Б.Болороо: Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж хүлээсэн ч аргаа бараад ард иргэдээсээ тусламж хүсч байна

Өөрийн халамжит ханиа цаг бусаар алдаж шаналан суугаа иргэн Б.Болороо ард иргэдээсээ тусламж гуйхад хүрчээ. Тэрээр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдиийн дуу хоолой болж нийгэмд байр сууриа илэрхийлсээр өдийг хүрсэн.

Харин түүний нөхөр А нь өнгөрөгч зургаадугаар сард ажил үүрээ гүйцэтгэж байх хугацаандаа орон сууцны нэг давхраас лифтний хөндий хэсэгт унас амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон билээ. Харин талийгаачийг ажлын байраа орхин явсан хэмээн үзэж байсан түүний цогцос 19 хоногийн дараа хөндий хэсгээс олдсон байдаг. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг. Харин талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээний хариугаар биеэ хянах чадваргүй болтлоо архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан хэмээн гарсан байна. Уг шинжилгээний хариутай иргэн Б.Болороо санал нийлэхгүй байгаа бөгөөд хөдөлмөр аюулгүй байдал хангаагүй учраас манай нөхөр нас барсан хэмээж буй. Мөн талийгаачид лифт гацсан тул очиж засахыг үүрэгдэж түлхүүр өгч явуулсан Хишиг Арвин ХХК-ны ажилтанг шалгах хэрэгтэйг тэрээр сануулж байгаа билээ.

-ХӨРӨНГӨ МӨНГӨГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН БОЛОХООР ТОМ КОМПАНИЙН ЭСРЭГ ЯАЛТЧГҮЙ ХҮЧ МӨХӨСДӨЖ БАЙНА-

Иргэн Б.Болороо лайв хийж нийтэд хэргийн талаар мэдээлэл өгсөн билээ. Тэрээр хэлэхдээ:

-2019 оны зургадугаар сарын 19-ний өдөр нөхөр маань ажлын байр руугаа яваад эргэж ирээгүй. Хэрэг гарснаас хойш 4 сар өнгөрсөн ч, тодорхой болсон зүйл байхгүй байна. Одоохондоо шүүх эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын дүгнэлттэй танилцсан. Миний зүгээс хүмүүст хандаж тусламж хүсэхгүй бол ямар ч танилгүй, хөрөнгө мөнгөгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн болохоор том компанийн эсрэг яалтчгүй хүч мөхөсдөж байна. Хэрэг хэдий хэрэг бүртгэлтийн шатандаа явж байгаа ч гэсэн нэг ёсондоо хууль зөрчин та бүхэнд мэдээлэл хийж байна. Үүний дараа хууль тогтоомж, зөрчлийн хуулийнхаа дагуу надад арга хэмжээ авах байх. Гэсэн ч, надад тэр бүгдээс айж чичрээд охиныхоо ирээдүйд хар толбо үлдээхийг хүсэхгүй байна.

Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэе гэж удаан тэвчиж хүлээсэн боловч, шийдвэрлэгдэх гэж буй үр дүн нь тодорхой болсон байгаа учраас та бүхэндээ залруулж мэдээллийг хүргэж байгаа юм. Зургадугаар сарын 19-ний өдөр 12:00 цагийн үед нөхөр маань ажлын байран дээрээ уурхайд ажилладаг найзтайгаа нэг шил пиво хувааж уусан гэж мэдээлсэн. Үүний дараа 14:40-15:40 цагийн хооронд нөхөр маань ажил үүргээ гүйцэтгэж явах хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара хөнгөн атлетикийн тэргүүн Батдорж гэх хүн ажлын байранд нь очиж нөхрөөр маань архи авхуулж уусан. Тухайн өдөр архины холбогдолтой зүйл болсон нь энэ. Тэгээд 16:00 цагийн үед багш нь нэлээд согтсон байсан тул хажуугийн буудалд оруулж унтуулах гэсэн боловч, буудал нь хүлээж аваагүй. Тиймээс таксинд суулгаж явуулчихаад ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Яагаад энийг ярьж байна вэ гэвэл 2019 оны наймдугаар сарын 5-нд бид шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тэгэхэд хамгийн анхаарал татсан нэг зүйл нь нөхрийн минь цуснаас илэрсэн архины хэмжээ маш өндөр буюу 2.4 гэж гарсан. Үүнийг мэргэжлийн хүнээс асуухад тухайн хүн өөрийгөө удирдах чадваргүй хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарсан. Би дөрөв, таван жил тэр хүнтэй амьдрахдаа өөрийгөө хянах чадваргүй болтлоо ажлын байран дээрээ архи ууж, ажлаа цалгардуулаад явах хүн биш гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаа.

-КАМЕРЫН БИЧЛЭГ БАЙХГҮЙ, ТОГ ТАСАРЧИХСАН БАЙСАН ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН НЬ ХУДАЛ БАЙЖ-

Мэргэжлийн хяналтын байгууллага руу үйлдвэрийн осол мөн эсэхийг нь тогтоолгохоор цагдаагийн байгууллага руу явуулсан. Наймдугаар сарын 15-ны үеэр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас утасдаад мэргэжлийн хяналт руу явуулахаар боллоо гэдгээ хэлсэн. Мэргэжлийн хяналт руу явуулна гэдэг нь хэргийн үйл явц тодорхой болчихсон өөрөөр хэлбэл яаж байгаад тухайн хүн амь эрсэдсэн бэ гэдгийг цагдаагаас тодорхой болгосныхоо дараа мэргэжлийн хяналт руу хавтаст хэргийг явуулдаг. Тухайн үед их гайхсан. Манай нөхрийг хэдэн давхраас лифтний хонгил руу унасан нь тодорхойгүй байхад хэргийг мэргэжлийн хяналт руу яагаад явуулж байгааг нь гайхсан. Ингээд наймдугаар сарын 17-ны бямба гарагт өмгөөлөгчтэйгээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж уулзаж асуухад бүх зүйл тодорхой болсон өөрөөр хэлбэл камерын бичлэг олдсон гэж хэлсэн. Тэр хүртэл камерын бичлэг байхгүй, тог тасарчихсан байсан байна лээ гэсэн юм ярьсан учраас тухайн компанийг ч гэсэн манай нөхрийг доош унасныг мэдээгүй байсан байх гэж бодож явсан. Гэвч, харамсалтай нь камерын бичлэг анхнаасаа байсан юм билээ. Ингээд танай талийгаач нөхөр нэг давхраас лифтний хонгил руу унасан гэсэн зүйлийг хэлсэн.

Өчигдөр /2019-10-18/ би мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй танилцсан. Тэгэхэд хавтаст хэрэгт нь камерын бичлэг байсангүй. Зүгээр л зургийг нь оруулж, тайлбар бичсэн байсан. Хэрэв тэнд камерын бичлэг байсан бол мэргэжлийн хяналт бүх асуултын хариултыг архитай холбож гаргахгүй байсан болов уу гэж бодож байна. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан 10 гаруй асуултад хариулсан хариулт болгон “амь хохирогч А өөрөө архи уусан байсан учраас амиа алдсан” гэсэн байдалтай гарсан байсан. Надад бол мэргэжлийн хяналт үйлдвэрлэлийн осол мөн, биш гэж гарах эсэх нь ямар ч хамаагүй. Үйлдвэрлэлийн осол гэсэн дүгнэлт гаргуулаад компаниас 36 сарын цалин авах гээд хэргийн араас яваад байгаа хүн би биш. Миний охин одоо дөнгөж 4 ой хүрч байгаа. Энэ сэдэв намайг насан туршид минь дагаж явна. Болороогийн нөхөр ажлын байран дээрээ архи уугаад өөрийнхөө буруугаас болоод амь эрсэдсэн гэсэн мэдээлэл насан туршид минь дагаж явах учраас охин маань тэрийг уншаад аавыгаа буруутгаж, насан туршдаа гомдож амьдруулахыг би хүсэхгүй байна. Тиймээс л хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлэхийн тулд ингэж лайв хийж байгаа юм шүү.

-НӨХРИЙГӨӨ 2-3 СЕКУНДАД ХЭРХЭН ЯАЖ НАС БАРЖ БАЙГААГ НҮДЭЭРЭЭ ХАРСАН-

2019 оны 10 сарын 18-ны өдөр нөхрийгөө амь насаа алдаж буй бичлэгийг үзсэн. 2-3 секундад хүн үхэл рүүгээ яаж явж, хүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж болдог юм бэ гэдгийг нүдээрээ харсан, хүнд байсан. Тэгээд зөвхөн цагдаагийн байгууллагад итгээд хүлээгээд суухыг хүсээгүй. Би өөрөө нөхрийнхөө хэрэгтэй холбогдуулан материал цуглуулаад явж байгаа. Нөхрийнхөө барьж байсан дугаарыг шүүлгээд, тэр өдөр хамгийн сүүлд ямар хүнтэй ярьсныг нь олж тогтоосон. Үнэхээрийн миний таамаглаж байсны дагуу хэрэг явдал болсон байгаа. Надад сэжиглэх хангалттай үндэслэл байгаа.

Нэгд, 2019-08-05-нд шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцахад хавтаст хэрэгт нөхрийн маань цогцосны эргэн тойронд байсан цуснаас авсан шинжилгээний хариу нь байсан мөртлөө цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтийг 30 минутын турш хайгаад олоогүй. Хаана байгааг нь цагдаа мэдэхгүй байсан. 30-40 минут хайсныхаа дараа огт өөр газраас шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариуг гаргаж ирж байгаа юм. Энэ маш эргэлзээтэй.

Хоёрдугаарт, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн хариу 10 сарын 4-ний өдөр гарсан байна. Гэтэл би 14 хоног мэдээгүй, сонсоогүй байж байгаад хариутай нь танилцаж байна. Хохирогч тал нь мэдээгүй байхад компанийн тал буюу хариуцагч тал нь мэдчихсэн манайд ирж уулзахдаа “Мэргэжлийн хяналтын дүгнэлттэй танилцсан биз дээ, хариу гарсан байна лээ” гэж хэлж байгаа юм.

Гуравт, цагдаа нар бичлэгээс өөрт хэрэгтэй чухал хэсгүүдийг нь тасдаад авсан байсан. Тэр бичлэгээ СиДи дээр хуулаад хавтаст хэрэгтэй нь яагаад явуулж болдоггүй юм болоо. Би явуулж болох эсэхийг нь өөрөө сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хүн тэр бичлэгийг үзээд 2.4 промиллтэй буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтолттой байсан хүн лифт гацсан дуудлагыг аваад өөрийн ажлын байрнаасаа гараад лифт дээр очиж шалгаж үзээд, буцаж лифтний түлхүүрээ аваад, гацсан лифт рүүгээ гүйж очоод янзалж байгаа тэр үйл явцыг харсан ямар ч эрүүл ухаантай хүн энэ хүн согтуу байна, энэ хүн согтуугаасаа болж амь эрсэдсэн гэсэн дүгнэлт хийхээргүй байсан юмаа. Надад ийм гурван сэжиг байгаа.

Бас хамгийн хачирхалтай нь хамгийн сүүлд манай нөхөр рүү яриад лифт гацсан байна, лифтээ янзал гэж утастсан эмэгтэй өөртэй нь яриад, өөрөөс нь очоод түлхүүр аваад тэр чигтээ ор сураггүй болчихоод байхад нэг ч удаа “Хамгийн сүүлд надтай яриад тэгсэн шүү дээ” гэж хэлсэн бол ядаж л 10 гаруй хоног гадуур хайж, нойргүй хонохгүй байсан.

Хоёрдугаарт, миний нөхөр биеэ хянах чадваргүй согтуу байсан юм бол тэр утсаар яриад түлхүүр өгсөн хүн яагаад гацсан лифт рүү явуулсан юм бэ гэж асуумаар байна. Гуравт, зургадугаар сарын 20-ны өглөө өөрсдөө үзэж, хараад мэдсэн юм шиг над руу “Танай нөхөр хамаг юмаа аваад ажлын байраа орхиод явсан. Нэг хүнтэй гараад явж байхыг нь оршин суугчид харсан байна. Станц түлхүүрээ авья” гэж хэлсэн юм бэ. Өглөө, өдөр бүр надаас станц, түлхүүрээ нэхээд байхаар нь би тэр компани дээр очиж чадаагүй. Залгах бүрт нь айгаад манай нөгөөдөх чинь хэнтэйгээ хаашаа явчихсан юмбол доо гэж бодож байсан. 22-ны өдөр үеэл ахыгаа камерын бичлэгийг нь үзээд ямар хүнтэй, хаашаа гараад явсаныг нь мэдээд өгөөч гээд явуулахад танай дүү чинь камер унтраагаад явсан, юуг нь үздэг юм гээд ойртуулаагүй байсан. Би маш их гайхаж байна.

Дараа нь цагдаагаас өгсөн тайлбар нь юу байна вэ гэхээр тэр камер нь хоёроос гурван секунд болоод хаядаг камер байсан байна лээ. Тэрийг нь харчихаад камер унтраасан байна гэж харсан юм шиг байна лээ гэж хэлж байгаа юм. Тэр өдөр миний ах камерын бичлэг үзсэн бол миний нөхөр тэр дор амьд байх байсан ч юм билүү. Рафартын дэвтрийг нь харахад миний нөхөр багштайгаа ууснаасаа хойш ахиж уусан байна уу гэхэд уугаагүй байна гэж байгаа. Ярьж станц, түлхүүрээ нэхээд байсан ээлжийн ахлагч нь 14:00, 20:00 цагт ирж шалгаж, гарын үсгээ зураад явсан байна лээ. Би бардам хэлье миний нөхөр хэзээ ч ажлын байран дээрээ архи уугаад, архидан согтуурах хүн биш.

-МИНИЙ НӨХӨР ЛИФТНИЙ ХӨНДИЙ РҮҮ УНАСАН Ч АМЬСГАЛ ХУРААГААГҮЙ БАЙСАН ЮМ БИЛЭЭ-

Сэтгэл гогдоод байгаа нэг зүйл хэлэхэд задлангийн шинжилгээний хариу гарахад ходоод нь хов хоосон байсан. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл миний нөхөр лифтний хонгил руу унаад шууд үхээгүй нь ойлгомжтой болсон. 24 болон түүнээс дээш цагаар амьд байсан нь үүгээр батлагдаж байгаа. Унасан даруйдаа нас барсан бол миний нөхрийн ходоодонд ядаж л тэр өдөр идсэн хоол нь үлдэх байсан шүү дээ. Үеэл ахыг маань 22-нд очход ядаж камерын бичлэг үзүүлсэн бол нөхрийнхөө сүүлчийн үгийг нь сонсох ч байсан юм билүү. Долдугаар сарын 8-ны өдөр нөхрийгөө тэр дор 19 хоног байсан гэдгийг мэдсэн. Хүн өнгөрөөд тэр дор олон хоног байхаар ямархуу байдалтай олдох нь ойлгомжтой. Ийм байхад архины хувь өндөр гарч байгааг гайхаж байна  гэсэн билээ.

isee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ