Дэлхийн анхны аягатай бэлэн гоймонгийн музей
“Cup Noodle Museum” нь дэлхийд цор ганц байх бэлэн гоймонгийн музей бөгөөд япончууд төдийгүй олон улсын жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг, очиж үзэхийг хүсдэг газруудын нэг юм. Тус музейн салбар Японы Осака болон Ёкохама хотуудад байрладаг.
Осака хотод байрлах "The Instant Ramen Museum"
Ёкохама хотод байрлах "Cupnoodles museum"
Осака хотод өөрийн жижиг хоолны газар эрхэлдэг байсан Момофүкү Андоо анх 1958 онд “Chicken Ramen” буюу “буцалсан усанд хийн шууд идэх боломжтой хоол”-ыг анх санаачлан хийснээр бэлэн гоймонгийн түүх эхэлжээ. Эдүгээ тэрээр дэлхий нийтэд “Бэлэн гоймонгийн эцэг” гэдгээрээ илүүтэй танигджээ. Мөн Момофүкү Андоо 1971 онд аягатай бэлэн гоймон гаргаж, дэлхий дахинд “Cup noodle”-ийн соёлыг түгээсэн бол 2005 онд “Сансрын бэлэн гоймон” гаргасан юм.
Бэлэн гоймон нь Японоос гаралтай тул тус улсын соёл, хоолны уламжлалд томоохон байр суурь эзэлдэг. Тиймдээ ч бэлэн гоймонгийн соёлыг олонд таниулах зорилгоор “Cup Noodle Museum” нээж, олон төрлийн сонирхолтой үзмэрүүдийг дэлгэсэн төдийгүй өөрийн гараар бэлэн гоймон хийх боломжтой хэсгүүдийг багтаажээ.
Тус музейд очсон хүмүүс бэлэн гоймонгийн түүхтэй танилцахын сацуу аягатай бэлэн гоймонгийн үйлдвэрт өөрийн хүссэн орц хэмжээгээр “My cup noodle”-ийг хийж үзэх боломжтой юм.
Осакагийн Икэда хотод байрлах музей нь үнэ төлбөргүйгээр олон нийтэд үйлчилдэг. Харин “Chicken ramen” буюу анхны бэлэн гоймонг өөрийн гараар хийж үзэхийг хүсвэл 300-500 иен, “My cup noodle”-ийг хийх бол 300 иен төлдөг аж. Харин Ёкохама хотод байрлах музейг үзэхийн тулд насанд хүрсэн хүмүүст 500 иен төлдөг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ