Рингэн дээр авсан гэмтлийн улмаас дахин нэг боксчин нас баржээ

Аргентины 23 настай боксчин Хуго Сантильян Уругвайн Эдуардо Хавьера Абреугийн эсрэг хийсэн тулаанд авсан гэмтлийн улмаас нас барсан тухай Дэлхийн боксын зөвлөл (WBC) мэдээлжээ.

Арван үе үргэлжилсэн тоглолт энэ сарын 20-нд болсон ба шүүгчдийн саналаар аль нэг боксчинд ялалт өгөлгүй тэнцүүлжээ. Тоглолт өндөрлөснөөс нэлээд хожуу Хуго Сантильяны бие муудан эмнэлэгт хүргэгдсэн ба энэ сарын 25-нд нас барсан аж. Түүнийг ямар гэмтлийн улмаас өөд болсныг тодорхой мэдээлээгүй байна.

Хуго Сантильян мэргэжлийн боксын рингэн дээр 27 удаа гарахдаа 19 удаа (үүнээс наймыг нь нокаутаар) ялж зургаан удаа (үүнээс хоёрт нь нокаутаар) хожигдон хоёр удаа хайнцжээ.

Түүнийг амьсгал хураахаас ердөө хоёр хоногийн өмнө АНУ-ын эмнэлэгт Оросын 28 настай боскчин Максим Дадашев нас барсан билээ. Максим Дадашев Пуэрто Рикогийн Сабриел Матиаст хүнд цохилтоор ялагдсан ба тархины хавдартай болон мэс хагалгаанд орж, ухаан оролгүй байсаар өөд болсон юм.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ