ҮХЦ-ийн дарга торгууль төлөөд нутаг буцахаар болжээ
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр торгууль оноож, хилийн хоригийг нь цуцлах болсон тухай Өмнөд Солонгосын прокурорын газар өнөөдөр мэдээллээ.
Торгуулийн хэмжээ долоон сая вон буюу $6,000 орчим болсон байна.
Инчеон хотын прокурорын газраас өнөөдөр гаргасан дүгнэлтэд Д.Одбаярын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн хилийн хоригийг нь цуцалсан байна. Түүнийг 10 хоногийн хугацаанд Өмнөд Солонгосын хилээр гарахыг хориглоод байсан ба уг хориг Баасан гарагт дуусах байв.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь өнгөрсөн сарын сүүлээр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн нисэх онгоцонд Korean Air компанийн ажилтан эмэгтэйн өгзөгт гар хүрсэн хэргээр саатуулагдаад байсан юм.
Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтуу байснаас юу болсныг санахгүй байгаагаа мэдүүлж байжээ.
Мөн Korean Air компанид ажилладаг монгол ажилтнуудыг нислэгийн үеэр айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгасан юм. Монгол ажилтнууд гомдол гаргахаас татгалзсан тул уг хэргийг хаасан байна.
Эх сурвалж: KBS ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ