С.Шаарийбуу: Шүүх хурлыг ирэх есдүгээр сар хүртэл хойшлууллаа
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад амиа алдсан билээ. Эл хэргийг өнөө хүртэл эцэслэн шийдээгүй байна. Хохирогчийн аав С.Шаарийбуу Малайзад болсон ээлжит шүүх хуралд оролцоод ирлээ. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Шүүх хурлын үеэр энэ удаа юу хэлэлцсэн бэ. Та нэлээд олон удаа Малайз явлаа.
-Эл хэрэг олон улсын анхаарлын төвд хэдийн орсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс сүүлийн нэг жилд ажиглагчийн үүднээс бус, асуудалд бодитоор хандаж ирлээ. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга оролцсон.
Тэрбээр шүүгчтэй санал солилцож, хэвлэлийнхэнтэй уулзан, холбогдох яамныхантай Монгол талын бодлого, хүлээлт, цаашдын харилцааны талаар ярилцаж, хэргийг шударгаар шийдвэрлэхийг хүссэн. Шүүх хурал хэзээ дуусахыг бүү мэд. Дахиад л ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулчихлаа.
-Гэрчүүдийн зардлыг танаас нэхсэн гэж сонслоо. Үнэн үү?
-Малайз талын 40-өөд гэрчийг шүүх хуралд дуудсан. Сая болсон шүүх хурлаар 15 хүнээс мэдүүлэг авсан. Англид амьдрах болсон, хэргийн эзэн, захиалагч Багинда, Австралид орогносон Сирул Азар Умараас очиж мэдүүлэг авах, мөн гадаадад гарсан болон өөр хотод байгаа гэрчүүдийн ирэх зардал, өдрийн хоол, ажил, буудлын хөлсийг төлөөрэй гэсэн.
Түүнчлэн миний охинд тохиолдсон аймшигт хэргийг үйлдсэн Малайзын төрийн мэдэл бүхий хүмүүс хүнд ялд унах магадлалтай болоод ирэхээр гарцаа эрэлхийлж цаазын ялыг хөнгөрүүлэх хууль батлахаар хэлэлцүүлж байна. Шударга үнэнийг олох амаргүй бололтой.
unuudur.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ