Хоёр жилийн өмнө охиныг нь аварсан гал сөнөөгчид бөөрөө өгчээ
Нэгэн шөнө АНУ-ын Миннесота муж улсын бяцхан охин Хэдли таталт өгч сандаргажээ. Залуу ээж Бекка Банди аврах алба руу утасдаж, 66 настай гал сөнөөгч Билл Кокс утсанд хамгийн ойрхон байснаар энэхүү мэдээг анх сонсчээ. Тэрээр түргэн тусламжийн тэрэг ирэх хүртэл охинд анхны тусламж үзүүлж, түүний амь насыг аварсан байна гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.
Энэ нь өөрийнх нь хариуцсан ажил биш байсан учир, Билл дуудлагад хариу өгөхгүй байж болох байсан хэрэг. Гэвч тэр үүнийг тоохгүй өнгөрүүлж чадалгүй тусласан бөгөөд тийнхүү Бекка түүний буянтай үйлийг мартаагүй байна.
Хоёр жилийн дараа эмэгтэй нэгэн зуушийн газарт Биллтэй санаандгүй тааралдаж, түүнийг таньжээ. Тийнхүү дахин уулзаж ярилцаж суух зуураа гал сөнөөгч хүүхэд байхаасаа өрөөсөн бөөртэй байсан, одоо нөгөө бөөр нь бүр муудаж орхисон тухайгаа хэлсэн байна.
Яаралтай бөөр шилжүүлэн суулгах хэрэгтэй байгаа ч, донорын эрхтэн шаардлагатай хүмүүсийн дараалал дийлдэхгүй байгаа тухай тэр хэлжээ. Бекка гал сөнөөгчийг өрөвдөж, тэгээд тэд нэг бүлгийн цустайг мэдээд, туслахад бэлэн байгаагаа тэр даруй хэлсэн байна.
Эмэгтэйн бөөр Биллд таарах нь шинжилгээний хариугаар тодорхой болж, ингэснээр бүх асуудал шийдэгджээ.
"Үүний дараа бид хоёр хоёулаа уйлж, Билл ч надад талархасан үгээ олж ядаж байсныг би тодоос тод санаж байна” гэж Бекка ярьжээ.
Мэс засал амжилттай болж, одоо залуу ээж, гал сөнөөгч хоёрын бие сайн байгаа аж. Одоо Билл болон түүний гэргийн хөргөгчин дээр Хэдли охины зураг байдаг бөгөөд харин Билл хөргөгчин дээрх наалттай байсан сахиусан тэнгэрийн жижиг дүрсийг ч Беккад бэлэглэсэн байна.
“Энэ миний сахиусан тэнгэр байсан юм. Тэр миний амийг аварсан, үүнээс өөр тохирох бэлэг алга хэмээн би бодлоо” гэж Болл Кокс ярьжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ