Хакүхогийн шинэ монгол шавь
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн өмнөх шинэ бөхийн шалгалт энэ сарын 1-нд явагдлаа. Энэ удаад гурван залуу хөвгүүн сүмоч болохоор шалгалт өгсний нэг нь Миягино дэвжээний Хасэгава Цүбаса байлаа.
Хасэгава бол япон аав, монгол ээжтэй, 16 настай хүү. Чиба мужийн Ичихара хотод амьдардаг ч Улаанбаатарт төрсөн.
“Багаасаа л сүмо болохыг мөрөөддөг байлаа. Асашёорюү, Хакүхо их аваргууд шиг болох нь миний зорилго” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна.Хасэгава цэцэрлэгээс бага анги төгсөх хүртлээ Японд амьдарсан ч сүмо бөхийн секц дугуйланд хичээллэж байгаагүй гэнэ. Гэхдээ багшийнхаа ятгалгаар бага ангийнхны сүмогийн тэмцээнд орж, Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээний шилдэг 8-д орж байсан амжилттай. Дунд ангид орох үедээ Монголд буцаж, сагсан бөмбөгөөр хичээллэж байжээ. Ингээд ахлах ангид дэвшин суралцахаар болоод байхад нь өнгөрсөн тавдугаар сард их аварга Хакүхогоос урилга ирснээр ийнхүү Миягино дэвжээнд элсэхээр шийдсэн байна. Түүнийг бага ангиас нь ажиглан харж байсан сүмогийн секцийн багш нь их аварга Хакүход танилцуулж, их аварга зургийг нь үзээд авахаар шийдсэн ажээ.
Аав нь бейсбол тоглодог байсан тул удам дамжсан тамирчин ч гэж хэлж болох. Эрүүл мэндийн үзлэгт хамт орсон хоёр япон хүүхдээс бие бялдар, хүч чадал илүү байлаа. 97 кг жинтэй. 185 см өндөр. Багаасаа Японд өссөн, Монголд байхдаа япон хэлний “Сакура” сургуульд суралцаж байсан тул Японд дасаж зохих болов уу гэсэн зовлон үгүй. Ийнхүү сүмо дахь монголчуудын арми бас нэгэн цэргээр эгнээгээ сэлбэлээ.
zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ