Уралдааны замд хүнд бэртэл авсан “MONGOLIAN GROOM”-ийг санаатай алсан уу ?

Сүүлчийн замдаа уралдаж буй "Mongolian Groom" хүлэг. 2019.11.02

Монгол Улсын Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Groom” буюу “Монгол адуучин” хурдан хүлэг уралдааны үеэр амьсгал хураасан тухай мэдээ морин спорт сонирхогчдын анхаарлыг татсан. Энэ сарын 2-нд буюу өнгөрсөн бямба гаригт АНУ-ын “Санта-Анита” цэнгэлдэх хүрээлэнд өндөр чансаатай буюу зургаан сая ам.долларын шагналын сантай “Breeders’ Cup” үржлийн адууны морьдын уралдаан зохиогдсон бөгөөд шигшээ уралдааны үеэр дээрх харамсалтай үйл явдал болсон байна. Уралдааны бичлэгийг харсан үзэгчид, моринд хайртай хүмүүс “Манай морийг зориуд алсан байна. Ард нь болон зэрэгцэн явсан морьдын унаач нар санаатай үйлдэл гаргасан нь бичлэгээс харагдаж байна. Нэг нь ташуураараа “Монгол адуучин”-ы толгой руу далайснаас цочсондоо хий гишгэж хөлөө гэмтээжээ”, “Морь, малын хөл хугарч л байдаг. Ялангуяа хурдан морины хөл гэмтэхэд шууд алдаггүй. Хугарлыг нь эмчлээд дахин уралдуулдаггүй. Гэтэл яагаад хөлийг нь эмчлэх арга хэмжээ авахгүй шууд уралдааны зам дээр алж байгаа юм” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж гомдоллож байна. Уралдааны бичлэгийг үзэхэд “Mongolian Groom” огцом хурд авч, урагш дайрах мөчид ардаа болон зэрэгцэн явсан морьдод шахуулах үед хөл нь хий гишгэж, зүүн хойд хөл нь гадагшаа сул шидэгдэж байгаа нь харагдана. Хөл нь хугарсан морь давхихаа болиход унаач нь хичнээн давирлаа ч урагшлахгүй, улам хойш суусаар сүүлдээ явж чадахгүй, гишгэж чадахгүй гэмтсэн хөлөө өргөхөд зүүн хөл нь нугалмаараа сул хөдөлж байгаа нь ил байна. Ингээд уралдааны зохион байгуулагчид болоод малын эмч нар, түргэн тусламжийн машин яаралтай ирж түргэн тусламж үзүүлж байгааг бичлэгээс харж болно. Морь нь явж чадахгүй байгааг харсан уяач, багийнхан нь яаран сандран гүйлдэж ирж байгаа нь ч дүрс бичлэг, зурагт үлджээ.

“Mongolian Groom” хүлэг

Малын эмч гэмтсэн моринд үзлэг хийгээд “Хугарал нь маш ноцтой учир дүрмийн дагуу унтуулах тариа хийж, үүрд нойрсуулах ёстой” гэснийг бүгд зөвшөөрч “Mon­golian Groom” хурдан морийг үхүүлсэн байна. Үүнийг манай зарим мэдээллийн хэрэгслүүд “Д.Ганбаатарын хурдан морийг үүрд унтуулжээ” гэж олон нийтэд мэдээлсэн билээ. Үүрд нойрсуулсан биш, амыг нь барьсан гэсэн үг л дээ.

“Mongolian Groom” хүлэг 17 удаагийн уралдаанд шандас сорьж гурван түрүү авч эзэндээ 597141 ам.долларыг авчраад байсан буян байжээ. “Mongolian Groom”-ийг даага байхад “Макс”-ийн Ганбаатар 12 мянган ам.доллараар худалдан авч байжээ. Энэ даваа гаригт уг морины уяач Э.Ганбат өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө “Маш гунигтай үйл явдал боллоо. Энэ уралдаан үнэхээр сайхан наадам байсан ч миний морь энэ уур амьсгалыг таагүй болгочихлоо” хэмээгээд “Бүх зүйлд уучлаарай” гэсэн байна. АНУ-д морин тойруулга, морин уралдаан нь спорт гэхээсээ мөрийтэй тоглоомын ертөнц аятай хүчтэй хөгжсөн учир хаана мөнгө байна, тэнд хууль бус үйл ажиллагаа байдаг гэдэг бичигдээгүй дүрмийн дагуу хүчтэй өрсөлдөгч шилдэг хүлгийг ямар нэгэн аргаар цааш харуулахын тулд зохион байгуулалтаар “Mongolian Groom”-ийг зориуд гэмтээгээд, гэмтэнгүүт нь даруй унтуулах тариагаар алчихсан байж мэднэ гэж хардаж болох нөхцөл байгаа юм. Нөгөөтэйгүүр монголчууд бол малчин ард түмэн. Моринд хайртай хүмүүс. Наадамд уралдаж байсан морь нь гэмтэх, бахардах үед анхан шатны тусламж үзүүлж, хөл дээр нь босгохын төлөө ардын болон анагаах ухааны мэддэг бүхий л аргаа хэрэглэдэг. Гэтэл уралдааны замд хөл нь бэртээд явж чадахгүй хоцорч буй хурдан морийг ногоон хашлагаар тойруулж далдлаад унтуулах тариа хийх замаар амь насыг нь үгүй хийж байгааг харсан нь ёс зүйгүй мэт харагдсан байж мэднэ. Тиймээс “Монгол адуучин”-г санаатайгаар алсан гэж хардаж болох ч нөгөө талдаа АНУ-д өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас энэ оны арваннэгдүгээр сар хүртэл 40 морь уралдааны явцад хүнд бэртэл авч, унтуулах тариа хийлгэж, амьсгал хураагаад байгаа аж. Чухам яагаад гэмтсэн морьдын бэртлийг эмчлэх гэхээсээ илүүтэй тэр дор нь амыг нь барьдаг нь ойлгомжгүй. Амьтны эрх хамгаалагчид морин тойруулга, мөрийтэй уралдааныг хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хэрвээ морь уралдааны үед хүнд бэртэл авбал үргэлжлүүлж зовоож, тарчлаахын оронд өвчин намдаах тариа хийж, унтуулж амьсгалыг нь таслахыг санал болгодог нь энэ юм байна. Тийм учраас хүнд бэртэлтэй морьдыг шууд унтуулдаг. “Mongo­lian Groom” хүлэг маш олон дэмжигчтэй байсан бөгөөд түүний үхэл амьтанд хайртай олон хүмүүсийг нэгдэхэд хүргээд байна. Амьтны эрхийг хамгаалагчид “Бид хэдий болтол амьтдаар зугаагаа гаргаж, гэмтэж бэртэнгүүт нь алаад байх юм бэ. Америкт сүүлийн нэг жилийн дотор 40 морь хүмүүсийн хүслээр хорвоог орхиж байна. Хэрвээ тэдгээр морь уралдаанд гараагүй бол амьд байх байсан. Морь бол бидний гэрийн тэжээмэл амьтан шиг, гэр бүлийн гишүүн шиг дотны амьтан. Хэзээ болтол амьтны амь тасалж мөрий тавьсаар байх гэсэн юм бэ” гэсэн уриалга гаргаж, амьтдаар зугаацахыг эсэргүүцээд байна.

А.Баярмагнай: МОНГОЛД Ч ТЭР МОРИНЫ ХӨЛ ХУГАРАХАД АМЬТНЫГ ЗОВООГООД ЯАХАВ ГЭЭД АМЫГ НЬ БАРЬЧИХДАГ ШҮҮ ДЭЭ

Болсон үйл явдалтай холбогдуулж, Соёлын гавьяат зүтгэлтэн, хурдан морь судлаач, түүхийн ухааны доктор А.Баярмагнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-АНУ-д гэмтэл авсан “Mongolian Groom” нэртэй хурдан морийг унтуулах тариа хийж, амийг нь тасалчихлаа. Тэнд чухам юу болсныг танаас тодруулах гэсэн юм. “Mongolian Groom” хурдан морины аминд зориуд хүрчихсэн гэсэн ойлголт яваад байна л даа?

-Үүнд нэг их ач холбогдол өгөөд шуугиан тариад байх хэрэггүй дээ. “Макс”-ийн Ганбаатарынх гэхээсээ илүүтэй Э.Ганбатын хүч хөдөлмөр, бодлого явж байгаа юм. Уг нь ч шуугиад байх үйл явдал биш. Гайгүй сайн морь байсан. Осол, эндэл энд тэндгүй л болдог шүү дээ. Зориуд гэхээр та нар аль өнцгөөс нь хараад байгаа юм бэ дээ.

-АНУ-ын морин тойруулгууд, морины уралдааны клубүүд хоорондоо маш их өрсөлдөөнтэй учир өрсөлдөгч клубийнхээ морийг зориудаар хорлодог, гэмтээдэг явдал байдаг бололтой юм билээ?

-Монголчууд бид хардаж, сэрдэх дуртайгаараа л тэгж яриад байгаагаас биш морь гэмтэх нь ердийн байдаг л явдал. Монголд ч тэр морины хөл хугарахад амьтныг зовоогоод яахав гээд амыг нь барьчихдаг шүү дээ. Ер нь амьтныг зовоогоод яахав. Түүнээс биш Америкийн клубүүд ганц морины төлөө тийм юм хийгээд, явуулга явуулаад байхгүй байх аа. Манай монголчууд дандаа тамын тогоон дотроо буцлаад бие биенээ хардаж сэрддэг. Тэр муухай араншингаа энэ үйл явдлаар далимдуулж дэлхийн түвшинд гаргаж ирээд хэрэггүй байх (инээв).

СЭТГЭГДЭЛ БИЧИХ