Ш.Түвдэнбалжир: Стандартын алдаанаас болж зургаан хүний амь эрсдлээ. Одоо үйлдвэрийг зогсоох ёстой
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлж буй түүхий нүүрсийг орлох сайжруулсан түлшийг нийслэлийн гэр хорооллын иргэдэд бэлтгэн хүргэж байгаа билээ. Сайны хажуугаар саар гэгчээр харамсалтай нь сайжруулсан түлшнээс болж одоогийн байдлаар зургаан иргэн угаартсаны улмаас нас барж, 40 гаруй хүн хордлогын эмчилгээ хийлгэж эхлээд байгаа юм. Үүссэн нөхцөл байдалд хотын захиргаанаас үнэлэлт, дүгнэлт өгч тодорхой шийдвэрүүдийг цаг алдалгүй хийж байгаа ч иргэдийн зүгээс бухимдалтай, айдастай байгаа нь үнэн. Уг түлшний талаар мэргэжлийн байгууллагууд, судлаачид янз бүрийн тайлбар хүргэж байгаа. Бид энэ удаад уг төслийг анх яригдаж байх үед хамтран ажиллахаар санал солилцож байсан Монголын эрдэмтдийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ш.Түвдэнбалжиртай уулзаж ярилцлаа.
-Түүхий нүүрсийг орлох сайжруулсан түлшийг айл, өрх хэрэглэж эхэлсэн ч угаартаж, хордож нас барсан иргэдийн тоо зургаад хүрээд байна... Асуудал юунд байна вэ?
-Хүний амь нас хохирсонд гүнээ эмгэнэж байна. Түүхий нүүрснээс татгалзах санаачилга, бодлого, Засгийн шийдвэрийг дэмжиж байгаа. Сайжруулсан түлшээр нүүрсийг орлох нь зөв. Гэвч энэ төсөл анх яригдсан цагаасаа л мордохын хазгай гэгч болсон. Эхнээсээ хуудуутай болчихсон гэсэн үг.
-Яагаад... ямар алдаа хаанаас үүссэн гэж?
-2018 оны 2-р сард Засгийн газраас ийм шийдвэр гарсаны дараа Монголын эрдэмтдийн зөвлөлийн төлөөллийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Б.Ганхуяг хүлээн авч уулзсан. Тэнд ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шилдэгүүд буюу яг энэ асуудлаар олон жил ярьж байсан академич, доктор Б.Пүрэвсүрэн, академич, доктор Авид, ШУА-ийн ерөнхийлөгч асан Д.Баатар, НЭМХ-ийн захирал асан доктор Оюунбилэг, Сайжаа, нүүрсний өндөр технологийн олон улсын зөвлөх, гавьяат Ш.Ялалт нарын 10 гаруй эрдэмтэд оролцсон юм. Энэ үед түүхий нүүрсийг орлох, сайжруулсан түлшийг тус компанийн нүүрсийг ашиглан хийх төсөл яригдаж, бидний санаа бодлыг сонсож байсан юм. Тэгээд хамтран ажиллах гэрээ байгуулж, эрдэмтдийн зөвлөх багийг ажиллуулах гэж байтал одоогийн Ерөнхий сайдын зөвлөх Алтанхуяг гэж нөхөр дундуур нь орж ирээд “тусдаа үйлдвэр байгуулна” гэж болиулаад мэргэжлийн бус Б.Ганбаатар гэдэг хүнийг тус компанийн захиралаар томилсон. Тэгээд Стандарт тогтоодог төрийн байгууллагатай хамтран өөрсдийн дураар, хууль бус стандартын заалт батлуулж, өнөөгийн энэ эмгэнэлт байдлыг үүсгэсэн. Нэгхэн заалтын алдаа олон хүнийг үхлийн аюулд хүргэж байна. УГ компаний зүгээс эрдэмтдийн зөвлөл, тооцоо судалгаа хэрэггүй ээ гэсэн.
-Ямар стандартын ямар заалт вэ?
-MNS:5679//2019 гэсэн Монгол улсын стандартыг 2019 оны 6-р сард гаргасан. Энэ стандартын 3.2 дахь заалт нь нүүрсэн шахмал түлш гэж байгаа. Уг заалтад /нүүрсний нунтгийг холбогчтой, эсвэл холбогчгүй шахаж хийсэн түлш/ гэсэн. Энэ бол буруу заалт. “Тавантолгойн түлш” компанийн үйлдвэрлэлд зориулж зохиосон стандарт. Уг нь дэлхий нийтээр 3.3 буюу /хагас коксжсон шахмал түлш/ нүүрсний хагас коксын нунтагийг холбогч бодис ашиглан хийсэн түлшийг хэлдэг. Зүй нь бид 3.3 дахь стандартын заалтыг ашиглаж түлшээ бэлтгэх ёстой байсан юм. Үүнээс болж дээрх бүх хүндрэлтэй асуудал үүсээд байгаа юм даа. Ямар ч судалгаагүй, тооцоогүйгээр ажлаа эхлүүлсэн.
-Засаг төрийн санаачилсан, хэн нэгний хийж байгаа ажлыг буруутгаж шүүмжлэх нь бидний зорилго биш. Гэхдээ өнөөгийн үүссэн нөхцөл байдал, хүний амь эрсдэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь юунд байгаа вэ?
-Зөв. Бусдыг шүүмжлэх гэсний хэрэггүй. Гол алдаа нь юу байна гэдгийг л тодруулж яръя. “Тавантолгой түлш” ХХК нь Герман, Япон, Бээжин, Москва, Солонгос гээд дэлхийн улс орнуудад сайжруулсан түлш үйлдвэрлэдэг стандарт аргаас тэс өөрөөр түлш үйлдвэрлэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл өөрсдөө хийе гэсэн санаан дээр, тэр үйлдвэрт зориулсан сайн дурын стандартыг нэвтрүүлсэн. Үүнээс болж угаарын хий, тодруулбал корбаны хүчил, бусад химийн бодисууд холилдсон сөрөг нөлөө гарч байгаа юм. Эрдэмтдийн судалгаа, инженерчлэлийн тооцоо, эрүүл мэндийн нөлөөллийг огт тооцоолоогүй. Нунтаг нүүрсээр түлш хийдэг аргачлал хаана ч байхгүй. Байгалийн нүүрсний бүтцийн 40-25 хувь нүүрс, ус төрөгчийн нэгдэл болдог. Ус төрөгчийн нэгдэл нь нүүрсний эхүүн үнэр, цагаан өнгө зэргийг бий болгодог. Нүүрсийг эхлээд дулааны аргаар боловсруулж, органик хүчлийг нь ялгаж байгаа юм. Түүний дараа ашигладаг. Дэлхий яг ийм л зарчмаар түлш үйлдвэрлэдэг. Гэтэл манайх түүхий нүүрсний нунтгийг шууд хольж шатаагаад байгаа юм.
-Та сайжруулсан түлшийг гадаадын лабораторид шинжлүүлсэн гэсэн. Ямар үр дүн гарч байна вэ?
-Хүний биед сөрөг нөлөөтэй карбоны хүчлийн нэгдлүүд илэрч байна. Үүнээс ч ноцтой зүйлүүд илэрч мэдэхээр байгаа. Улаанбаатар хотыг битүү болгож байгаа, хүний биед сөрөг нөлөө учруулж, үхэлд хүргээд байгаа химийн нэгдлүүд чинь задгай агаарт шатаавал хор. Вакум орчинд шатаавал алт болдог химийн нэгдэл. Нүүрснээс гаргаж байгаа коксыг ашиглаж болно.
-Нэгэнт нөхцөл байдал иймд хүрлээ. Зургаан хүний амь насаар туршаад энэ түлш боломжгүй юм байна гэдэг нь батлагдлаа... Одоо ямар гарц байна вэ?
-Одоо сайжруулсан түлшний үйлдвэрлэлээ даруйхан зогсоох ёстой. Тэгэхгүй бол зургаа байтугай хүн угаартана. Олон хүний амь нас авч одоогүй дээр нь даруйхан зогсоогоод, үйлдвэрийг хаах хэрэгтэй. Иргэдийнхээ амь насыг хороох хөнөөлтэй түлш нийлүүлж байхаар Ерөнхий сайд нэг удаа ард түмнээсээ уучлал гуйгаад тогтоолоо цуцалж, буцаад нүүрсээ түлэх эрхийг нь нээх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоогийнхоос ч олон хүн үхэж мэднэ. Аюултай нөхцөл үүссэн байгаа. Мөнгийг олж болно. Тогтоолыг цуцалж болдог. Харин хүнийг дахин хэзэ ч амь оруулж болдоггүй гэдгийг хатуу санаарай. Нэг албан тушаалтныг огцруулахын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь хуралддаг юм билээ. Тэгвэл зургаан хүн амиа алдчихаад байхад Аюулгүйн зөвлөл хуралд л даа... Үүнийг шийдэхгүй бол нийслэлийн 1,5 сая иргэд хордож мэдэх нь. Энэ үйлдвэрлэл нь зөв. Гол нь үйл ажиллагаандаа мөрдөж байгаа стандартаа өөрчлөөд, бүтээгдэхүүнээ зөв үйлдвэрлэх зайлшгүй шаардлагтай.
-Сайжруулсан түлшнээс огт болоогүй. Энэ түлш хамгийн шилдэг, сайн түлш гээд хамгаалаад байна. Тэгэхээр түлж болно гэсэн үг. Та болохоор таарахгүй гэлээ..?
-Эд нар сайжруулсан түлшээ өмөөрч мэдэгдэл гаргах нь зөв. Учир нь өмөөрөхөөс өөр аргагүй нөхцөлийг тэд өөрсдөө бүрдүүлчихсэн. Сайжруулсан түлшээ шинжилгээнд өгөхөөр ямар ч алдаа гарахгүй стандартын дагуу гарч байгаа дүгнэлт нь. Гэтэл энэ стандарт нь манайд таарахгүй гэдгийг бодит байдал нь нотолчихлоо. Өөр ямар тайлбар хэрэгтэй юм бэ? Монгол улс нийт хүн амынхаа 50 хувиар дэнчин тавьж энэ төслийг эхлүүлсэн. Стандартынхаа зөв заалтыг л дагачих хэрэгтэй. Буруу заалтыг мөрдсөнөөрөө л өнөөдрийнхүний амь настай холбоотой асуудал яригдаад байна. Стандартын 3.3 гэсэн заалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол хүчин чадал, техник, цаг хугацаа их шаардана. Тэгэхээр хүний амь насыг мөнгөөр, түлшээр хэмжиж болохгүй. Үйлдвэрийнхээ технолгийн дэвшлийг өөрчлөх ёстой.
Эх сурвалж:Ulsturch.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ