Хүүхдийн баярын тухай
Та үүнийг мэдэх үү?
Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.
Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.
Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. 2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр хуралдсан бол Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. Өнгөрсөн 1952 оны түүхэнд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн.
Тун удахгүй бяцхан үрсийн инээд цалгиж, ээж нарын магнай тэнийсэн Эх үрсийн баяр болох гэж байна. 6 дугаар сарын нэгэн “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” бөгөөд манай орон 60 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Энэ л өдөр алдрай бяцхан үрсий минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог.
Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Хүүхдийн баяр: Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ