Цуутай гэмт хэрэгтнүүдийн гэргий нарын ээдрээтэй амьдрал

Дэлхийн номер нэг зартай гэмт хэрэгтний эхнэр байх ямар байдаг бол? Тэдний зарим нь эхнэрүүдээ гэмт хэрэгтээ татан оролцуулж, хамтрагчаа болгодог бол заримынх нь гэргий нар нөхрийнхөө төлөө залбирч, үйлдсэн нүглийг нь өршөөхийг гуйдаг аж. Ингээд түүхэн дэх хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн эхнэр хэрхэн амьдарч байсан талаар сонирхоцгооё.

1Мэй Капоне

Америкийн цуутай дээрэмчин Аль Капоне (Al Capone) 19-тэйдөө өөрөөсөө нэг насаар дүү ирланд бүсгүй Мэй Жозефинтай гэрлэжээ. Эхнэр нь гэрлэхээсээ өмнө Альд хүү төрүүлж өгсөн ч төрөлхийн тэмбүү өвчинтэй гарсан аж. Энэ нь Капоне эхнэртээ тэмбүү өвчин халдааснаас болсон бөгөөд хөөрхий бүсгүй насан туршдаа энэ өвчинтэй тэмцсэн байна. Бяцхан хүү тархины хагалгаанд орж, насан туршдаа хагас дүлий болсон гэнэ. Гэсэн хэдий ч Мэй нөхөртөө маш их хайртай байсан төдийгүй  Аль Капонег уушгины өвчин, харвалтаас болж нас бартал нь 1947 он хүртэл хамт байжээ.

Харин Мэй 1986 онд 89 насандаа өөд болсон байна. Тэдний хүү Альберт Капоне хожим овгоо Браун болгон сольсон бөгөөд жижиг хулгай хийсэн хэргээр хоёр жил шоронд хоригдож байсан гэнэ. Тэрээр гэр бүл зохион дөрвөн охины эцэг болж, 2004 онд таалал төгсчээ.

Мэй Капоне

2Алиса Даймонд

Ирланд гаралтай америк гангстер Жек Легс Даймонд (Jack Legs Diamond)-ын эхнэр Алиса нөхрийнхөө гэмт хэргийн амьдралд ихээхэн дургүй байжээ. Даруухан, шашин шүтлэгтэй тэрээр нөхөртөө маш их хайртай байсан учир олон нүгэл үйлдсэнийх нь төлөө залбирч, араар тавилтыг нь хүртэл уучилсан аж. Жек АНУ-ын “Хуурай хууль”-ийн үед Нью-Йорк, Филадельфи орчмын цуутай архи шаглагч байсан гэнэ. Тэрээр зөвхөн согтууруулах ундаа дамлаад зогсохгүй, өрсөлдөгчдөө хулгайлж, тамлан зовоож амь насыг нь хороодог байжээ.

Даймондын амь насанд хэд хэдэн удаа халдаж байсан бөгөөд нэг удаа түүн рүү таван удаа буудсан байна. Азаар тэрээр буудлын өрөөнөөс гарч тусламж дуудаж чадсанаар амьд үлджээ.  Ийнхүү түүнд “Үхэшгүй мөнх” гэсэн хоч өгсөн боловч 1931 онд Нью-Йоркийн зочид буудалд тэрээр үл таних этгээдүүдэд буудуулан амь насаа алдсан юм. Аллагын гэмт хэрэгт мафи, цагдаа, тэр ч байтугай улстөрчдийг хүртэл сэжиглэж байжээ.

Харин Жекийг нас барснаас хоёр жилийн дараа түүний эхнэр Алисаг Брүүклин дэх гэртээ байхад нь буудаж амь насыг нь хороосон байна. Алисагийн алуурчдыг өнөө хэр нь олж чадаагүй.

Алиса Даймонд

3Мария Эскобар

1976 онд Колумбын хар тамхины наймаачин, 27 настай Пабло Эскобар (Pablo Escobar) 15 настай Мария Виктории Энао Вальехотай гэрлэсэн байна. Мария нөхрөө үргэлж дэмждэг байснаас гадна мөн л түүний араар тавилтыг уучилж байсан гэнэ. Хамт амьдарсан сүүлийн жилүүдэд нь Пабло сэтгүүлч, загвар өмсөгч Вирхини Вальехотай дотно холбоотой байсан ажээ.

Мария нөхрийнхөө хийдэг ажлыг сайн мэддэг байсан учир 1993 онд  Паблог амиа алдсаны дараа хуурамч нэрээр нэг хэсэг нуугдан амьдарч байгаад удалгүй цагдаа нарт баривчлагджээ. Хагас жилийн турш шоронд хоригдсон Марияг хууль бус наймаа хийсэн болохыг нь нотлох баримт олдоогүй учир сулласан аж. Ингээд шоронгоос суллагдмагцаа охиныхоо болон өөрийн овог нэрийг өөрчилж, бусдын нүднээс далд амьдрах болжээ.

Паблогийн хүү, өдгөө 41 настай Хуан архитекторч бөгөөд Буэнос-Айрест эхнэр, хүүхдийн хамт амьдарч буй гэнэ. Тэрээр эцгийгээ өрөвч зөөлөн сэтгэлтэй, халамжтай хүн байсныг дурссан байна. Жишээ нь, нэгэн удаа Пабло хүүхдүүдийнхээ хамтаар цагдаа нараас нуугдаж уул руу зугтах үедээ хоёр сая орчим доллараар гал түлж хүүхдүүдээ дулаацуулсан гэнэ. Ийнхүү гэр бүлийнхэндээ хайртай байдал нь түүнийг амиа алдахад хүргэсэн гэдэг. Нас барахынхаа өмнө Пабло бараг бүтэн жилийн турш гэр бүлийнхэнтэйгээ холбоогүй байсан бөгөөд төрсөн өдрөөрөө гэр рүүгээ залгаж, хүүтэйгээ таван минут ч болов ярихыг хүсчээ. Чухам энэ л дуудлагаар нь цагдаа нар түүний байгаа газрыг илрүүлж хэсэг хугацааны дараа баривчилсан аж.

Мария Эскобар

4Данубия Ранжел

Бразилийн хар тамхины наймаачин Антонио Бонфима Лопес (Antonio Bonfim Lopez)-ын эхнэр Данубия 2011 онд нөхрөө баривчлагдсаны дараа түүний үйл хэргийг үргэлжлүүлэн хийж байгаад удалгүй баригдсан байна. Тэрээр энэ хугацаанд  Рио де Жанейрод болсон гэмт хэрэгтнүүдийн хамгийн том дайныг зогсоож чадсан байна. Данубияг 2017 онд баривчилсан бөгөөд хар тамхины худалдаа, хүний наймааны хэргээр 28 жилийн ял сонсчээ. 

Данубия Ранжел

5Эмма Коронель Аиспуро

Эмма 18 настай байхдаа Мексикийн хар тамхины наймаачин Хоакин Гусман Лоэра (Joaquin Guzman Loher)-тай 2007 онд гэрлэжээ. Түүний нөхрийн богино нэр нь Эль Чапо (El Chapo) юм. 50 настай, дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтний дөрөв дэх эхнэр болсон тэрээр 2012 онд ихэр хүүхэд төрүүлж өгсөн гэнэ. Энэ үед Хоакин Гусман "Forbes" сэтгүүлээс тодруулдаг "Дэлхийн хамгийн баян хүн"-ий жагсаалтанд багтаж байжээ.

Хэдийгээр Хоакин цагдаа нараас нуугдан амьдарч байсан ч өөрийн амьдралын түүхээр кино бүтээлгэхээр Холливудынхантай холбоо  тогтоож, алдарт жүжигчин Шон Пеннтэй уулзаж байгаад баригдсан ажээ. Гэсэн ч түүний хүсэл биелж, 2017 онд “Эль Чапо” хэмээх кино дэлгэцнээ гарсан юм.

2016 онд Эммагийн 19 болон 13 настай үеэлүүд буудуулж амиа алдсан нь нөхрийнх нь хийсэн хэргүүдийн төлөөс байв.

Эмма Коронель Аиспуро

6Фаина Комиссар

"Япончик" хэмээх хочтой Вячеслав Иваньков (Vyacheslav Ivankov) 1990-ээд оны эхээр АНУ-ыг зорьсон бөгөөд тэндээ Оросын мафийн толгойлогч байжээ. Тэрээр Киевийн цагаач иргэн  Фаина Комиссартай гэрлэсэн аж. АНУ-д шоронд сууж байгаад суллагдах хүртэл нь Фаина түүнийг хүлээж байсан бөгөөд дараа нь тэд хамтдаа Орост эргэн иржээ. 2009 оны долдугаар сарын 29-нд Иваньков  Москвад олон удаа буудуулж, хоёр сарын дараа эмнэлэгт нас барсан байна. Нөхрөө нас барсны дараа Фаина хэвлэл мэдээллийнхнээс хол, олны анхаарлаас ангид нам гүм амьдарч байгаа аж. 

Фаина Комиссар


saak.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ