Твиттерийн гүйцэтгэх захирлын хаягийг хакерджээ
Өнгөрсөн Баасан гарагт “Chuckle Squad” нэртэй нууц бүлэг нэгэн твиттер хаягийг хакердсан нь твиттерийн гүйцэтгэх захирал Жак Дорсигийн хаяг байлаа.
Хакерчид түүний хаягаас хэд хэдэн сөрөг, доромжилсон агуулга бүхий жиргээг нийтэлжээ. Гэсэн ч халдлага эхэлснээс 10 орчим минутын дараа эдгээр жиргээ устгагдаж Жак Дорсигийн хаяг аюулгүй болсон аж.
Харин халдлага болсноос нэг цаг орчмын дараа твиттерийн албан ёсны хуудаснаа “Жак Дорсигийн хаяг аюулгүй болсон бөгөөд твиттерийн систем ямар нэг байдлаар доголдоогүй” хэмээн жиргэжээ. Мөн хэсэг хугацааны дараа “Хакерууд Жак Дорсигийн хаяг дээр бүртгэлтэй байсан утасны дугаарыг ашиглан халдлага үйлдсэн байна. Үүрэн холбооны компаний аюулгүй байдлын доголдлоос болж ийм хэрэг гарлаа” гэж жиргэсэн байна.
Хожим нь уг халдлагыг Cloudhopper нэртэй мессеж үйлчилгээг ашиглан хийсэн нь тогтоогджээ. Тодруулбал, хэрэглэгч Твиттер дээр бүртгэлтэй дугаараасаа 40404 дугаарт мессеж илгээхэд тэрхүү мессеж нь жиргээ болж нийтлэгддэг аж. Cloudhopper-ийг Твиттер 2010 онд худалдан авч байсан юм.
Жак Дорсигийн хаяг 2016 онд “OurMine” нэртэй хакер бүлгийн гарт орж байсан түүхтэй. Уг бүлэг нь Фэйсбүүк, Гүүгл зэрэг технологийн томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудын хаягийг хакердаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ