ҮХЦ-ийн дарга мэдүүлэг өгөхөөр БНСУ-д иржээ
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Индонезид болох Олон улсын хуралд оролцохооор аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Мөн түүнийг тус нислэгийн багийн гишүүн монгол ажилтнуудыг хэл амаар доромжилж, заналхийлсэн гэх мэдээлэл ч гарсан.
Тэгвэл тэрбээр өнөөдөр /2019.11.06/ өглөө мэдүүлэг өгөхөөр Инчеонд ирсэн гэдгийг БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Д.Одбаярын нислэг орон нутгийн цагаар 09:20 цагт Инчеонд газардах хуваарьтай байсан ч нислэг нэг цаг 30 минутын өмнө газардсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Одбаяраас гадна түүнтэй хамт явсан монгол иргэн өөр нэг үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэж буруутгасан. Онгоцонд болсон явдлын дараа нисэх багийнхан Инчеоны нисэх буудлын цагдаад мэдэгдсэн бөгөөд онгоц газардмагч нисэх буудлын цагдаа нар Д.Одбаярыг хамт явсан хүнтэй нь баривчлан саатуулжээ. Удалгүй БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хүмүүс ирж, Цэцийн дарга болон түүнтэй хамт хэрэгт холбогдсон хүнийг дипломат халдашгүй эрхтэй, хуралдаа оролцоод буцаж ирэхэд нь мэдүүлэг өгүүлнэ гэж хэлээд суллуулсан байдаг. Онгоцны буудлын цагдаа нар тэдний үгэнд итгэн дипломат халдашгүй эрхтэй эсэхийг нь нарийвчлан шалгалгүй суллан явуулжээ.
Харин дараа нь БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас Д.Одбаяр нарыг дипломат эрх эдлэх боломжгүй, учир нь тэд БНСУ-аар дамжин өнгөрсөн, дипломат эрх нь зөвхөн тухайн төлөөлөгчийг илгээсэн болон хүлээн авч буй улсад л хамаарна, тиймээс хэрэгт холбогдсон хүмүүсийг эргэж шалгана гэдгийг мэдэгдсэн.
Гэтэл Д.Одбаярын хувьд өөрийнх арын суудал сууж явсан монгол хүн ёс зүйгүй үйлдэл гаргасан, тэр хүнтэй андуурч байна гэсэн юм. Мөн Монгол Улсын талаас түүнийг дипломат эрхтэй нь үнэн, дипломат халдашгүй эрх нь олон улсын хуулиар зохицуулагддаг гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.
Энэ хэрэгтэй холбогдуулан Инчеоны Бүсийн цагдаагийн газраас даваа гаригт /2019.11.04/ хохирогч гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Хохирогч хоёр эмэгтэй тухайн үед маш “муухай” байдалд орж, айж сандарсан тухайгаа хэлээд Д.Одбаяр нарыг шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Ингээд Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаярыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдээд байсан юм. Тус улсын Бэлгийн хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жил хорих эсвэл 15 сая хүртэлх воны торгууль төлөх шийтгэлтэй байдаг аж.
Эх сурвалж: DONGA.COM news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ