Японы шинэ эзэн хаанд бараалхсан гадаадын анхны төрийн тэргүүн Дональд Трамп боллоо
Японд дөрвөн өдрийн төрийн айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр өглөө тус улсын шинэ эзэн хаан Нарухитод бараалхлаа.
Ингэснээр Трамп тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Нарухитотой уулзсан анхны гадаад төрийн тэргүүн болж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нарыг 59 настай хаан Нарухито хатан Масакогийн хамт ордныхоо үүдэнд угтаж авсан юм.
Өмнөх эзэн хаан Акихитотой уулзахдаа толгой бөхийгөөгүй хэмээн шүүмжлүүлж байсан Трамп энэ удаа машинаасаа буусны дараа үл ялиг мэхийн залуу хаанд хүндэтгэл үзүүлжээ.
Уулзалтын үеэр эзэн хаан Нарухито зочиндоо уламжлалт вааран эдлэл бэлэглэсэн бол Трамп америк урчуудын бүтээсэн хийл хөгжмийг хариу бэлэглэсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Өнөөдөр үдээс хойш Дональд Трамп Японы ерөнхий сайд Абэ Шинзотой хэлэлцээр хийхдээ Умард Солонгос, Ираны асуудал, хоёр орны худалдааны алдагдлыг бууруулах тухай зэрэг олон сэдвийг хөнджээ.
Уулзалтын үеэр Трамп хоёр орны гадаад худалдаан дахь $60 тэрбумын алдагдлаа бууруулах шийдэлд хүрэхгүй бол Японы авто машины эд ангийн импортод өндөр татвар онооно гэж сүрдүүлсэн байна.
Эх сурвалж: Business Insider, CNA ikon.mn
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ