Элэг эзэндээ маш их хайртай эрхтэн
Эрхэм уншигч та бүхэндээ эрүүл энхийг хүсч өдрийн мэнд дэвшүүлье. Тусгал.мн мэргэжлийн цахим сонины зүгээс мэргэжлийн эмч нарын ярилцлага, зөвлөгөөнд тулгуурласан "Амин дэм" зөвлөгөөг та бүхэндээ хүргэж эхлээд байна. Уг зөвлөгөөг уншихад маш энгийн бөгөөд цаг бага орох ба хэрэгжүүлж амьдрахад ач тус нь их байх болно. "Амин дэм" таны эрүүл мэндийн боловсролыг алхам алхамаар тэтгэнэ.
ХСҮТ -ийн ерөнхий захирал, доктор, профессор Ж.Чинбүрэн эмчийн ярилцлага, мэдээллүүдээс түүвэрлэн дараах "Амин дэм" -ийг боловсруулан хүргэж байна.
Элгэнд шанага шиг том хавдар ургасан байхад ч мэдэгдэхгүй байж болдог байна. Эзэндээ хайртай учраас өвтгөж шаналгаж мэдэгдэхгүй байгаа нь тэр аж. Мөн элэгнийхээ талыг нь тайруулсан ч эргээд ургаад төлжчихдөг гайхамшигт чанартай. Эзэндээ үнэхээр их хайртай. Хүний биеийн лаборатори бол таны элэг юм. Их бага 100 гаруй үүрэгтэй. Биднийг хөдөлгөж байдаг булчингийн уургийг үйлдвэрлэдэг, хүний дархлааны системийг бүрдүүлнэ, идэж уусан зүйлсийг хоргүйжүүлнэ гэх мэт. Элэггүйгээр хүн орших боломжгүй.
Элгээ хайрлая гэвэл в,с вирус байгаа эсэхийг эрт үзүүл, илүүдэл жин элэгний ачааллыг нэмэгдүүлдэг тул жингээ хая, мөн өдөр бүхэн өтгөнөө гаргаж байвал элгээ өвтгөхгүй байх эхний алхмуудыг амжилттай хийлээ гэж өөртөө баяр хүргээрэй.
Элэг архинд үнэхээр дургүй. Архи уугаад шартаж байгаа нь элэгнийхээ 60 хувийг тайруулсан үетэй яг адилхан зовиуртай байдаг байна.
Элэг харин инээд хөөр, эрүүл хоол зэрэгт үнэхээр баярлаж байдаг. Учир нь элэг өрцөнд наалдаж байрладаг бөгөөд инээх үеийн хөдөлгөөний нөлөөлөл элгэнд массаж болж үйлчилдэг байна. Ингэснээр элэг хатуурал багасах, элэгний өөх хүртэл хайлах боломжтой байдаг аж.
Элэгний хорт хавдрын шалтгааны 90 хувь нь В, Д, С вирусээс үүдэлтэй байдаг. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгаанаас харвал манай улсын нийт хүн амын 10 хувь нь В вирустай, түүний 70 орчим хувь нь В, Д вирус хавсарсан байгаа нь тогтоогдсон. Мөн 16 хувь нь С вирустай гэж гарсан. В, Д вирус давхар халдварласан байх нь элэгний хорт хавдар үүсгэх том хүчин зүйл болж байна.
БНХАУ –д В вирусын халдвар маш их байдаг ч элэгний хорт хавдрын гаралт манайх шиг өндөр биш. Өөрөөр хэлбэл В, Д вирус хавсраагүй тохиолдолд эерэг үзүүлэлт харагдаж байгаа юм. Тийм учраас Д вирусын эмчилгээ нэвтрэх, уг вирусын судалгааны үр дүнд гарах, ахиц дэвшил нь судлаач бидний хувьд маш их сонирхолтой сэдэв байдаг. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд Д вирусын эмчилгээний судалгаа хийгдэж эхлэхээр болсонд баяртай байна.
В, Д вирус заавал хамтдаа халдварладаг уу?
В вирустай хүн л Д вирусын халдвар авна. В вирустай 100 хүн байлаа гэхэд түүний 70 нь В, Д хавсарсан халдвартай байгаа нь санаа зовоож байгаа юм байна. Мөн нэг судалгаа байгаа нь таваас доош настай хүүхэд В вирусын халдвар авлаа гэхэд архаг халдвартай болох магадлала 90 хувь байдаг бол, насанд хүрсэн хүн В вирусын халдвар авахад эдгэрэх боломж 90 хувьтай байдаг байна. Үүнээс гадна вирусын халдвартай ээж хүүхэд төрүүлэхдээ заавал кесар хагалгаагаар төрүүлэхийг эмч зөвлөдөг байна. Учир нь төрөх үед гардаг цуснаас нэг дусал л хүүхдийн нүдэнд ороход хүүхэд вирусын халдвар боломжтой байдаг байна.
Дараах үйлдлүүдээр дамжуулан вирусын халдвар авах боломжтой тул сэрэмжилнэ үү!
Тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүтэн байдлыг шалгаж, заавал өөрийнхөө дэргэд задлуулж байгаарай
Шаардлагагүй бол цусаа шүүлгэхээс зайлсхий
Шивээс хийлгэхээс аль болох зайлсхий
Найдвартай шүдний эмнэлгээр үйлчлүүлэхийг хичээ
Замбараагүй бэлгийн амьдралаас татгалз
tusgal.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ