Энэ зуны гол худалдан авалтууд: 8 тренд загвар
Зуны эхэн өдрүүдийг тохиолдуулан бид энэ улиралд тренд байх үндсэн загваруудыг танилцуулж байна.
Шоорттой хослол
Сонгодог хослол өмсөх нь хэтэрхий уйтгартай санагддаг бол дулаан өдрүүдэд зориулан шоорттой хувилбарыг туршаад үзээрэй. Ийм төрлийн хослол нь цагаан футболка, кет зэрэг чөлөөт загваруудтай сайхан зохицдог тул илүү олон төрлийн, сонирхолтой төрх бүрдүүлэх боломжтой.
Хөвөн даавуун цамц
Тэсэхийн аргагүй халуун өдрүүдээр хөвөн даавуу зэрэг байгалийн гаралтай материалууд бидний авралд ирдэг. Ийм төрлийн материал нь биеийг хэт халахаас сэргийлж, арьсыг амьсгалуулж, хурдан хатдаг давуу талтай. Тиймээс зуны улиралд синтетик материалтай хувцаснуудаа далд хийж оронд нь хөвөн даавуун загваруудаар шүүгээгээ дүүргэцгээе.
Гар хийцийн загварууд
Дэгээ зүүгээр нэхсэн эсвэл макраме болон төрөл бүрийн сүлжмэлийн техник ашигласан гар хийцийн загварууд энэ зуны гол тренд болж байна. Гэхдээ стайлингийн хувьд эдгээр ретро загваруудыг илүү орчин үеийн хувцаснуудтай хослуулбал сонирхолтой байх болно. Жишээ нь дэгээ зүүгээр нэхсэн даашинз дотор өөр өнгийн спорт купальник өмсөж эсвэл "эмээгийн нэхсэн" майкаг ажил хэрэгч хослолтой загварчилж болох юм.
Жийнсэн богино юбка
2000-аад оныг санагдуулам жийнсэн юбкаг яг л тухайн үед загварчлан өмсдөг байсан шиг өргөн бүс, өндөр өсгийтэй угладаг сандаал болон богино топтой хослуулан өмсөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн сүүлийн үед брэндүүд хуучин жийнсэн өмдийг юбка болгон оёдог тренд үүсээд байгаа.
Нүүрний тэн хагасыг халхлах том нарны шил
1990-ээд оны нарийхан шилнүүдийн зэрэгцээ нүүрний тэн хагасыг халхалдаг аварга том загварууд энэ улиралд моданд орлоо. Та өөрийн сонирхолд нийцүүлэн аль ч хувилбарыг сонгосон бай загварлаг харагдана гэдэгтээ итгэлтэй байж болно шүү.
Нарийн оосортой сандаал
Ийм төрлийн сандаалыг мөн "нүцгэн сандаал" гэж нэрлэх нь бий. Учир нь энэхүү загвар нь цөөн хэдэн нарийн оосроос л бүрддэг ба байж болох хамгийн минимал дизайнтай юм.
Дөрвөлжин хоншоортой mules
Хэрвээ та шөвгөр хоншоортой гутлаас залхаад амжсан бол анхаарлаа дөрвөлжин хоншоортой сандаал руу хандуулаарай. Мөн л 2000-аад оноос эргэн ирсэн энэ загвар нь томоохон брэнд бүрийн шинэ цуглуулгад багтсан байгаа.
Панама малгай
Зөвхөн энэ зуны улиралд төдийгүй дараа нь ирэх намар-өвөл 2019 улиралд ч мөн панама загварын малгай эрэлт өндөртэй байх болно. Тэр ч бүү хэл Dior ордон сүүлд зохион байгуулсан загварын шоуныхаа үеэр шинэ цуглуулгын төрх бүрийг панама малгайтай хослуулж энэхүү аксесуар нь ямар ч хувцастай төгс зохицдогийг харуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ