Б.Болороо: Үл тоох хандлага хамгийн том дарамт
Иргэн Б.Болороо энэ сарын эхнээс буюу арваннэгдүгээр сарын 1-нээс ээжийн хамт Сүхбаатарын талбай дээр суулт хийж байгаа. Чухам юуны учир суух болов гэхээр ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нөхрийг нь архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ лифт рүү халтирч унасан гэдэг үндэслэлээр хавтаст хэргийг нь хаах гэж буйг эсэргүүцэж, гурван зүйлийн шаардлагыг Монголын төрд сонордуулахаар тэмцэж байгаа нь тэр. Монголын нийгэм хөгжлийн бэрхшээлтэй энэ эмэгтэйтэй хэдийнэ танилцсан. Цахим ертөнц даяараа түүнийг мэднэ. Бүүр тэдний гэр бүлийг бүхэлд нь мэддэг байв. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй ч аз жаргалаар дүүрэн амьдарч байсан залуу хосын амьдрал нэг л өдөр хөмөрч, цэл залуу ээж, хуруувчин чинээ охинтойгоо, хорвоод өөрийг нь хатуужуулж хөл дээр нь босгосон ээжтэйгээ үлдэх нь тэр. Гэхдээ нүүрлээд ирсэн зовлонгоос илүүтэйгээр “Үл тоох хандлага хамгийн том дарамт” байдаг юм билээ гэдгийг энэ бүсгүй хэлж байна.
Бичиг үсэг тайлагдалтын хэмжээнд л хүлээж авдаг нийгэм намайг угтсан
Б.Болороо төрөлхийн бус олдмол гэмтэлтэй. Эхээс төрөх үед нь хавчуураар хамаагүй татсанаас тархиндаа гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоог нэгээр нэмсэн гашуун түүх эхэлсэн. Эмнэлгийн хэллэгээр бол тархины саажилттай. Харин оюун ухааны хувьд эв эрүүл. Гэхдээ тэр амьдралд бууж өгөөгүй. Сониуч зангийнхаа тусаар таван насандаа уншиж, бичиж сурчээ. Мэдээж хэрэг, хөл дээрээ босч явж чадахгүйгээс тав хүртлээ ээжийнхээ асаргаанд байж. Харин өвөр дээрээ суулгаад үлгэр уншиж өгдөг ээжээсээ энэ ямар үсэг вэ гэх мэтээр асуусаар өөрөө уншиж сурсан байна. Түүнд хөл дээрээ алхаж эхлэхэд дөрвөн жил шаардагджээ. Ингээд есөн настайдаа Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд сурагч болжээ. Үеэл ахаараа хоёр жил үүрүүлж явсан байна. Тэрбээр 2008 онд дунд сургуулиа онц дүнтэйгээр төгсчээ. Өөрийн сонирхлоор МУИС-ийн улс төр судлалын анид элсэн орж дөрвөн жилийн дараа мөн л онц дүнтэйгээр их сургуулиа дүүргэсэн түүнийг дипломоо бариад очиход “Миний дүү гарын үсгээ зурж чадах уу” гэдэг үг л угтаж. Үзэгдэх өнгө, харагдах байдлаас нь дүгнэдэг болсон өнөө цагийг Б.Болороо “Бичиг үсэг тайлагдалтын хэмжээнд л хүлээж авдаг нийгэм намайг угтсан” гэж дүгнэсэн. Тэрбээр одоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй бол хүн биш гэдэг тэр муухай мэдрэмж
Ийм мэдрэмжийг энэ турьхан бүсгүй хоёронтоо мэдэрчээ. Анхны удаагийнх нь ээж болох үедээ. “Энэ хоёр амьтан одоо төрөх гээд л байгаа юм байх даа. Энэ нөхрийнх нь гарыг хар даа” гээд л төрүүлэх гэж байсан эмч нь хээвнэг бусадтай ярилцахыг сонссон тэр мөчид ээжийнх нь хатуужил ч тус болохгүйгээр их гомдож. Дараачийнх нь нөхрөө алга болчихлоо гэж цагдаад хандах үед түүнтэй хамт явсан эгчтэй нь ярилцаад өөрийг нь огт хүн гэж тоохгүй байсан тэр хоромд тэр муухай мэдрэмж дахин төрж. Түүний нөхөр Б.Амгалан “Хишиг арвин” компанийн харуул хамгаалалтын охин компанид ажиллаж байхдаа өнгөрөгч зургаадугаар сарын 19-нд ээлжинд гарч байгаад л гэнэт сураггүй алга болсон байна. Сураггүй алга болсон гэдэг нь тус компанийнхны Б.Болороод дуулгасан үг л дээ. Үнэндээ албан үүргээ гүйцэтгэж яваад өөрөөр хэлбэл, лифт засах гэж байгаад халтирч унаад нас барсныг 19 хоногийн дараа олсон байдаг.
Ээж ээ, би аавыгаа бүтнээр нь санаад байна
Элэг бүтэн амьдралаас дэлбээлсэн бяцхан охин өнөөдөр ингэж нэхэж сууна. Гэтэл үүрэгт бус,үүрэг өгсөн ажил хийх гэж байгаад амиа алдсан ажилтнаа компанийхан нь эрж хайх нь бүү хэл, эхнэр лүү нь утсаар ярьж “Танай хүн ажлын байраа орхиод алга болчихлоо. Албаны станц, түлхүүр олж ир” хэмээн байнга дарамталдаг байж. Яагаад үүрэг өгсөн ажил гэж хэлэх болов гэхээр талийгаачийн үүрэгт ажил нь харуул хамгаалалт болохоос бус, зогссон лифтыг засах биш. Өмсч явсан хувцас, үүрээвчтэй цүнх нь байсаар байхад яагаад түүнийг алга болсон гэж бодов. Эргэн тойрноо хянах хяналтын камерын бичлэг яагаад үзээгүй хэрэг вэ. Гэр бүлийн хүн нь цагдаад хандаад байхад яагаад зарлахгүй хугацаа алдав. Эцэс сүүлд нь чандарлахаас аргагүй өт болчихсон цогцосгэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгчихөөд одоо болохоор шүүх эмнэлгийн дүгнэлтээр их хэмжээний согтолттой байсан гэдэг дүгнэлт гаргуулаад хэргийг хаах гэж оролдож байна. Түүгээр ч зогсохгүй ийм гашуун зовлон, даажинтай доромжлолыг давах гэж яваа, амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг сэргээх гэж тэмцэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйгээр хүртэл улс төр хийгээд л байх Монголын төр эмгэнэлтэй.
эх сурвалж: medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ