Ганцхан Г.Ганхүү мэддэг , бусад нь гадарладаг ч үгүй "Яг түүн шиг"

“Яг түүн шиг” шоу дажгүй, аятайхан болж байна. “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг” гэх мэт дэлхийн шоуг Монголдоо авчирсан уран бүтээлчдийг онцолж сайшаамаар санагддаг. Тэд орчин цагийн завгүй үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадаж байгаа. Сонсох дуртай дуучнаа яг төрхөөр нь харж, хоолойных нь өнгө онцлогийг мэдэрч сонсоод суух бас л гоё кайф гэдгийг “Яг түүн шиг”-ээс мэдэрдэг. Монголчууд бүгд олноороо монгол оддынхоо хувирах, жүжиглэх чадварыг бахадсан шигээ энэ шоуг үздэг. Өнгөрсөн жилийн “Яг түүн шиг”-ээс бултаараа яг л ийм мэдрэмж мэдэрсэн.

Гэтэл энэ жилийн “Яг түүн шиг” нэг л биш ээ. Дайх хэдэн үг байна. Эхлээд сайн жишээг нь онцолъё. Оролцогчдын жүжиглэх, дуулах авьяас алга ташихаас аргагүй гойд байгаа. Уран бүтээлчдээ сонгож оруулах тал дээр шоу зохион байгуулагчдыг өөлөх зүйл үнэндээ алга. Өнгөрсөн жилийнх ч тэр, энэ жилийнх ч ялгаагүй, уран бүтээлчдийн сонголт тал дээр онц үнэлгээ авна. Цөөн зарим дууны сонголтыг бас онцлох учиртай. Монголчуудын сэтгэлд хоногшсон “Миний ээж тэмээчин”, Youtube-д хамгийн олон хандалттайгаараа тэргүүлдэг “Despasito” энэ тэр бол ярих юмгүй сайхан санагдсан. Загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргалын намбалаг төрх, уянгалаг хоолойг гайхалтай амилуулсан. Загвар өмсөгч бүсгүйн нулимс унаган дуулсан “Миний ээж тэмээчин”-ийг олон хүн ухаарал, уяралтай сонссон байх. Пуэрто Рикогийн дуучин Луис Фонси-гийн “Despacito”-г дуулсан Б.Нацагдоржийг ч үзэгчид алга ташиж хүлээж авсан гэдэгт эргэлзэх юм алга. “Яг түүн шиг”-ийн тайзнаас халуун цустай испаничуудын характер, мэдрэмж нэвт ханхалсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Харин одоо шүүмжлэх өнцөг рүүгээ оръё. “Яг түүн шиг” шоунд оролцогчид зохион байгуулагчдынх нь шүүлтээр орж ирсэн дуучдын нэрсээс аль нэгийг нь сонгодог. Сонгосон дуучныхаа аль дууг нь дуулахаа харин өөрсдөө сонгож байгаа харагддаг. Шоу зохион байгуулагчдын сонгосон дуучдын нэр нэг л биш ээ. Илт олны танил, бултаараа сонсч, дуулсан дууг нь дагаж аялдаг дуучид цөөрөөд байх юм. Наад захын жишээ гэхэд л Cardi B-гийн I like it, Hyolyn-ий Dally-г нийтээрээ таашааж сонсдог уу гэвэл бас үгүй. Мэдээж тодорхой насныхан бол нийтээрээ дагаж дуулж яваа. Гэхдээ олноороо мэддэг, таашаадаг дуу мөн үү гэсэн асуултад эргэлзэлгүйгээр толгой дохих хүн цөөн байх.

Г.Ганхүүг хөгжмийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй залуу гэдгийг мэдэхгүй монгол байхгүй. “Яг түүн шиг”-ийг зохион байгуулагчдын сонгосон дуучдыг Г.Ганхүү л дотор гадаргүй мэдэж мэдрээд суугаа анзаарагдах юм. Нийт үзэгчид бүү хэл өнөө хоёр шүүгч нь хүртэл мэдэхгүй шахуу дуучдын нэр гарч ирээд байна л даа, сүүлийн үед.

Шоу гэж юу вэ гэсэн асуулт тавиад харвал ингэж шүүмжлэхээс аргагүй санагдаад байгаа юм. Хар үгээр хэлбэл шоу гэдэг бол олноороо таашаан үздэг нийтийн урлаг шахуу зүйл. Шоун дээр гарч буй бүхэн олонд танил дотно, дагаж дуурайж болохуйц, бүгд босоод алгаа таших дайны тавилттай гэх мэт хэмжүүрүүдээр илэрхийлэгдэх эд гэж ойлгогддог. Тэгж байж шоуны мөн чанараа хадгална. Тэгж гэмээ нь олныг дагуулж, илүү их ашиг орлоготой ажилладаг. Ер нь шоу урлаг өндөр хөгжсөн улсуудын дэлхийд түгсэн шоу хөтөлбөрүүдийг анзаарах нь ээ энэ хэмжүүрийг гол чигээ болгосон анзаарагддаг.

Поп урлагийн наадам ч юм уу, дуурийн дуулаачдын уралдаан энэ тэр бол өөр л дөө, жинхэнэ мэргэжлийн түвшний часхийсэн бүтээлүүд тайзнаа амилдаг. Ийм төрлийн уралдааны үзэгчид нь ч өөр, шүүгчдийн шалгуур нь ч тэс ондоо. Мэргэжлийн өндөр түвшний иймэрхүү уралдаан, наадмаас гадна хип хоп дуучид ч нэг тайзан дээр өрсөлдөж болно. Тийм уралдааны үеэр зөвхөн хип хоп сонсдог хэсгийн мэддэг сайн гэх дуунуудыг дуулж таарна. Мэдээж үзэгчид нь тусдаа, шүүгчид нь бас энэ чигийг илүү мэдэрдэг уран бүтээлчид байх нь ойлгомжтой. Товчхондоо сая дурдсан жишээнүүд бол олныг хамарсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шоу биш. Тэр утгаараа нийт олноороо мэдэхгүй, мэдрэхгүй дууг сонгоход болохгүй юмгүй. “Яг түүн шиг” бол нийтийг хамарсан, нийтэд таашаагдсан, нийтийн мэдрэмжид таацуулж дэглэдэг шоунуудын нэг. Хар үгээр хэлбэл Монголын аль ч аймгийн ямар ч хүн энэ шоуг үзээд таашаал мэдрэх учиртай. Тэгж байж шоу гэх үнэлэмжээ хадгалж үлдэнэ. Гэтэл “Яг түүн шиг” шоуны дуучдын сонголт арай л нарийсаад, хөгжмийн урлаг ойлгодог, эсвэл хөгжимд хорхойсч дурласан хүмүүсийг л толгой дохиулахаар хэмжээний уран бүтээлчдийг онцлоод байх шиг санагдах боллоо. Бүр энгийнээр хэлбэл нийтээрээ дууг нь сонсдог уран бүтээлчдийг сонгох гэсэн зарчмаасаа хазайгаад явна уу даа гэсэн бодол төрөөд байна л даа.

Өнөөдөр нийтэд цацагдаж байгаа дууг яг тэр үед нь сонсоод сайхныг нь мэдэрч яваа залуус байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд нийт олонх биш. Үүнийг уншсан олны дунд хотын соёл, хотын хөгжим, хотын мэдрэмж энэ тэр гээд элдэв тайлбар шүүмж өрнөх байх. Дахиад онцолъё шоу бол хотын биш, нийтийн гэсэн үнэлэмжээр хэмжигддэг. Тийм учраас энэ өнцгийг хөндөж байгаа юм.

“Яг түүн шиг” шоунд бас нэг онцлог бий. Сонгосон дуучны дууг яг тэр дуучинтай адилхан дүр төрх, дуу хоолой, үйл хөдлөлтэйгөөр амилуулах нь энэ шоуны амин сүнс. Тэр утгаараа олны дагаж дуурайж дуулдаг дуу, дуучин байхаас аргагүй. Огт мэдэхгүй, сонсоогүй дуучны мэдэхгүй дууг дуурайгаад дуулчихаар яахав. Яг адилхан дуулсан эсэхийг нь анзаарч чадах уу. “Яг түүн шиг” шоунаас мэдрэх ганц л кайф бий. Тэр нь яг адилхан дуулсан эсэхийг нь сонирхон харж, сонсох. Мэдэхгүй дуучныхаа дууг ингэж мэдэрнэ гэж юу байхав. Их л удаж дэлгэцэн дээр харьцуулж гаргах дүрсийг нь л багцаалдаж төсөөлөх төдийгөөр сонирхож харахаас хэтрэхгүй. Монголчуудын хувьд хойд хөршийн үе үеийн алдартай дуучид, хамтлаг мэдрэмжинд нь ойрхон байдаг. Солонгос, Америк, Франц, Италийн олны танилуудыг ч нийтээрээ сонсох дуртай. Нийтээрээ сонсох дуртай өчнөөн дуучин хамтлаг бий. Ер нь дуу таашаах тал дээр үндэстний онцлог гэж хэнд ч анзаарагддаггүй хэр нь хэтэрхий тодорхой нэг шалгуур байдаг. Г.Ганхүүгийн тухайд тэр онцлогийг нь мэдрээд дуучнаа сонгочих мэдрэмжтэй уран бүтээлч. Хэнийх нь дууг монголчууд нийтээрээ таашаан сонсдог вэ гэсэн асуултыг мань эрд тавибал торохгүй тодорхой хариу өгнө. “Ийм учраас тэрний дууг монголчууд бултаараа сонсдог” энэ тэр гээд гаргалгаа юутай хээтэй нь ярина гэдэгт эргэлзэх юм алга.

Тэгэхээр ганцхан Г.Ганхүү мэддэг, бусад нь гадарладаг ч үгүй дуучдаас татгалзвал “Яг түүн шиг” жинхэнэ утгаараа шоу болох гээд байна.

dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ