3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 13-14-нд Монгол Улсад болно

“Токио-2020” олимпийн наадмын оноо цуглуулах Фиба 3х3 мэргэжлийн гран при тэмцээн энэ сарын 13-14-нд Монгол Улсад дөрөв дэх удаагаа болох гэж байна.

"ММС SUKHBAATAR CHALLENGER" нэрийн дор зохион байгуулагдах уг тэмцээнд одоогоор Сербийн алдарт “Нови Сад”, Лиман, АНУ-ын “NY Harlem”, Литви, Польш, Япон, Филиппин зэрэг 12 улсын багаас гадна “Ulaanbaatar MMC Energy”, “ARA ADM Taikhar” баг өрсөлдөх юм.

Сүүлийн жилүүдэд дээрх спортын төрлөөр Монгол Улсын баг тамирчид эрчимтэй хөгжиж манай баг, тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсаар байгаа.

Үүний баталгаа болгож FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монгол Улсыг 3х3 сагсан бөмбөгийн спортоор эрчимтэй хөгжиж, амжилт гаргаж буй дэлхийн шилдэг гурван улсын нэгээр шалгаруулсан байна.

Мөн хэдхэн хоногийн өмнө “Улаанбаатар ММС Энержи” багийнхан БНСУ-д зохион байгуулагдсан INJE Challenger тэмцээнд шинэхэн дэлхийн аварга болсон АНУ-ын хүчирхэг “Принстон” багийг хожиж шуугиан тарихын сацуу уг тэмцээнд гуравдугаар байрт шалгарч, олимпийн эрхийн оноогоо ахиулжээ.

Түүнчлэн тэд энэ жил АНУ-д болох 3х3 сагсан бөмбөгийн “Их дуулга” тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ