Г.Батцэнгэл: Монгол Улс нүүрсний өрсөлдөөнд ямар ч бэлтгэлгүй байна

“Coal Mongolia -2019” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн болж байна. “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор зохион байгуулагдаж буй ес дэх удаагийн энэхүү арга  хэмжээг “Монгол Нүүрс Ассоциаци”, БНХАУ-ын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциаци,  БНХАУ-ын  нүүрсний зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний “Түдэй Тинк Танк Энержи”, “Юмэй Инфо”  компаниуд хамтран зохион байгуулж буй юм. Чуулганы хүрээнд 60 гаруй компани үзэсгэлэн гаргажээ. Өнөөдөр, маргааш үргэлжлэх чуулганд гурван мянга орчим төлөөлөгч оролцох аж.

Чуулганы өнөөдрийн арга хэмжээ гурван хэсгээс бүрдэж байна.

Нэгдүгээр хэсэг,  “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвийн хүрээнд өрнөж,   Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” илтгэл тавилаа.

“Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Г.Батцэнгэл
“Монголын коксжих нүүрсний зорилтот зах зээл” илтгэл тавьсан бол “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн “Нэг өдрийн үнэ цэнэ хэд  вэ?, “Мера”  ХХК-ийн Бизнес хөгжил эрхэлсэн захирал  Б.Ганзориг “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, технологийг хөгжүүлж, өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээний чадамжийг сайжруулсан нь” гэхчлэн сэдвүүдээр илтгэж байна.

Г.Батцэнгэлийн илтгэлээс эшлэхэд “Монгол Улс нүүрсний өрсөлдөөнд ямар ч бэлтгэлгүй байна. Одоо нүүрсний үнэ өндөр байгаа болохоор манайх өрсөлдөөнд гайгүй яваад байна гэж бодоцгоож байх шиг байна. Сорилт тулгарахад бэлтгэлгүй байна. Дараагийн хямрал айсуй. Гэтэл бид төмөр замгүй хэвээрээ. Ингэж өөрсдийгөө хохироодог улс байна уу?

Бид олон жил ярилаа. Одоо дахиад ярихаар солиотой гэж харагдах байлгүй. Төмөр зам тавих ёстой гэдгийг эрхбиш хүн болгон ойлгосон байлгүй. Одоо барих л үлдлээ.

Гашуун сухайтаар гарсан нүүрсний хэмжээ өссөн. Дүгнэхэд БНХАУ-ын зүгээс Монголоос илүүтэй чанар сайтай, баяжуулсан нүүрс худалдан авах сонирхол илүү байгаа нь ажиглагдаж байна... Хятад том улс. Муж мужаар гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээ өөр. Байгаль орчны бодлогын хүрээнд гангийн үйлдвэрлэл, коксжих нүүрсний хэрэглээ Монголтой хил залгаа мужуудад 2 оронтой тоогоор өсөж байна” гэхчлэн ярьж байна.

Чуулганы хоёрдугаар  хэсэг “Зах зээлийн шинжилгээ” сэдвийн хүрээнд үргэлжилнэ.

Түдэй Тинк Танк Энержи ХХК-ийн дэд ерөнхийлөгч Хөү Жихуа “Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ, 2019-2020 оны төлөв байдал” сэдвээр илтгэл тавих бол Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны Ассоциацийн шинжээч Мү Веншин “Коксын худалдааны асуудал болон гангийн зах зээлийн төлөв байдал 2020” сэдвээр илтгэл тавих аж.

Чуулганы гуравдугаар  хэсэг “Бүс нутгийн харилцаа: Өмнөговь аймаг - Баяннуур аймаг” сэдвээр өрнөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ