Ц.Баттуяа: Б.Ундармаагийн идсэн мөнгийг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байна

-Ард түмний халаасыг тэмтэрч байхаар Б.Ундармаагийн нэг их наядын хөрөнгөөс "Капитал"-ын хохирлыг төлүүлье-

“Капитал” банканд төрийн 31 байгууллагын 375 тэрбум төгрөгийг байршуулсан баримт олон нийтэд ил болоод буй.

Тэрхүү жагсаалтын хамгийн өндөр мянган дүнтэй нь Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгийн хохирол юм. Хохирлыг өнөөдөр хэрхэн барагдуулах асуудал тодорхойгүй байгаа энэ үед Засгийн газрын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэхээр болсныг зарлалаа. Засгийн "газрын энэ үйлдэл “Капитал”-ын дампууралтай хамт салхинд хийссэн Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгийг нөхөх оролдлого гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар хуульч Ц.Баттуяатай ярилцлаа.

-Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай алга болсон энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэх хууль хэрэгжихээр боллоо. Олон нийтийн зүгээс үүнийг ихэд буруушааж байна. Энэ нөхцөл байдлын хууль зүйн гаргалгааг тайлбарлаж өгөхгүй юү?

-Монгол Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын багц хуулиудыг 1994 онд баталснаас хойш нийгмийн даатгалын тогтолцооны хууль эрх зүйн үндэс бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуульд 27 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус хуулийн 15 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, жил бүр шаталсан зарчмаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээр болсон. Ингэснээр өнгөрсөн 2018 онд хоёр хувиар нэмэгдэж, энэ жил нэг хувиар нэмэгдсэн.

Харин 2020 онд дахин хоёр хувиар нэмэгдэх зохицуулалт хийгдсэн байна. Үндсэндээ иргэдийн яриад байгаа нэг хувь гээд байгаа нь хоёр хувь бөгөөд нийтдээ таван хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан юм.

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд хоёр хувиар нэмэгдсэнээр ажилтан ажил олгогчдын төлөх татварын хэмжээ 26 хувь болно. Үүн дээр хүн амын орлогын албан татварт ойролцоогоор найман хувийг төлдөг гээд тооцвол авч байгаа цалингийнхаа 35 хувийг шимтгэлд төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай иргэн 350 орчим мянган төгрөгийг татварт төлнө гэсэн үг.

Төрийн албаны цалин үе шаттайгаар нэмэгдэж байгаа энэ үед хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсад аж ахуйн нэгжүүдэд энэ нь бодит дарамт болох нь мэдээж.

Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нэг сая гаруй иргэн байдаг. Он гараад ажилтан, ажил олгогчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэл 25 хувь болно гэж төр засгийн зүгээс мэдэгдээд байна.

Монгол хүний дундаж цалин нэг сая төгрөг гэж байгаа. Энэ тооцооллоор бол нэг иргэн сард зөвхөн өндөр настны тэтгэврийн шимтгэлд 190 мянган төгрөг төлдөг. Жилд 2,210,000 төгрөг төлдөг гэсэн үг. Үүнийг хэдэн жил төлөх вэ. 10, 20, 30 жил төлнө. Төрийн үүрэг бол энэ мөнгийг найдвартай газар, гайгүй хүүтэй хадгалах ёстой. Гэтэл энэ мөнгөн дээр салбарын сайд нар үеийн үед “ажиллаж” ирсэн хардлага олон нийтэд байдаг.

Тодорхой баримтууд ч байдаг. Үүний сонгодог нэг хэлбэр нь “Капитал”-ын дампуурлаар гараад ирлээ.

Нийтийн мөнгийг банканд аваачиж байршуулахдаа дампуурах гэж байгаа банканд байршуулсан. Уг нь төр засаг найдвартай банканд хадгалах ёстой. Найдвартай банк гэдэг бол маш чухал ойлголт. Сүүлийн хэдэн жилийн тайлан нь Монголбанкны цахим сайтад нээлттэй, ямар ч алдагдалгүй, хэвийн үйл ажиллагаатай банк гэсэн үг. Гэтэл төрийн мөнгө байршуулсны хүүг нь хувааж иддэг асуудлыг орхиё гэхэд мөнгийг нь давхар идчихлээ.

Ийм нөхцөл байдалтай байхад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ зарлачихлаа. Нэг ёсондоо “Капитал”-д алдсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөө ард түмний халааснаас нэмэлт шимтгэл хэлбэрээр авч шархаа нөхөхөөр болсон гэж харагдаж байна. Үүнийг өнөөдөр (өчигдөр) УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ч баталж өглөө.

-Б.Чойжилсүрэн гишүүний мэдээлэлд шимтгэлийг нэмснээр 200 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн...

-Энэ чинь “Капитал”-д алдаад байгаа Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, дээр нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, нийлээд 240 тэрбум төгрөгөө олж авна гэсэн үг. Өнгөрсөн хавар “Капитал” дампуурч 240 тэрбум төгрөг алдагдсан.

Эргээд 200 тэрбум төгрөгийг босгоно гэж байгаа нь шархаа нөхөх гэсэн уваагүй аргуудыг хэрэглэж эхэлж байна гэж хардахаар нөхцөл байдал үүсээд байна. Нэг ёсондоо миний мөнгийг төр засаг алдсаны хариуд дахиад би өөрөө тэр алдсан мөнгийг төлөхөөр болж байна. Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн бүр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй бол Тэтгэврийн сан хоосорч дампуурах эрсдэлтэй болчихсон гэлээ.

Зовлон жаргалаа түрүүлж ярих хэрэгтэй гэж олон удаа хэлсэн. Юу гэсэн үг вэ. Төр засгийн хариуцлагагүй, уваагүй үйлдлээс болж нийтийн олон зуун тэрбум төгрөг алдагдсаныг яагаад ард түмэнд зовлон болгож наагаад байна вэ. Маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.

Өнөөдөр Монголын төр өөрийнхөө иргэдийг хамгаалах ямар ч баталгаагүй нь харагдаж байна. Үндсэн хуульд байдаг төр ард түмнийхээ эдийн засгийн баталгааг бүрдүүлж өгнө гэдэг зарчим утгаараа алдагдаж байна.

Хамгийн эмзэглэмээр нь бид өнөөдөр л хоёр хувийн шимтгэл төлөхөөр болчихсон хэрэг биш. Бүр бүхэл бүтэн таван хувийн шимтгэлийг өнгөрсөн жилээс эхлээд үе шаттайгаар нэмэгдүүлж төлж байж. Одоо дахиад хоёр хувь нэмчихвэл 200 тэрбум төгрөг хуримтлагдах боломжтой гэж байгаа нь “Капитал”-д алдсан мөнгөө шимтгэлийн нэмэгдлээр олж авна гээд ил тод зарлаж байна.

Хуулийн өөрчлөлтөөр шимтгэлийн нэмэгдэл дуусахад нэг жил дутуу байхад Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хадгалж байсан банкийг дампууруулж, мөнгийг нь авчихаад үлдсэн жилийнхээ хоёр хувийн шимтгэлээр 200 тэрбумаа нөхчихнө гэсэн атгаг санаа харагдаж байна.

-Уг нь аливаа нэг байгууллага дампуурахад хамгийн түрүүнд нийгмийн даатгалын өр төлбөрөө цэгцэлж дуусга гэж эрх бүхий байгууллагууд анхааруулж, шаарддаг. Банк дампуурчихаад байхад яагаад тэр их хөрөнгийг нэхэхгүй байна вэ?

-Үүн дээр өнөөдөр хүртэл хэн ч ган хийхгүй байна шүү дээ. Нэг сая иргэнээс дахин хоёр хувийн шимтгэл нэмж авч, хохирсон дээр нь нэмж хохироосон бодлого явж байна. Хэрэв хүнээ боддог энэрэнгүй ардчилсан нийгэм утгаараа хэрэгждэг улсад үүнийг шууд зогсоох ёстой юм.

Өмнө нь төлж байсан шимтгэлийг хамтад нь идчихээд, одоо дахиад шимтгэл нэмж төл гэж байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг утгаараа явагдаж байна. Үүн дээр хэн ч дуугарахгүй байгаа нь эс үйлдэл. Авлигын сүлжээг өөгшүүлж байгаа явдал.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд ингэснээр бүгд хохирогч болно. Тэдний ард үр хүүхэд орвол нийтдээ гурван сая иргэн бүгд хохирогчид болж таарч байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бидний ирээдүйд хэрэглэх мөнгө шүү дээ. Зарим улс оронд нийгмийн даатгалын шимтгэлийг нь хүүтэй нь хадгалдаг. Даатгуулагч нас барахад өв залгамжлуулна.

Харин манайд бол нэг монгол иргэн 137 насалж байж, ажиллах хугацаандаа төлсөн мөнгөө буцааж эдлэх юм билээ. Маш эмгэнэлтэй. Дээрээс нь шимтгэлд төлсөн мөнгөө ингээд алдчихлаа.

Тэтгэвэртээ гарч амжаагүй байхад замаас нь алга болж байна. Үүнийг Б.Чойжилсүрэн гишүүн “Удахгүй манай Тэтгэврийн сан хоосорно. Дампуурах гэж байгаа” гэж зүгээр нэг энгийн зүйл шиг ярьж байгаа нь маш буруу. Үнэндээ “Капитал”-д үүссэн энэ асуудал Авлигын эсрэг хуулийг хөндөж байгаа юм.

Энэ хуульд авлигын асуудлыг тодорхой эрх мэдлийн хүрээнд хувийнхаа ашиг сонирхол, хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох гэх мэт ойлголтууд байдаг. Энэ нь тухайн үеийн сайд нь дампуурах гэж байгаа банканд давуу байдал олгож, “Капитал” банкийг сонгосон байна.

-Зөвхөн Нийгмийн даатгалын сан гэлтгүйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэх мэт төрийн 31 байгууллагын их хэмжээний мөнгө “Капитал”-д байршиж байсан. Одоо тэгвэл яах вэ. Хэн ч үүний араас хөөцөлдөж, татвар төлөгчдийн мөнгийг нэхэхгүй байна шүү дээ?

Ч-Улстөрчдийн шунаад байгаа зүйл бол энэ асар их мөнгөний хүүгийн хувийг авах гээд улайрцгаадаг нь нууц биш. Гэтэл тэд хувиа аваад зогсохгүй бүгдийг нь авахаар шийдчихсэн.

Тэгэхийн тулд “Капитал” банк руу мөнгө оруулаад дампууруулж орхилоо. Үүн дээр нэг ноцтой баримт хэлье. Олон нийтэд ил болсон мэдээлэл бол Нийгмийн даатгалын сан 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 136 тэрбум төгрөг хадгалуулж байсан байдаг.

Тэгвэл дампуурсан “Капитал” банканд Татварын ерөнхий газар гэхэд 1.5 тэрбум, Сангийн яам хүртэл 16.8 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 155 сая төгрөг, Дулааны III цахилгаан станц 30.8 тэрбум төгрөг, ХХҮЕГ 3.9 тэрбум төгрөгийг хадгалуулсан байдаг. Энэ мэтээр төрийн 31 байгууллага 375 тэрбум төгрөгөөр хохирчихоод байна. Энд нийгмийн халамжийн салбарынхан дийлэнх нь байгаа биз

. Эрүүл мэндийн даатгалын сан Нийгмийн даатгалын сан хоёроо хоёр жилийн өмнө тусад нь салгасан хэр нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийг“Капитал” РУУ оруулчихсан. Энэ бас л ноцтой асуудал. Ингээд харахад луйврын том схем харагдаж байна. Үүнийг манай АТГ, ЦЕГ-ын дэргэдэх Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг байгууллагууд энэ өндөр дүнтэй тоонуудын араас шалгах ёстой.

Тухайн үед бүх мөнгөн шилжилт хөдөлгөөнийг хийж байсан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгамаар байна. Үүнийг бид ч шаардана. Яагаад гэвэл үүнд таны ч мөнгө, миний ч мөнгө, бидний үр хүүхэд, ах дүүсийн шимтгэлийн мөнгө явж байгаа. Дээр нь энэ их мөнгөний хүү хаана байна вэ. Тухайн байгууллагууд руугаа авч байсан уу, эсвэл хэн нэгэн албан тушаалтанг авч байсан уу, бүр эсвэл “Капитал” банкин дээрээ өсөж байсан уу. Хэрэв “Капитал”-д төвлөрдөг байсан гэвэл 375 тэрбумаас ч их мөнгө яригдана.

Дээр нь өнгөрсөн онд нэмэгдсэн хоёр хувийн шимтгэлийн мөнгө яригдана. Ингэхээр зөвхөн 375 тэрбум төгрөгөөс давсан мөнгө яригдах болно.

-Ноцтой баримтууд байна. Сангийн яамнаас эхлээд татвар, даатгал, нийгмийн халамжийн олон тэрбум төгрөг “Капитал”-д байжээ?

-Маш том том байгууллагууд орж ирж байгаа юм. Монгол Улсын эрдэнэсийн санг атгадаг Сангийн яам өөрөө байна. Дээр нь Хөгжлийн банк, агентлагууд тэр чигээрээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сан гэх мэт. Орон нутгийн төрийн өмчит компаниуд ч байсан шүү дээ. Бас дээр нь боловсролын салбарынхан.

Энэ 31 жагсаалтаас харахад өнөөдөр авлигад идэгдсэн, өртөмтгий гурван гол салбар байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, халамж. Дээр нь төрийн өмчит компаниуд, ҮТЕГ ороод ирсэн. Хэрэв эдгээр байгууллагууд нэхэмжлэл гаргаад хөөцөлдөж байгаа бол олон нийтэд ил болгоод ямар шатанд явж байгааг зарлах хэрэгтэй. Зарлахгүй байна гэдэг эс үйлдлээрээ гэмт хэргээ нуун дарагдуулахыг хичээж байна.

Яагаад гэвэл энэ бол хэн нэгэн гишүүн сайдын мөнгө биш. Энд нийтийн мөнгөний асуудал яригдаж байна. АТГ улстөрчдийн зувчуулсан мөнгийг 12 их наяд гээд саяхан зарласан. Энэ бол маш их мөнгө. Үүн дотор Нийгмийн даатгалын сангаас зувчуулсан мөнгө орж яваа юу гэдгийг тодруулах ёстой.

-Одоогоор ил болоод байгаа нь 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол “Капитал” банкин дээр яригддаг. Ийм их хэмжээний хохирлыг бий болгосон “Капитал” банкны эзэн Б.Ундармаа өнөөдөр юу болж таарч байна вэ?

-Б.Ундармаа гэдэг хүн бол өнөөдөр хуулиар өөрийгөө халхавчилсан байдалтай саарал ордонд сууж байна. Түүний УИХ-ын гишүүн болох шалтгаан ард түмнийг төлөөлөх бус өөрийгөө хаацайлж хамгаалуулах явдал л байж.

Үүнийгээ ч ил тод харуулж байна. Энэ хүнтэй ёс зүй, ёс суртахууны тухай ярилтгүй. Хүнд хүний мөс чанар гэж байх ёстой. Гэтэл Б.Ундармаад өөрийнх нь үр хүүхэд болж байвал бусад нь хамаагүй. Өөрийнх нь бизнес болж байвал нийтийн өмчийн асуудал хамаагүй гэж хандаж ирлээ. Энэ хүн эх хүн, эмэгтэй хүн гэдэг утгаараа өөрөө сайн дураараа ард түмэндээ гарч ирж үнэнийг илчлэх ёстой.

Гэтэл чадахгүй байна. Энэ чинь өөрийг нь хаацайлж нууж байгаа гишүүдтэй үгсэж хуйвалдаж байна гэж харагдаж байна. Өнөөдөр Монголын ард түмнийг дэндүү дорд үзэж байна.

-Б.Ундармаа гишүүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан гэл үү. Ямар хариулт өгсөн бэ?

-Б.Ундармааг гишүүнээс эргүүлэн татаач, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн үйл явдал боллоо. Ёс зүйн хувьд энэ хүнд хариуцлага хүлээлгэмээр байна гэж хандсан. Цэц бидний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан.

Харин эсрэгээрээ Б.Ундармаагийн хууль бус үйлдлийг өөрсдөө нотлоод ир гэсэн. Яах вэ Цэцийн гишүүдийг УИХ-аас томилдог. Илгээдэг байгууллага учраас ёс зүйн хувьд ч гэсэн Цэцэд найдаж болох уу. Өнөөдөр банк нь найдваргүй, Цэц нь найдваргүй, УИХ нь найдваргүй байдалд хүрчихээд байна.

-Б.Ундармаа гишүүн нэг их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг Алтжин компанийн захирал Г.Алтан хэлж байсан. С.Зориг агсныг хөнөөсөн хавтаст хэргийн материал сэйфэндээ багтдаггүй унаж ирдэг байсан гэдэг шиг үнэхээр ч Б.Ундармаа гишүүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд сэйфиндээ багтдаггүй гэж эх сурвалжууд ярьдаг. Тэр хүний хөрөнгийг зараад энэ олон төрийн байгууллагын хохирлыг төлж болдоггүй хэрэг үү?

-Тэгэх ёстой. Б.Ундармааг маш их хэмжээний хөрөнгөтэй гэдэг. Гэтэл тэр хөрөнгийнх нь жагсаалт нийтэд ил тод байдаггүй. Бүгд нуугдмал шинжтэй. Эргээд л гэмт хэрэг хийдэг арга нь энэ. Тиймээс энэ хүний хөрөнгийг олж авч үнэлж, төрийн энэ их хохирлыг барагдуулах ёстой. Ядаж энэ хэргийг шалгаж дуустал тэр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ёстой.

Гэтэл УИХ-ын танхимд нэг том гавьяа байгуулчихсан юм шиг “Саарал жагсаалтаас бид яг хэзээ гарах вэ” гээд сууж байна. Өөрөө Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гол тоглогч нь шүү дээ. Үнэхээр тэр хүн Монгол Улсыг, ард түмнийг доромжилж байна. Тиймээс иргэд илүү ухаантай болох хэрэгтэй. Иргэд өөрсдийгөө хохирсноо мэдэхгүй байна. Дорж, Дулмаа ч биш нийтээрээ хохирогч болчихоод байна шүүдээ, монголчууд.

Сүүлийн 10, 20, 30 жил ажилласан бүх хөдөлмөрийн үр шим хэдхэн нөхдийн гараар ороод алга болчихлоо. Тиймээс олон нийт хохирлыг нөхөн төлүүлэх тал дээр хамтдаа нийлж дуугарахыг хүсэж байна. Үүний тулд стратегийн өмгөөллийн ажил хийх шаардлага гарна. Нэг талдаа төр, нөгөө талдаа ард иргэд. Төр нь ард иргэдийнхээ өмнө маш том гэмт хэрэг хийчихээд байна. Гэр бүлээр ярих бол юм бол төр хүчирхийлэгч, цөлмөгч болчихоод байна.

Төрийн нэрийг барьсан, төрөөр сүрдүүлсэн, төрийн дээр сандайлсан хэсэг бүлэг нөхөд ард иргэдээ хууран мэхлэх замаар далд хэлбэрээр бүх луйврыг хийж байна. Өнөөдөр хуулийн байгууллагууд ч нэгэнт ил болсон мэдээлэл дээр ажилламаар байна.

Тэр их мөнгө хаа нэгтээ байж л байгаа. Аль нэг өөр компани руу хувираад дахин хөрөнгөжих байдлаар орсон уу. Жижиг банк руу орсон уу, хэн нэгний үл хөдлөх хөрөнгө болж хувирсан уу. Тодорхой зүйл байж л таараа.

Эх сурвалж: Өдрийн сонин


СЭТГЭГДЭЛ БИЧИХ