“Талын салхи-2019” олон улсын мото наадам эхэллээ
“Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж буй “Талын салхи-2019” олон улсын мото наадам өнөөдөр эхэллээ.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах ач холбогдолтой юм.
Энэ жилийн наадамд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд болох ОХУ, БНХАУ-аас 200 мото тамирчин, Япон, Энэтхэг, Герман, Франц улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Наадамд оролцогчид өнөөдөр 11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан, 12.30 цагт “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” руу хөдлөв. Цогцолборт байрлах мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн, урлагийн тоглолт болно. Тоглолтод Харанга, Жонон, Хурд, Нисванис, Булсара, Аравт, The Hu, Empire, Аадар, Lord, Rec on, Ice top, Digital, Click click boom, рэппэр Gee, Desant, NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies нар оролцохоос гадна нийслэлийн Улаанбаатар чуулга, уран нугаралт, циркийн үзүүлбэр толилуулах аж.
Чопперчид гэж хэн бэ? Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд дэлхийн II дугаар дайны дараа америк цэргүүд өөрсдийн мотоциклыг засаж тоноглосноор шинэ загварын чоппер мотоциклын үүсэл тавигджээ. 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болсон бөгөөд Монгол Улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ