Бурхан багшийн их дүйчин өдөр буяныг хэрхэн хураах вэ?
Зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиодог билээ. Энэ жилийн их дүйчэн 2019.05.18-ны бямба гарагт тохиож байна.
Буян хийвэл бум түмээрээ арвиждаг цог буян, өлзий учрал тохиосон энэхүү өдөр буяны хотол чуулганыг хурааж, нүгэл хилэнцийг тэвчихийн тулд тэвчигдэхүүн болсон 10 хар нүгэл гэж юу болохыг танин мэдэх хэрэгтэй. 10 хар нүглийг тэвчвээс 10 цагаан буяны үрийг тарих юм. Буяны үрд жаргана, нүглийн үрд зовно.
10 ХАР НҮГЭЛ
Өчүүхэн бага буяны үрээс хэмжээлшгүй их амгалан гарах буюу өчүүхэн бага нүглийн үрээс тэсэшгүй их зовлон гарч болзошгүй. Иймд буян, нүглийг бага гэж үзэж болдоггүй бөлгөө. Бусдын хийсэн үйлийн үрийг өөр нэгэн үл эдлэх ба өөрийн хийсэн үйлийг бусдад шилжүүлж үл болох бөгөөд өөрийн хийсэн үйлийг зөвхөн өөрөө л эдлэнэ. Сайн муу бүхний шалтгаан болсон буян, нүглийн үйлийг эс хураавал түүний үр болсон амгалан, зовлонг хэзээд үл эдэлнэ. Үйл нь олон галваар дамжсан урт хугацаанд ч хорогдон алга болдоггүй төдийгүй шалтгаан нөхцөл нь бүрдсэн үед боловсрон гарч ирдэг байна. Арван цагаан буян нь сайн үйл, Арван хар нүгэл нь муу үйл болдог.
АРВАН ХАР НҮГЭЛ ХЭМЭЭХ НЬ:
1. Амьтны амь таслах: /биеэр үйлдэх 3 нүглийн анхан/
Аливаа амьтны алтан амийг хорлох нь түүний амьд ахуй үедээ үйлдэх буян, үр удам, хийж бүтээх бүх зүйлсийнх нь хамт хөнөөн устгаж буй тул маш их хилэнц нүгэлтэй үйл юм. Амьтны аминд хүрэхийг өдөөдөг сэтгэл нь “Гурван хор” гэж томьёолдог мунхаг, уур, шунал гурав юм. Мөн Бурханы шашинтнууд урьд урьд төрлүүддээ эх хүү болж яваагүй амьтад нэгээхэн ч үгүй тул амьтан алах нь эхийгээ алснаас өөрцгүй нүгэл, хилэнцтэй гэж үздэгтэй ч холбон ойлгож болно. Амьтны аминд хүрэх хэрэгсэл нь зэвсэг мэс хэрэглэх, хорт бодисоор хордуулах, арвис тарнийн хүчээр хараал хийх зэргийг өөрөө үйлдэх, бусдаар үйлдүүлвээс амь тасалсны хүнд нүгэл, хилэнцийг хураана. Шунахай сэтгэлийн үүднээс амьтны мах, арьс, бусад эд эрхтэнээс ашиг хонжоо олохыг хүсч амь таслах, уур хилэнгийн үүднээс өшөө хорсол санан, заналхийлэх, хүлцэн тэвчих сэтгэлгүйн улмаас амь таслах, амьтны амь тасалваас хилэнц нүгэлтэй гэдгийг үл мэдсэний улмаас, мөн зугаа цэнгэл болгож амьтны амь таслах нь мунхаг сэтгэлийн үүднээс үйлдэж байгаа юм. Ялангуяа сүүлийн үед чоно алвал хийморь сэргэдэг гэсэн мунхаг буруу үзэл ёс гарах болжээ. Мөрөөрөө яваа амьтны амь золиослон өөрийн сайн сайхныг бүтээх ёс Бурханы шашны үзэл номлолд нэгээхэн ч үгүй бөлгөө. Бурханы шашны ёсонд ямарваа амьтныг энэ нь ашиг өгөөжтэй, тэр нь хор хөнөөлтэй гэж ялгаварлан үздэггүй бөгөөд ямар ч амьтан өөрийн амар тайван байдлыг бүтээн бий болгох, амь зуух, үр төлөө өсгөхийн төлөө явдаг буюу зовлонг хүсдэг амьтан нэгээхэн ч үгүй болох нь тодорхой билээ. Амьтны амь тасалсан хилэнцийн үрээр дараа төрлүүддээ гурван муу заяаны аль нэгэнд төрөх буюу хүний биеийг оллоо ч нас богино, элдэв өвчин эмгэгтэй, зовлон шаналгаа их, ядуу зүдүү болох, амьдарч байгаа орчин нь таагүй, идээ ундаа ховор хомс, эмийн ургамал, үр жимсний анагаах хүч сул, шүлт шим муу байдаг газар оронд очиж төрдөг байна. Иймд өөрөө амьтны аминд хүрэхгүй байхын зэрэгцээ алуулахад тулсан амьтны амийг хэлтрүүлэх, бусдыг амьтан алах нөхцөл байдалд оруулахгүй байх, аюул гамшигаас амьтны амь аварваас нас урт, өнгө зүс сайн, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн болно гэдэг.
2. Эс өгснийг авах: /биеэр үйлдэх 3 нүглийн хоёрдугаар/
Бусдын хөлс хүчээрээ олсон эд таваарыг учир эс мэдэх мунхаг, үл ханах шунал, үл энэрэх уур хилэнт сэтгэлийн үүднээс хүч түрэмгийлэн булаах, нүднээс далдуур сэм авах, зээлүүлж хүүлэн өсгөх, ямар нэгэн башир муу аргаар өгөөгүй байхад буюу зөвшөөрөлгүйгээр салган хагацуулахыг хэлнэ. Мөн жинлүүрийн заалтыг өөрчлөх, бусдын хаяж гээсэн зүйлийг буцааж үл өгөх, хуурамч эд зүйл борлуулах зэрэг хулгай хийхтэй ялгалгүй бөлгөө. Эс өгснийг авсан нүгэл хилэнцийн үрээр эд таваараар ховор хомс, ядуу зүдүү болох, эд өлгийг эрж хайгаад үл олох, олсон зүйлээ хулгай дээрэмд алдах, амьдарч буй газрын ойр орчинд ган гачиг, зуд турхан байнга нүүрлэх, эс бөгөөс үер усны аюул их тохиолддог байна. Иймд эс өгснийг авах нүглийг тэвчиж, үргэлж бусдад өглөг өгч буян үйлд. Өглөг өгөх нь эд өлгийн өглөг, номын өглөг, аймшиггүйн өглөг гэсэн гурван зүйл байдаг. Эхнийх нь үгээгүй ядууст өглөг өгөх, сүм хийдэд өрлөг хандив өргөх, өвчин зовлонд нэрвэгдсэн нэгэнд буцалтгүй тусламж үзүүлэх, амьтан хооллох зэрэг эд өлгийн зүйл өгөх зэрэг болой. Өөрийн сурч мэдсэн эрдэм ухаан, тэр дундаа Бурханы номыг бусдад зааж сургаж, үнэн зөв зам мөрийг зааж сургах нь өглөг бүгдийн дээд гэж үздэг. Аймшиггүйн өглөг нь аюулд өртсөн амьтныг өөрийн амь биеийг ч үл хайрлан аварч, амьдрах нас бэлгэлэх тэргүүтнийг хэлдэг юм. Энэ бүх өглөгийг өгсөний үрээр эд баялагаар элбэг баян, өгөөмөр өглөгч сэтгэлтэй болох зэрэг олон зүйлийн тус эрдэмтэй.
3. Буруу хурьцал: /биеэр үйлдэх 3 нүглийн гуравдугаар/
Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг буруу хурьцал гэж хэлдэг. Өөрийн эх, цусан төрлийн холбоотой садан төрлийн бүсгүй, насанд хүрээгүй охид, ижил хүйсний хүмүүс, эсвэл манин хүйстэн, сахил сахиж байгаа эмэгтэй, эрэгтэйтэй хурьцал үйлдэх нь явагдахуун бусын буруу хурьцал мөн. Хүний ёсноос гадуур гаж маягаар бэлгийн дур хүслээ хангахыг гишүүн бусын буруу хурьцал хэмээдэг ажээ. Багш, эцэг эх тэргүүтэн хүндтэй хүмүүсийн ойр хажууд, бурхан шүтээний дэргэд энгэр зөрүүлэхийг орон бусын буруу хурьцал хэмээнэ. Жирэмсэн байгаа болон сарын хир ирсэн үе, хугацаат сахил сахиж буй үед мөн хүсээгүй байхад нь хүч түрэмгийлэх зэргийг цаг бусын буруу хурьцал гэнэ. Буруу хурьцал үйлдсэн үйлийн үр нь хүн болж төрвөөс түүний эхнэр хийгээд нөхөр нь үнэнч биш, гэр бүл нь тогтворгүй үргэлж салж сарних нь олон, өөрөөр хэлбэл гэр бүлийн амьдрал тогтворгүй, элдэв бэрхшээлтэй алхам тутамд тулгарч байдаг байна. Мөн шавар намаг, азар бузар, өмхий самхай, хог новш үлэмж элбэг, сэтгэлд таагүй газар оронд төрдөг байна. Иймд буруу хурьцлын нүгэлийг сайтар тэвчиж, ариун ёс суртахуун, сахил санваарыг сахигтун.
Сахил санваар сахихаар ам авсан хуврагууд тус тусынхаа сахих ёстой сахилаа сайн сахих, эгэл хүмүүс нь ариун ёс суртахуунтай байж үүрэгт ажлаа ёс журмын дагуу гүйцэтгэх, өөрийн гэргийгээр ханан мэдэх буюу бусадтай шалиг самуун явдал үүсгэхийг тэвчсэний үрээр ариун дагшин газар дээд сайн төрлийг олж төрнө.
4. Худал ярих: /хэлээр үйлдэх 4 нүглийн анхан/
Мунхаг, шунал, уур хилэнт сэтгэлийн үүднээс ямар нэгэн байдлаар бусдад санаатайгаар толгойг нь эргүүлэн буруу ойлголт өгөх, мөн зөв бодол санааг элдэв үг тэргүүтнээр эргүүлэхийг хэлнэ. Худал үгийг ихэвчлэн амаар өгүүлэх боловч дуугүй байх, толгой дохин хүлээн авах, мөн биеэр болон дохио зангаагаар заах тэргүүтнээр хуурах нь худал ярихын нүгэлд багтана. Худал ярьдаг нүгэлтэн дараа төрөлдөө ээрүү гацаа, ам нь өмхий, орсгой дорсгой шүдтэй зэрэг болж төрнө. Бусад бээр байнга басамжлан доромжилдог байна. Мөн тийм хүний аж зуун амьдардаг газар нь тариалан, худалдаа наймааны ажил үйл үйлдэхэд бэрх алс бөглүү бөгөөд элдэв гай тотгор олон болно. Иймд худал ярихыг тэвчиж, ямагт үнэн үгийг өгүүл.
Үнэн зөв өгүүлэх нь болсон үйл явдлыг үнэн зөв өгүүлэх, өөрийгөө болон бусдыг өмгөөлөхийн тул худал өгүүлэх, айн балмагдсандаа худал өгүүлэх, бусдын толгойг эргүүлэхээр зүйл өгүүлэхгүй байх нь нэн чухал билээ.
5. Хов өгүүлэх: /хэлээр үйлдэх 4 нүглийн хоёрдугаар/
Эв найрамдалтай байгаа хүмүүсийг хооронд нь салган үймүүлэх, эв эегүй байгаа хүмүүсийг улам бүр холдуулах зэрэг зохисгүй үйлдэлийг үнэн худал, яруу бус үг яриагаар мунхаг, шунал, уур хилэнгийн эрхэнд автан үйлдэхийг хов өгүүлэх гэнэ. Хов өгүүлдэг хүн дараа төрөлдөө найз нөхдөөр хомс, амраг садангаасаа хол хөндий, тэдэнтэй таарамжгүй байдаг бөгөөд хүрээлэн байгаа орчин нь ч энхэл донхол, овгор товгор, явж зорчиход бэрх газар төрөх аж. Иймд хов өгүүлэх нүгэлийг тэвчиж, эв эеийн үгийг өгүүлж бай.
Олон хүмүүнийг эв найртай, нэгдэл нягтралтай байлгахын төлөө аль болох зүй зохистой үгсийг өгүүлж байх хэрэгтэй.
6. Ширүүн үг хэлэх: /хэлээр үйлдэх 4 нүглийн гуравдугаар/
Гурван хорт муу сэтгэлийн нөлөөгөөр өөрийнхөө дургүйцлийг гарган бусдыг харааж зүхэх, дайрч давшилсан үг өгүүлэх, үнэн худал үгээр доромжлох, бусдын нууц хоригийг бүдүүлгээр уудлах, бусдын сэтгэлд сэв суулгах зэргийг ширүүн үг хэлэх гэнэ. Ширүүн үг хэлдэг нүгэлтэн бээр хойд төрөлдөө бусдын амнаас цаг үргэлжид сэтгэлд тааламжгүй үг сонсдог, сэтгэлийн шаналгаа ихтэй болж төрнө. Түүний төрсөн газар нутаг нь хожуул сондуул үлэмж, асга хайрга их байдаг байна. Иймд ширүүн үг хэлэх нүглийг тэвчиж, аядуу зөөлөн үгийг хэлэлц. Эелдэг зөөлөн ярих нь бусдад таатай сэтгэл төрүүлэхийн дээр сэтгэлд зохистой яруу үгийг өгүүлэхийг хэлнэ.
7. Дэмий чалчих: /хэлээр үйлдэх 4 нүглийн дөрөвдүгээр/
Ямар ч утга учиргүй, хэрэг болох ухагдахуунгүй, элдэв хэрэггүй зүйлсийн талаар цаг заваа гарздаж, амныхаа зоргоор дур мэдэн өгүүлэхийг хэлнэ. Урд насандаа дэмий чалчих нүглийг үйлдэж байсан хүний ярьсан хэлснийг бусад үл сонсдог, үл ойшоодог байна. Нутаг оронд нь үрт модонд үр жимс үл боловсрох, боловсорсон ч цагаа үл олох, цаг улирлын байдал байнга солигдох зэрэг гай гамшиг ихтэй байдаг ажээ. Иймд дэмий чалчилгүй, утга төгөлдөр номыг өгүүлж бай. Хэрэгтэй зүйл ярих нь өөрт болон өрөөл бусдад хэрэг болохооргүй зүйлийг үл ярин гүн дэлгэр номын утгыг ярьж бай.
8. Хомхой сэтгэл: /сэтгэлээр үйлдэх 3 нүглийн анхан/
Бусдын эрдэм мэдлэг, эдэлж, эзэмшиж байгаа эд хөрөнгө, баялагт шунан тачааж, өөрийн болгох гэсэн, эсвэл түүнд атаархан эн зэрэгцэх эд хөрөнгө, бараа таваар хураахыг санагалзах, хүний эд хөрөнгийг илүү үзэх зэрэг шунаг сувдаг сэтгэлийг хэлнэ. Хомхой сэтгэлтэн хойт насандаа ханаж цадахаа мэдэхгүй, дур хүсэл ихтэй болж төрнө. Эд баялаг, хотол чуулган бүхэн нь жил, cap, хоногоор хасагдан багасаж байдаг тул хомхой сэтгэлийг тэвчиж, ханан мэдлийг шүт. Ханан мэдэл буюу өөрт буй зүйлээр сэтгэл ханаж, бусдын илүү зүйлд хомголзох сэтгэлийг үүсгэлгүй бусдын сайн сайхан зүйл, өөрөөс нь илүү байгаад бүү атаархаж бай.
9. Хорлох сэтгэл: /сэтгэлээр үйлдэх 3 нүглийн хоёрдугаар/
Бусдын хорлол хийгээд сэтгэлд үл нийцэх үйлдэлд тэсвэрлэлгүй өс хонзон санан хорсох, зодож нүдэх, хүлж боох тэр байтугай алах санаа өвөрлөх зэрэг хорон сэтгэлдээ бүрэн автахыг хэлнэ. Хорлох сэтгэлийг дотроо агуулж байдаг хүний дараачийн төрөл тэр нь уур хилэн, унтууцал дургүйцэл их байхын зэрэгцээ тухайн газарт хижиг өвчин, халдварт өвчин гарах нь байнга, дотоодын үймээн самуун, гадаад дайсны халдлага дайралт элбэг байдаг аж. Иймд хорлох сэтгэлийг дотроо үл агуулж, бусдад тустай сэтгэлийг үүсгэн аливаа амьтанд аль болох өөрийн боломж бололцооны хэрээр туслах сэтгэлийг үүсгэ. Хэрэв тус хүргэж эс чадваас, хор хөнөөл бүү хүргэгтүн.
10. Буруу үзэл: /сэтгэлээр үйлдэх 3 нүглийн гуравдугаар/
Нүгэл буян гэж байхгүй, үйлийн үрийн нарийн ухагдахууныг үгүйсгэх, Гурван эрдэнэд үл итгэх, хойд урд нас байхгүй худал зүйл хэмээн гүтгэх зэргийг хэлнэ. Буруу үзлээр оюунаа булингартуулваас үнэн зөв сургаалыг хэзээд үл сонсох бөгөөд мунхагийн балагаар гэгээрэлд хүрч үл чадна. Сав ертөнцийн нөөц баялаг, хүү сан мөхөн устаж, бууран доройтдог ажээ. Иймд буруу үзлийг сэтгэлээсээ цэвэрлэж, үйлийн үрийн сургаалын гүнзгий утганд сэтгэлээр итгэмжил.
Бие хийгээд хэлний нүгэлүүд хойноосоо урагшлах тутам хүндэрнэ. Жишээ нь: Биеийн гурван нүглээс хамгийн хүнд нь амь таслах нүгэл, хэлний дөрвөн нүглээс худал ярих нүгэл хамгийн хүнд нь байх бөгөөд харин сэтгэлийн нүгэлүүд бол урдаасаа хойшлох тусам хүндрэх бөгөөд хамгийн хүнд нүгэл нь буруу үзэл юм. Арван хар нүглийг хүнд байдлаар үйлдвэл тамд төрж, халуун хүйтний хатуу бэрх зовлонг амсана. Дунд байдлаар үйлдсэн байваас бирдийн оронд төрснөөр өлсөж цангаж, турж эцэхийн хэцүү зовлонг амсана. Хөнгөн байдлаар үйлдэх аваас адгуусны төрөл авч, унаж эдлүүлэх, хэлгий дүлий, нэгнийгээ амьдаар идэх, залгих, хүчтэй нь хүчгүйгээ түрэмгийлэх зэргийн аюулт зовлонг эдлэнэ. Эдлэх ёстой үр нь цаг хугацааны хувьд харилцан адилгүй байна. Үр дагаварыг нь энэ төрөл насандаа эдлэх, яг дараачийн төрөлдөө эдлэх, гуравдахь төрлөөс эхлээд цаашид хэд хэдэн төрлийн дараа эдлэх гэх мэтчилэн ялгана. Эдгээр бие, хэл, сэтгэлийн нүгэлүүдийг үнэнхүү гэмшсэн сэтгэлээр илчлэн наминчлаваас арилах боловч анхнаас нь үйлдэхгүй, халдаахгүй байх нь эрхэм чухал юм.
Арван хар нүглийг тэвчвээс арван цагаан буян болдог. Товчлон хураангуйлбал амь таслахыг тэвчин амьтны амь аврах, эс өгсөнийг авахыг тэвчин өглөг өгөх, буруу хурьцал үйлдэхийг тэвчин сахил санваарыг сахих, худал ярихыг тэвчин үнэн зөвийг өгүүлэх, хов үг өгүүлэхийг тэвчин зүй зохистойг өгүүлэх, ширүүн үг өгүүлэхийг тэвчин эелдэг зөөлөн үг өгүүлэх, дэмий ярихыг тэвчин утга төгс хэрэгтэй зүйл ярих, хомхой сэтгэлийг тэвчин ханан мэдлийг шүтэх, хорлох сэтгэлийг тэвчин туслах сэтгэлийг үүсгэх, буруу үзлийг тэвчин Гурван эрдэнэ, үйлийн үрд итгэмжлэх сэтгэл үүсгэхийг хэлдэг.
Таны бие, хэл, сэтгэл ариусаж, Бурхан багш лугаа адил төгс гэгээрлийн хутгийг олох болтугай.
ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ