Ш.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргал шавьтай маань мессеж бичээд суучихдаг байсан
Монголын ард түмний хайртай дуучин, ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй түүний хувийн амьдралд тохиолдоод буй асуудлын талаар илэн далангүй ярилцлаа.
-Танд тохиолдсон асуудалд олон хүн санаа зовж байгаа. Яагаад ийм зүйл болчихов?
-Би Д.Түвшинжаргалтай сайхан л амьдарч байна гэж боддог байсан. Гэтэл сүүлдээ миний нэг шавьтай янз бүр болоод, дундаасаа хүүхэдтэй болоод, өөрөө салаад яваад өгсөн дөө. Гэтэл гэр бүлээ цуцлуулах өргөдлөө 2015 онд шүүхэд өгтөл хөрөнгөний маань талыг авна гэсэн. Тэгээд асуудал үүсээд одоо 113 сая төгрөгийн өрөнд орчхоод сууж байна. Үүдэн дээр шүүхийн шийдвэрээс мэдэгдэх хуудас наасан байгааг харсан байх.
-Тийм байна. Та хоёр хэдэн онд анх гэр бүл болсон юм бэ?
-Бид 1997 оноос хамт амьдарсан. Үүнээс өмнө миний араас 10 гаруй жил гүйсэн. Тэгэхэд нь надад үнэхээр хайртай юм байна л гэж ойлгоно шүү дээ. Тэгээд 1997 онд манайд хүрээд ирсэн. Оо, сойз, ойр зуурын өмсөх хувцастайгаа л хүрч ирсэн хүн. Тэгээд бид хоёр хамт амьдарлаа. Хааяа хуучин эхнэр, хүүхэд рүүгээ олон хоногоор яваад өгнө. Заримдаа би араас нь очиж авна. Эсвэл архи, дарс уусан үедээ “Намайг ирээд аваач” гэхээр нь очиж авдаг байсан.
Нэг удаа хөдөө явж байсан чинь миний нэг шавь над руу утсаар ярьсан. Тэр шавь маань “Жанчивмаа бид хоёр танайд усанд орьё гээд хамт ирсэн юм. Ирсэн хойноо Жанчивмаа усанд ч орсонгүй. Харин намайг усанд ороод гараад иртэл Д.Түвшинжаргал багш, Жанчивмаа хоёр эр, эмийн ажил хийж байна” гээд уйлаад ярьсан. Тэгэхээр нь “Чи уйлаад яахав” гэж би хэлсэн. Би хүний үгээр үг хийгээд яахав, өөрийн нүдээр үзье гэж бодсон.
Д.Түвшинжаргал Жанчивмааг тухайн үед Хөх хотод ажилд оруулсан юм. Нэг өдөр Жанчивмаа над руу утсаар ярьсан. “Багш аа, би Хөх хотод ажиллахаар явах гэж байгаа” гээд. Тэгэхэд нь гаргаж өгье гээд Жанчивмааг гэртээ дуудсан. Ирэхэд нь хоёр шил архи, ойр зуурын юм тавьчихаад сууж байлаа. Тэр өдөр Д.Түвшинжаргал, Жанчивмаа, бид гурав жаахан ууж суулаа. Би согтсон хүн болоод өрөө рүүгээ ороод хэвтээд өглөө. Гэтэл нөгөө хоёр чинь хоорондоо жаахан маргаж байна. Тэгснээ миний хэвтэж байсан унтлагын өрөөнөөс хөнжил аваад нөгөө өрөө рүү орсон. Тэгээд л нөгөө болдог юм болсон. Би уг нь энэ бүхнийг хэзээ ч, хэнд ч хэлэхгүй байя гэж боддог байлаа. Үнэхээр тэвчээр алдаад анх удаа чамд ярьж байна. Түүнээс нуугаад өнгөрье гэж бодож явсан. Үзэж хардаг хүн дээр хүртэл очиж асуусан. Бид хоёр анх нийлэхдээ яаж олны хэл ам болж сууж байснаа бодоод их тэвчиж амьдарсан. Дундаа хана босгоод ч гэсэн салахгүй амьдаръя гэж их хичээсэн. Сүүлдээ намайг архи уугаад зоддог боллоо. Тэгээд үнэхээр салахаас өөр арга байгаагүй.
-Таны шавь юу гэж байх юм?
-н.Жанчивмаа “Тийм зүйл болоогүй шүү дээ, багш аа” гэж хүүхдийг нь гаргасан хойноо хүртэл тэгж хэлж байна лээ. “Намайг унтаж байхад та хоёр юу хийлээ дээ” гэж хэлэхэд “Яагаа ч үгүй шүү дээ. Түвшээ багш л намайг чангаагаад” гэж байсан. Нутгийн хүмүүсийнх нь яриагаар Жанчивмаагаас гарсан тэр хүүхэд Д.Түвшинжаргалыг өвчсөн юм шиг адилхан гэж сонссон.
-Орон сууцыг та худалдан авсан. Тийм байтал Д.Түвшинжаргал гуай яагаад тал үнийг нь танаас авах гэдэг юм бол?
-Гэрлэлтийн баталгаагаа салгана гэхэд л бүх юмыг нэхэж эхэлсэн. Нэхээгүй юм үгүй дээ. Би Орлойн “баян” Совд гэж хүний ач охин. Орлойн угшлын хурдан адуу гэж ярьдаг даа. Энэ угшлыг бий болгосон хүн чинь миний өвөг эцэг. Хүүхдүүд нь таван баян хүн байсан юм билээ. Чойнбол гэлэн, “Хув” Дагва, Самбуу гэлэн, Догоо-Эхнэр, “баян” Совд гээд. Энэ хэдэн хүн гурван удаа хөрөнгөө хураалгаад дөрөв дэх дээрээ гурав нь буудуулсан. Одоо архивт энэ талаар мэдээлэл байдаг. Материалыг нь ч бид авсан.
Энэ өвөг дээдсээс минь дамжиж ирсэн Батноровын дунд гарын мөнгөн тоноглолтой эмээл байсан. Гар ураатай ховор эмээл. Мөн шүрэн шигтгээтэй мөнгөн ташуур, мөнгөн хазаар, мөнгөн хэт хутаг байсан. Би Сүхбаатараас ирэхдээ авч ирж байсан юм. Гэтэл тэр бүгдийг нэхсэн. Манайх 20 гаруй мөнгөн аягатай байсан. Айхтар тоолоод сүйд болдоггүй. Тоолоод байвал тэрэндээ сүнс нь хорогдоод явдаггүй гэсэн биз дээ. Тэгэхээр нь би тоолдоггүй. Манай Д.Түвшинжаргал тоолоод байдаг байсан юм шиг байна. 30 мөнгөн аяга гэж нэхсэн. Багцаагаар бодоход 30 арай хүрэхгүй байх. Д.Түвшинжаргал явахдаа өөрийнх нь нэртэй хэдэн мөнгөн аяга байсан аваад явсан. Бээжингээс авсан хоёр булган дээл, Дарьганга эхнэр дээл гээд Сүхбаатараас авч ирсэн хоёр хивсийг маань хүртэл нэхсэн. Энэ гэрээс нэхэмжлээгүй зүйл байхгүй.Шүүх хурал дээр Д.Түвшинжаргал “Ш.Чимэдцэеэ мөнгөн эмээл, хазаарыг Сүхбаатараас авчирсан. Гэхдээ л хуулиараа би энэ хөрөнгөний талыг авах ёстой” гэж байсан. Мөн орон сууцыг 400 орчим саяар үнэлүүлж, тал үнийг нь надаас нэхэмжилсэн.
Д.Түвшинжаргал явахдаа “Land cruiser” автомашин, алтан нуухтай гартаман хөөргийг аваад явсан. Хөдөөнөөс агнаж ирсэн зээрийн махаа хүртэл авч явсан. Би түүнийг сайн ч хувцаслаж явуулсан. Тоглолтын хувцас хунар гээд олон сайхан хувцас хийлгэж өгч байлаа. Одоо тоглолтон дээрээ тэр хувцаснаасаа өмссөн л харагддаг.
-Танаас салаагүй байхдаа “Энэ хөрөнгөний тал нь минийх шүү” гэж хэлдэг байсан гэл үү?
-Тэр хүн анхнаасаа ингэе гэж бодож байсан байж магадгүй. Д.Түвшинжаргал хамт амьдарч байхдаа “Хэрвээ чи надаас салах юм бол чиний хөрөнгөний тал нь минийх болно шүү” хэмээн хэлдэг байсан. Би нэг их тоодоггүй байлаа. Согтуудаа л ингэж байна гэж боддог байв. “Би Чимэдцэеэгийн хөрөнгөнд нь болж суусан. Жаахан хөрөнгөтэй больё гэж суусан юм” гэж ярьж байна гэж надад хүмүүс хэлдэг байсан.
Би маргаан үүссэнээс хойш “Одоо боливол яасан бэ. Нэр сүрээ бодъё” гэж хэлэхэд Д.Түвшинжаргал “Энэ нэхэмжилж байгаа зүйлүүд минийх болчихвол больж болно шүү дээ” гэсэн. Ийм л бодолтой хүн. Гэр бүлийн тухай хуулиар таваас дээш жил хамт амьдарсан бол хөрөнгийг тэнцүү хуваах ёстой юм байна. Ийм зовлонг амсаж байгаа нь ганц би биш байх. Энэ заалтыг өөрчилмөөр санагдсан. Цаашид гэр бүл салалтаас үүсч олон хүн ийм маягаар хохирохыг үгүйсгэхгүй. Улаан хоолойгоо тасартал дуулж байж олж авсан хөрөнгөө ингэж алдаж байгаа нь надад харамсалтай байна.
Анх зогсоолтой 82 сая төгрөгөөр тооцож авч байсан орон сууцыг 400 орчим сая төгрөгөөр үнэлүүлсэн. Тэгээд тал хувь нь болох 200 орчим сая төгрөг нэхэмжилсэн. Би уг нь энэ байрыг өөрөө авсан юм шүү дээ. Д.Түвшинжаргалд ямар ч хамааралгүй. Нутгийн дүү Б.Мөнхцэцэг “Оддын хотхон”-д хоёр орон сууц авсан байсныхаа нэгийг надад бэлэглэлийн гэрээ байгуулж худалдсан. 122 м.кв орон сууц, машины гаражийн хамт би авсан. Оронд нь “Найман шарга” валютын захын орчимд өөрийн нэр дээр байсан газраа өгсөн юм.
-Д.Түвшинжаргал гуай яагаад өөрийнхөө нэр дээр байрны гэрчилгээг гаргачихдаг билээ?
-Бид хоёр 2005 оны гуравдугаар сард гэрлэлтээ батлуулсан. Гэтэл Д.Түвшинжаргал гэрлэлтийн баталгаа авч яваад энэ орон сууцыг барьсан компанийн захирал Д.Дампил гэж хүнтэй гэрээ хийгээд өөрийгөө байрны үндсэн эзэмшигчээр, намайг хамтран эзэмшигчээр гаргасан байсан. Уг нь энэ байрны эзэн нь би. Б.Мөнхцэцэгтэй бэлэглэлийн гэрээ хийсэн хүн нь би шүү дээ. Тэгэхээр надаас зөвшөөрөл авч, миний гарын үсэгтэй гэрээг үндэслэж улсын бүртгэлд бүртгэх ёстой. Гэтэл тэгээгүй. Д.Түвшинжаргал байрны гэрчилгээг өөрийн нэр дээр авах гээд байсан юм шиг байна лээ. Надад байрны гэрчилгээ үзүүлэхгүй олон жил явсан. Гэтэл би гэрлэлтээ цуцлуулах гээд шүүхэд хандаад анх мэдсэн.
Шүүх хурал дээр манай өмгөөлөгч Д.Түвшинжаргалаас байрны мөнгийг та төлсөн юм уу гэж асуухад “Би байр худалдан авах мөнгө төлөөгүй. Энэ байрыг анх худалдахдаа Б.Мөнхцэцэгтэй гэрээ байгуулсан юм билээ” гэж мэдүүлсэн мөртлөө “Оддын хотхон”-ыг барьсан “Гүрү” компанитай байгуулсан гэх худалдан авах гэрээ гаргаж ирсэн. Гэтэл тус компаниас хоёр байр худалдаж авсан иргэн Б.Мөнхцэцэг нь нутгийн эгч Ш.Чимэдцэеэд байр бэлэглэсэн гэдгээ шүүхэд мэдүүлэн, нотариатаар баталгаажуулсан бичгээ ирүүлсэн байсан.
-Орон сууцыг яагаад ийм өндөр үнээр үнэлүүлсэн юм бэ?
-Д.Түвшинжаргал өөрөө л үнэлгээний компаниар үнэлүүлсэн юм шиг байна лээ. Түүнийг нь шүүх зөв гэж үзээд надаас 200 орчим саяыг гаргуулах шийдвэр гаргасан. Тэгээд автомашин, хөөрөгний үнэлгээ, хадгаламжийн мөнгө хасагдаад одоо төлөх ёстой нь 113 сая төгрөг үлдээд байна. Тэр 100 гаруй сая төгрөг гэдэг чинь миний барьж үзээгүй их мөнгө шүү дээ. Анхан шатны шүүх хурал дээр миний талд гарсан. Тэгээд давж заалдах шатны шүүх, дээд шүүх дээр миний эсрэг шийдвэр гарсан. Анхан шатны шүүх хурал дээр би өөрөө оролцсон. Сүүлийн шүүх хурлууд дээр би оролцож үнэхээр чадаагүй. Бэр маань хүнд өвдөөд шүүх хуралд оролцох боломж гараагүй. Өмгөөлөгчөө л явуулдаг байсан.
-Д.Түвшинжаргал гуай орон сууцыг аль нэг компаниар өөрөө үнэлүүлэх ёсгүй баймаар. Шүүхээс л үнэлгээний компанийг томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоох ёстой болов уу?
-Би сайн мэдэхгүй юм. Ийм л юм болчихлоо. Нэгэнт шүүхээс шийдвэр гаргачихсан учраас болдоггүй юм байлгүй. Тэр байтугай миний хүүгийн байрыг авах гэж хүртэл шүүхэд нэхэмжилсэн. Намайг 1994 онд Улаанбаатарт ирэхэд төрөөс орон сууц өгсөн. Тэр байранд одоо миний хүү амьдарч байгаа. Тэр байрыг хүртэл авахаар нэхэмжилсэн. Шүүх хурал дээр хүү минь оролцож өөрийнхөө байр гэдгийг хэлсэн л дээ. Миний хүүгийн нэр дээр байдаг. Д.Түвшинжаргалд ямар ч хамаа байхгүй орон сууц. Тэгээд шүүх нэхэмжлэлийг нь авч хэлэлцээгүй.
-Түүний нэхэмжилсэн эд хөрөнгөнөөс өөрийнх нь худалдан авсан зүйл бий юу?
-Бид хоёр хамт амьдарч байхдаа Д.Түвшинжаргал нэг их гэртээ юм аваад байдаггүй байсан. Би ч юм ав гэдэггүй. Тэр үед Д.Түвшинжаргал 60 мянган төгрөгийн цалин авдаг. “Хүүхдүүддээ л юм авч өг” гэж би хэлдэг байсан.
-Танайхаас үнэт эдлэлүүд алга болсон гэсэн. Хэзээ, яагаад алга болчихов?
-Анхан шатны шүүх хурал болоод долоо хоносон байсан. Шүүхийн шийдвэр миний талд гарсан. Би 2015 оны арванхоёрдугаар сарын 6, 7-нд хөдөө тоглолтоор яваад эзэнгүй байв. Би хоёр өдөр байтугай, хоёр сараар ч гэрээ орхиод яваад ирэхэд зүгээр л байдаг. Гэтэл хоёр хоног тоглолтоор хөдөө яваад ирсэн чинь манай гэрт хулгай ороод мөнгөн эмээл, хазаар, хэт хутаг, шүрэн шигтгээтэй мөнгөн ташуур, гурван биет бурхан алга болсон байсан. Мөн 20 гаруй мөнгөн аягыг маань хулгайч аваад явсан байна лээ. Урт яргай ташуур, хоёр тохом нь үлдсэн байсан.
Уг нь тэр байтугайг цагдаагийнхан олоод байдаг биз дээ. 2015 онд алга болсон ч одоо хүртэл олдсонгүй. Энэ хэргийг шалгаж байгаа байцаагч нар дээр би очиж уулзсан. Цагдаагийнхан их хариуцлагагүй байна. Би тэр мөнгөн эмээлийн зураг, хөргийг зориуд авч байсангүй. Харин би телевизийн зурганд нэг орж байсан юм. Тэр бичлэгийг телевизээс хүүгээрээ авахуулаад хэргийг шалгаж байгаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын байцаагч Болдцэрэн гэж хүнд өгүүлсэн. Саяхан цагдаа дээр очиж уулзахад хэргийг өөр эмэгтэй байцаагчид шилжүүлсэн байна лээ. Гэтэл хавтаст хэрэгт миний тэр эмээлийн зураг байхгүй. Надаас “Танд эмээлийн чинь зураг байна уу” гэж байцаагч асууж байсан. Тэгэхээр нь би өгсөн гэдгээ хэлсэн. Цагдаагийнхан ийм л хариуцлагагүй байна. Хавтаст хэрэгт байсан эмээлийн зураг алга болсон байсан.
-Таны нөхөр байсан хүн одоо таны шавьтай амьдарч байгаа хэвээрээ юм уу?
-Би тэр хүнийг мэдэхгүй юм даа. Жанчивмаа Өвөрхангайн Уянга сумын охин. Жанчивмаатай суугаад хамт амьдарч байгаад хөдөө орхичхоод салаад ирсэн. Дараа нь бөө хүүхэнтэй суусан. Д.Түвшинжаргал өөрөө ч бөө болсон гэсэн. Бөө хүүхэнтэйгээ явж байгаад надтай таарч байсан. Одоо хэнтэй амьдарч байгааг нь мэдэхгүй. Надад ч мэдэх шаардлага байхгүй.
-Саяхан Т.Баясгалан, Д.Батбаяр хоёр Д.Түвшинжаргал гуайд орон сууц авч өглөө гэж хэвлэлээр мэдээлэл нь гарсан?
-Тийм байна лээ. Т.Баясгалан мөн л гэдсэнд үлдсэн хүүхэд шүү дээ. Д.Түвшинжаргалд байрны өргүй баймаар. Д.Түвшинжаргал өмнө нь Алтай хотхонд орон сууц авсан гэж дуулдаж байсан. Одоо манай хүн олон байртай болсон доо. Байр бүртээ нэг нэг эхнэртэй байсан ч болохоор болж дээ.
-Магадгүй, та нөхрөө гомдоосон ч юм уу, таны буруутай зүйл байсан уу?
-Би өндөг шиг өөгүй хүн биш. Хэнд ч өө, алдаа дутагдал бий. Надад ч, Түвшээд ч өө бий. Гэхдээ энэ хэрэг явдлын өө нь Түвшээгээс гарч байсан болов уу гэж боддог. Миний дэргэд хүүхэн авч ирээд янз бүр болгоод байхгүйг би хүснэ. Би бас хүн юм чинь эсэргүүцлээ илэрхийлнэ шүү дээ. Түвшээ шөнө босоод шавьтай маань мессеж бичээд суучихдаг байсан. Би эхэндээ хэлнэ. Тэгээд хэрэлдэж, маргана. Сүүлдээ хэлэхээ больсон. Гэх мэтчилэнгээс эхлээд түүнд таалагдахгүй юм зөндөө байсан байлгүй дээ.
-Та дэндүү тэвчээртэй хүн юм аа?
-Ханилж байсан нэгнийгээ юу ч үгүй болгох гээд байгаагаас бусад нь бол аль салж, нийлж байхыг хэлэх вэ дээ. Ханилж явсан нэгийгээ ядарч явахад нь ингэж болохгүй баймаар. Би үнэнээ олон түмэнд хэлэхээс өөр аргагүй болсон л доо. Шүүхийн шийдвэрээс хүмүүс ирж хаалга үүд балбаад л.
Ер нь хэрүүлтэй, ийм салж нийлсэн гэр бүлд муу юм нөлөөлдөг юм болов уу даа. Энэ хүнтэй ханилснаас хойш гурван дүү минь нас барлаа. Хүү маань залуугаараа хань ижлээ алдчихлаа. Гурван сайхан ач минь ээжгүй болчихлоо. Муу ээж нь өвчтэй ч гэсэн хүүхдүүдийнхээ хичээл номыг хийлгэчихдэг байсан. Гэтэл одоо ээж нь байхгүй болчихлоо, хүнд л байна. Миний хүү эхнэрээ эмчлүүлэх гээд зээл авсан. Одоо зээлээ төлнө, хүүхдүүдээ өсгөнө гээд хүнд л байгаа. Би энэ хэддээ одоо л туслах ёстой. Гэтэл ийм байдалд орчихоод байдаг.
-Одоо танаас 113 сая төгрөг нэхэмжилсэн. Маргааныг дахиж хянах боломж байдаггүй юм болов уу?
-Өмгөөлөгч нар маань янз бүрийн зүйл ярьж л байна. Гарц хайцгааж л байгаа. Дээд шүүхээр шийдэгдсэн учраас дахиж авч хэлэлцэх боломж байдаггүй л гэх юм.
-Д.Түвшинжаргал гуай одоо юу хийдэг юм бэ?
-Монгол Улсын Консерваторийн Уртын дууны ангийн зөвлөх багш болсон гэсэн.
-Таныг нэр төрд халдлаа гээд шүүхэд хандсан гэсэн үү?
-Баянзүрх дүүргийн цагдаад намайг нэр хүндэд халдлаа гэж гомдол гаргасан гэж цагдаагийн байгууллагаас ярьсан. Би очиж уулзаагүй л байна.
zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ