Х.Баянмөнх аварга хулаар архи уужээ

Энэ сонин түүхийг Их аваргын анд, тухайн цагт ХААДС-ийн намын үүрийн дарга байсан, бөх судлаач Сан.Пүрэв гуай дурсчээ. Ардын хувьсгалын 60 жилийн ойн баярын жил байж.

ХААДС-ийн ректор Ц.Жамьянжав түүнийг дуудаад, хоёулаа Баянмөнхийн найм дахь түрүүг зохион байгуулъя. Намын үүрийн даргын хувьд чи үүрэг өг. Бусдыг би хариуцая. Баянмөнхийг дуудчихлаа гэжээ.

Аварга ч хаалгаар нь багтаж ядаад ороод ирж. Урьж суулгаад Сан.Пүрэв, “За Баянмөнхөө найм дахиа түрүүлэх үүргийг чамд намын үүрээс даалгаж байна гэж. Аварга шууд л “Би түрүүлнэ ээ” гэсэн байна.

Ректор тэднийг дагуулж гараад сургуулийн мал тэжээлийн цэгт очин бярууны дайны шар халзан ирэг заагаад, чамайг түрүүлэхээр ууц тавих хонь. Захиж авчирлаа гэжээ. Аварга их л баярлаж байгаа бололтой инээмсэглэж байж.

Ингээд, за гурвуулаа маргааш Баян сум руу явж гөрөөсний цус ууна хэмээжээ. Маргааш нь Баян суманд очсон боловч гөрөөс олдоогүй тул яргуйд цадсан ямааны цус ууцгаагаад буцжээ. Төдөлгүй Х.Баянмөнх, С.Сосорбарам, З.Дүвчин, Х.Бахыт тэргүүтэй бөхчүүдээ Толгойтын Баруун салаанд бэлтгэлд гарган, бүхнээр хангажээ.

Нэг эргэж очвол Баянаа аварга өдөржин унтаад орой 17 цагийн алдад бэлтгэл хийж байх юм гэнэ. Учрыг асуувал, хамгийн хариуцлагатай барилдаан 12-ны өдийгөөс эхэлдэг юм гэжээ. Тэр яах аргагүй үнэн байсныг хожим мэджээ.

Наадам ч болдгоороо болж, аварга найм дахиа түрүүлсэн байна. Наадмын маргааш болзсон цагтаа уулзан, Зайсангийн амны модон дотор аваргын түрүүг тэмдэглэжээ. Цай цүү, идээ будаа болсны дараа ректор аваргад айргийн хуланд шил “Болор” архи хийн барьжээ.

Аварга хоёр амсаад буцаатал, “Баянмөнхөө чи өнөөдөр хулаар, бид стаканаар ууна шүү. Аяга хоосон авахгүй гэжээ. Аварга ч тогтоогоод өгчихөж. Ингээд ярьж хөөрсөөр, идэж уусаар суутал аварга багцаагаар зургаан хулыг тогтоосон ч, яах ч үгүй сууж байж.

Хүндэтгэл өндөрлөхөд аварга тэднийг гэртээ урьжээ. Нэгэнт хоол хангалттай идсэн тул аваргынд хоол хийлгээд яах вэ гээд хүндэтгэлийг нь тогтоохоор болжээ. Аварга гал тогоондоо ороод гарынхаа салаа болгонд буюу найман шил “Болор” хавчуулаад хүрээд ирж. Түүнийг нь тогтоогоод амарцгаажээ. Аварга архи уухыг нэг л удаа ийнхүү харснаа Сан.Пүрэв гуай дурссан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ