“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” нам их хурлаа хийж байна

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нарын үүсгэн байгуулж буй “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” буюу ШИНЭ намыг үүсгэн байгуулах Их хурал өнөөдөр Төрийн ордонд 11:20 цагт эхэллээ.

УИХ-ын гишүүд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Эрдэнэт хотоос 21 аймаг, есөн дүүргээр хийх уулзалтаа эхлүүлж байсан бол өнөөдөр бүх уулзалтуудаа амжилттай хийж дууссан ба “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д эвлэлдэн нэгдэхээр, дэмжиж элсэхээр хүсэлтээ гаргасан 68000 иргэдийн гарын үсэг цугларсан тухай хурлын үеэр мэдээлсэн юм.

Хурал 2018 оны 12 дугаар сард эхэлсэн МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний тэмцэл, ШИНЭ намын үүсгэн байгуулагчдын орон даяар иргэдтэйгээ хийсэн уулзалтыг эргэн сануулсан баримтат киногоор эхэлсэн ба УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, удирдахуйн ухааны доктор, дэд профессор С.Нармандах, эдийн засагч Х.Батсуурь, залуусын төлөөлөл болсон АШУҮИС-ийн 1-р курсын оюутан Н.Цэлмэгнаран, МУСГЗ Ай.Төмөр-Очир нар үг хэллээ.

Мөн хурлын үеэр Монголын Ардчилсан Холбоо, “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-д нэгдсэн иргэд, 100 орчим ТББ-уудын төлөөллөөс ШИНЭ намын Анхдугаар Их хуралд мэндчилгээ дэвшүүлсэн илгээлтийг хурлын зочид, төлөөлөгчдөд уншиж сонордууллаа.   

Их хурал намаас баримтлах бодлогын талаар тогтоолын төслийг хуульч П.Очирпүрэв,Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Жаргалсайхан, багш нарын төлөөлөл Ц.Мөнхтуяа нар танилцуулж, хурал үргэлжилж байна.






СЭТГЭГДЭЛ БИЧИХ