О.Төмөр: Хүмүүс гарч ирэхээс өмнө зам талбайгаа цэвэрлэхийн тулд өглөө 02.00 цагт гэрээсээ гардаг

Шөнийн 02.00 цаг. Яг энэ цагт бид халуун хөнжилдөө тухтай гэгч нь унтаж байдаг. Тэгвэл өдөр бүр яг энэ цагт гэрээсээ гарч, 03.00 цаг гэхэд ажлаа эхлүүлдэг нэгэн эрхмийг энэ удаагийнхаа ярилцлагын буланд онцоллоо. 

Түүнийг О.Төмөр гэдэг. Их хотын гудамж, зам, талбайг цэвэрлэх ажилд ханцуй шамлан орж, та бидэнд цэвэр, тухтай орчинг бүрдүүлж өгдөг шар хантаазтануудын нэг. Тэрбээр Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгчээр 10 дахь жилдээ ажиллаж, өдгөө залуу ажилтнуудынхаа үлгэр дуурайлал болж яваа ясны хөдөлмөрч нэгэн юм. 

Уг нь бол ТҮК-ийн ажилчдын ажил өглөөний 05.00 цагт эхэлдэг. Тэднийг гэрийнх нь ойролцоогоос ажилчдын автобус очиж авдаг юм байна. Гэхдээ О.Төмөр гуай ажилчдын автобус хүлээдэггүй. 

Үүрийн 02:00 цагт босч, аяга цай балгачхаад нийслэл хотоо цэвэрлэхээр "Дэнжийн 1000"-аас төв талбайг чиглэн, яаран алхдаг.

Ингэж эрт ажлаа эхлүүлснээр хичээлдээ яарсан хүмүүс холхилдож эхлэхээс өмнө өөрт оногдсон талбайгаа цэвэрлэж дуусдаг байна. "Миний хариуцдаг хэсгээр алхаж, ажил, хичээлдээ явдаг хүмүүсийг ямар ч тоос шороогүй, цэвэр цэмцгэр орчин угтдаг байгаасай гэж хүсдэг. Тэднийг гарч ирэхээс өмнө амжиж цэвэрлэчхээд эргээд харах мэдрэмж хамгийн гоё байдаг" хэмээн сэтгэл хангалуун ярих түүнээр өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн юм.

 

 zaluu.com

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ