Их гүрнүүдийн тэргүүн хатагтай нар юу хийдэг вэ

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн тэргүүн хатагтай нарын амьдрал, үүрэгт ажлын тухай мэдээлэл түүвэрлэн хүргэе.

Улсын тэргүүн, Ерөнхийлөгчийн гэргий албан ёсоор тухайн улсын тэргүүн хатагтай болдог бөгөөд улсынхаа нийгэмд маш өндөр байр суурь эзэлдэг. Тэргүүн хатагтайн үүрэг олон зууны өмнөөс бий болж, улам тэлсээр байгаа юм. Тэд Ерөнхийлөгчийн оролцсон  дээд хэмжээний уулзалт, гадаад орнуудад айлчлал айлчлалын үеэр эх орноо төлөөлөн оролцох үүрэгтэй байдаг. АНУ-ын тэргүүн хатагтай нарын ажлын үүрэгт “Цагаан ордонд болох бүхий л хүлээн авалт, уулзалтыг зохион байгуулах” гэж багтдаг байна. Мөн улсынхаа нийгэм, соёл, хүний эрх, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагаан нүүр царай болдог байна. 

 

Меланиа Трамп

1. АНУ-Меланиа Трамп

Меланиа бол Доналд Трампийн гурав дахь эхнэр бөгөөд түүнээс 24 насаар дүү юм. Тэрээр Словен гаралтай супермодель, үл хөдлөх хөрөнгийн шаггүй чадварлаг бизнесмэн хатагтай юм. Мөн АНУ-ын хоёр дахь гадаад гаралтай тэргүүн хатагтай аж.

Меланиа Югославын Любляны их сургуулийг төгссөн, Словени, Франц, Серби, Герман, Итали, Англи зэрэг зургаан хэлээр ярьдаг. Энэ жил 48 настай.

Тэргүүн хатагтайн хувьд 2017 оны гуравдугаар сарын 8-ны өдөр буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Малениа Цагаан ордонд өөрийн санаачилсан өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгийн хүрээнд АНУ-д хууль бусаар нэвтэрсэн цагаачдын асуудал, жендерийн тэгш байдлын эсрэг боловсрол хамгийн чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Цагаач охид хүүхдүүдийн боловсрох эрхийг хамгаалах зэрэг олон сэдвээр хэлэлцсэн юм.

Меланиа мөн ахлах, дунд сургуулиудад байдаг цахим гадуурхалт, дээрэлхэх явдлыг үгүй хийж, өсвөр насныханд сэтгэл зүйн зөвөлгөө өгөх зорилготой “Be Best”  хөдөлгөөнийг удирдаг аж.

Пэнь Лиюань

2.БНХАУ- Пэнь Лиюань

БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэнь Лиюань нь 1962 оны арван нэгдүгээр сарын 20-нд Шандунг мужийн Юнченг хошуунд төрсөн, БНХАУ-ын дарга Си Зиньпинээс есөн насаар дүү.

Пэнь Лиюань нь БНХАУ даяар хайрлагдаж, хүндлэгдсэн нийтийн дуучин байсан бөгөөд гайхалтай сопрано хоолойгоороо нэрд гарсан. Тэрээр 18 настайдаа Хятадын Ардын Чөлөөлөх Армид элссэн ба тэндээс авьяасаараа шалгаран Армийн Урлагийн академид орж байжээ. Одоо Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хошууч генерал цолтой.

 Нөхөртэйгөө 1980 онд танилцаж байсан бөгөөд 1992 онд төрсөн ганц охинтой. Түүнийг Си Зиньпинийн хоёр дахь гэрлэлт гэдэг.

Биеэ авч явах байдал, төлөв даруу хэрнээ дэгжин хувцаслалт нь түүнийг дэлхий нийтийн анхааралд байнга аваачдаг юм. Тэргүүн хатагтайн хувьд Пэнь Лиюань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайн үйлсийн элч. Сүрьеэ болон ДОХ-той хүмүүст туслах, тамхины эсрэг аян, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах үйл ажиллагаа, аян тогтмол зохион байгуулдаг нийгмийн идэвхтэй зүтгэлтэн юм.

Брижит Макрон

3. Франц-Брижит Макрон

Эммануель Макрон  болон түүний гэргий Брижит Макрон нарын хооронд 24 насны зөрүүтэй ч хайр сэтгэлд нас ямар ч хамаагүй болохыг баталсан билээ. Брижит Макрон ирээдүйн ерөнхийлөгчтэй 15-тай байхад сургуульд нь Франц хэлний хичээл заадаг байжээ. Хосууд яг хэдэн оноос харилцаатай болсон нь тодорхойгүй ч гэсэн Эммануель Макрон  17 настайдаа Брижитд “Чамайг хаана юу ч хийж байсан би чамтай гэрлэх болно” гэж хэлж байсан гэдэг.

Онцгой насны зөрүүтэй ч гэлээ Брижит нөхрийнхөө бүхий л амжилтыг хамт туулсан бөгөөд хамгийн найдвартай ар тал нь  гэж хэлж байжээ. Тэрээр нөхрийнхөө сонгуулийн ажилд алгасалгүй оролцдог байсан бөгөөд хүний эрх, залуу эмэгтэйчүүдэд нийгэмд байр сууриа олох боломжийг нэмэгдүүлэх илтгэлүүд тавьж байжээ.

Ри Соль Жу

4.БНАСАУ-Ри Соль Жу

Дэлхийн хамгийн нууцлаг тэргүүн хатагтай Ри Соль Жугийн хувийн мэдээлэл тун хомс. Түүний нөхөр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ынтэй ойролцоо настай буюу 1985-1989 онд төрсөн хэмээн таамагладаг. Ким Ир Сений нэрэмжит их сургуульд суралцсан, эсвэл Кымсон урлагийн элит сургуульд сурч байсан гэх мэдээлэл бий. Мөн Ким Жөн Ыны дуртай охидын хамтлагийн гишүүн байсан гэх яриа байдаг.

Хосууд өмнөх удирдагч Ким Ир Сэнийг нүд анихаас өмнө буюу 2009 онд гэрлэсэн гэх бөгөөд түүнийг удирдагчид гурван хүүхэд төрүүлж өгсөн гэдэг.

Ри Соль Жуг өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-ын тэргүүн хатагтай хэмээн албан ёсоор зарласан бөгөөд Ким Жөн Ыны хамт БНХАУ, БНСУ-д хийсэн түүхэн айлчлалуудад оролцсон юм.

Эх сурвалж: thoughtco.com, Forbes, Koreatimes 

itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ