Н.Төгсцогт: Миний зорилго бүгдийг нь авах
-Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдмөөр байна-
Олимпийн наадмын мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC бүсний аваргын тѳлѳѳх тулаанд оролцох гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин болж, аваргын бүсээ авсны дараа эх орондоо ирж илүү нээлттэй ярилцах болно гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд 11 тулаан хийгээд байгаа. Тэрээр 11 дэх тулаанаараа нэр хүндтэй бүсний эзэн болсон.12 дахь тулаан дараагийн WBC холбооны бүсний аваргын төлөө Gary Russell-тай тоглохоор зарласан ч Gary Russell энэхүү тоглолтоо хойшлуулж бүсээ дахин хамгаалах тоглолт зарласан.
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга Н.Төгсцогт одоогоор ранкаараа Азид болон дэлхийд нэгдүгээрт байгаа.Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Дараагийн тоглолтын тов хэзээ байсан бэ?
-Надад Focus TV наймдугаар сарын 3-нд гэдэг өдрийг өгсөн. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй яримааргүй байна. Би наймдугаар сарын 3-нд тулаантай гэж бодон эх орондоо амрахаар ирсэн. WBC холбоо өдөр товлон өчигдөр манай хүмүүс миний өмнөөс гарын үсэг зурсан. Одоогоор тэд аваргын төлөө тоглооч гээд өдөр товлосон байгаа. Gary Russell энэ тулааны саналыг хүлээж авахгүй бол түүний бүсийг хурааж авахаар байгаа. Тиймээс би өөр хүнтэй бүсний төлөө тулалдана.
-Gary Russell өнгөрсөн тавдугаар сард тулаан хийсэн.Гурван сарын дараа дахин тулаан хийнэ гэхээр бага хугацаа юу?
-Үгүй. Яагаад гэвэл тэр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд маш цөөн тулаан хийсэн. Холбоо ч гэсэн үүнд нь дургүй байгаа. Хэрвээ энэ саналыг хүлээж авахгүй бол түүнийг бүсийг хураах байх.
-Таны бэлтгэл хангагдсан уу?
-Үгүй ээ. Бэлтгэл болоогүй байгаа. Ахиад хийнэ.
- Gary Russell-ыг судалсан уу?
-Түүнийг судалсан. Би өөртөө итгэлтэй байгаа.
-Яагаад тулаанаас зугтаагаад байгаа юм бол?
-Мэдэхгүй. Тэр хувь хүн болон багийн ажиллагаа байх. Би түүний гарыг гэмтэлтэй, өвддөг гэж сонссон. Мэргэжлийн боксын бээлий нимгэн учраас гар гэмтэхэд удаан хугацаанд эдгэдэг. Тиймээс жилд нэг тоглолт хийдэг гэж сонссон. Сүүлийн дөрвөн жилд дөрвөн л тоглолт хийсэн ч хэрвээ одоо тоглохгүй бол бүсийг нь хураана гэдгийг WBC хэлсэн байгаа.
-Хэрвээ энэ тулаан болохгүй бол дараа нь хэнтэй бүсийн төлөө тоглох вэ?
-Би эхлээд Gary Russell-ыг ялах төлөвлөгөөтэй байна. Дараа нь бусад нь болох байх.
-Тэр тулаанаас татгалзан зугтвал WBC холбооны аваргын бүс таных болно гэсэн үг үү?
-Тийм ээ, минийх болно. Би түүний төлөө тоглоно. Хэрвээ тэр татгалзвал би наймдугаар сарын 3-нд аваргын бүсийн төлөө өөр хүнтэй буюу миний доор араас явж байгаа хүмүүстэй тоглож магадгүй.
-Лондонгийн олимпынхон чинь Дэлхийн аварга болон зарим нь бүсээ алдаад буцааж аваад байгаа. Таны хувьд одоогоор 11 тулаан хийн бүсийн төлөө тоглох гэж байгаа нь хугацаа алдаж байгаа бол уу?
-Би 2017 онд шөрмөсөө сунган маш том гэмтэл авсан. Миний хувьд хуучны туршлага ихтэй, оноо өндөртэй тамирчидтай тоглосон. Нимгэн бээлийтэй болохоор гарын гэмтэл хурдан сэдрэн олон тоглолт алдсан. Маш бага тоглосон.
- IBO холбооны аваргын бүсээ хамгаалах тулаан гэж байх уу?
-Байна. Том холбоо учраас бүхий л аваргууд үүний төлөө тоглож байсан.
- WBC холбооны аваргын бүсийг авчихвал IBO холбооны аваргын бүсээ хамт авч явах уу?
-Хамт авч явна. Эхний бүс маань миний хувьд хамгийн хайртай бүс минь байх болно. Холбоод хоорондоо ямар ч асуудалгүй. Хэрвээ тамирчин хүлээн зөвшөөрөх юм бол бүс эзэмшиж байгаа таксаа төлөөд явахад аль ч холбооны бүсийг эзэмшээд явж болно. Миний зорилго бол бүгдийг нь нэгтгэнэ гэж боддог.Сүүлийн жилүүдэд зорьсондоо хүрэхийн төлөө зүтгэн хэвлэл мэдээллээс хол байсан. Миний хүсэж байгаа зүйл бол бүс авах. Би дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдмөөр байна.
-Одоо энэ зорилгынхоо хэдэн хувьд хүрээд байгаа бол?
-Өөрийнхөө хувьд хүрч яваа гэж бодсон. Мэдэхгүй, би бүс авсны дараа монголчуудын байгаа хандлага надад тийм санагдуулаагүй.
-Таны тоглолтуудыг монголчууд их үзэж дэмждэг. Энэ үгнээс харахад та жаахан гомдолтой явдаг юм уу даа гэж бодогдлоо?
-Тамирчин хүний хувьд том, жижиг тоглолт гэсэн зүйл байх ёсгүй. Нэгдүгээрт эрүүл мэнд гээд их эрсдэл гаргаж байгаа тулааны спорт. Би том, жижиг гэсэн зүйлд дургүй. Хэвлэлийнхэн том, жижиг гэж их ярьж ард иргэдэд энэ бүс ийм гэж телевизийнхэн хүртэл буруу мэдээлэл өгч тайлбарласанд би их гайхаж байсан. Яагаад тамирчид ингэж хичээж байхад цензур тавиад байгаа юм бол гэж бодсон.
Сонирхуулахад, тулааны спортыг дэмжигч “Venum” брэндтэй албан ёсоор нэг жилийн гэрээ хийсэн анхны Монгол тамирчин бол Н.Төгсцогт. Түүний “King Tug” тоглогчийн нэртэй хувцас, бээлийг тоглолтод нь зориулан хийн өөрсдийн албан ёсны дэлгүүр, сайтуудаараа худалдаалж эхэлж байгааг дуулгая.
eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ