв.
gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ