Америкт рингэн дээр хүнд цохилтоор хожигдсон 28 настай Оросын боксчин нас баржээ


Энэ сарын 20-нд Америкийн Оксон Хилл хотноо Олон улсын боксын холбоо буюу IBF-ийн 63.5 кг-ын жинд дэлхийн аваргатай өрсөлдөх эрхийн төлөө тулааны 11 дэх үед Оросын 28 настай Максим Дадашев Пуэрто Рикогийн Субриэл Матиаст хүнд цохилтоор хожигдсон билээ.

Тулааны дараа Максим Дадашевын бие муудаж бөөлжин эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүний тархины баруун талд хавдар үүссэнийг тогтоон яаралтай мэс засал хийсэн байна. Хоёр цаг үргэлжилсэн мэс заслын дараа боксчны тархин дахь хавдрыг амжилттай авсан аж.

            Гэвч мэс заслаас хойш гурван хоногийн дараа Максим Дадашевын зүрх мэс заслын ачааллыг дийлэлгүй зогсчээ. Боксын түүхэнд ийм эмгэнэлт үхэл цөөнгүй тохиолдож байв.

Сүүлийн жишээнүүдийг дурдвал, 2018 оны хоёрдугаар сарын 24-нд Их Британийн Скотт Вестгарт, Дек Спелмэн нарын тулааны дараа оноогоор хожсон Скотт Вестгарт хувцас солих өрөөнд ухаан алдан эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Мөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Италийн боскчин Кристиан Дагио Тайландын Дон Перуангтай өрсөлдөн сүүлийн 12 дахь үед хоёр удаа хүнд цохилтод орон ухаан алдаж, Багкок хотын эмнэлэгт хоёр өдөр ухаан оролгүй байж байгаад өөд болжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ