НҮБ-ын бие даасан шинжээч Монгол Улсад ажиллаж байна
Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тухайлбал эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски 2019 оны есдүгээр сарын 2-11-ний өдөр Монгол Улсад ажиллана.
Бие даасан шинжээч Монгол Улсад ажиллахдаа УИХ, Засгийн газрын холбогдох яамд, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар мөн Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банк, Хөгжлийн банкны удирдлагатай тус тус уулзаж, есдүгээр сарын 7-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгой компанийн үйл ажиллагаатай танилцана. Тэрээр мөн иргэний нийгэм, судалгааны байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн болно.
Бие даасан шинжээчийн ажлын зорилго нь өрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн бодлого, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт, олборлох болон дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж буй бодлого хүний эрхийг хангах, хамгаалах үүрэг хариуцлагатай хэрхэн нийцэж буйг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Бие даасан шинжээч Монгол Улсад ажилласан тухай тайлангаа 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулна.
Монгол Улс хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй тусгай илтгэгч, бие даасан шинжээч нарт 2004 онд нээлттэй урилга хүргүүлсэн бөгөөд үүний дагуу эдгээр бүтэцтэй бүх талаар нээлттэй хамтран ажиллах хариуцлага хүлээдэг болно.
Хуан Пабло Богославски нь Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээчээр 2014 оноос ажиллаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын өрийн шинжээчээр ажиллаж байсан бөгөөд хариуцлагатай зээл олголт, зээлжилтийн асуудал хариуцсан экспертийн бүлгийн үйл ажиллагааг чиглүүлж байсан туршлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ