“Худалдаа Хөгжлийн банк”-ны охин компани “Халзан бүргэдэй”-г авсан нь яагаад буруу вэ?

Дэлхийн банк Монгол Улсыг 10 тэрбум долларын газрын ховор элементийн нөөцтэй хэмээн дүгнэж байсан удаатай. Одоогоор Монгол Улсад тогтоогдсон ховор элементийн дөрвөн том орд бий. Үүний нэг нь Ховд аймгийн Мянгад суманд орших “Халзан бүргэдэй”-н орд юм. Гэтэл уг ордыг ашиглах лицензийг “Худалдаа хөгжлийн банк”-ны охин компани буюу "Монголиан нэшнл рийр ийрт корп" гэх компани хууль бусаар ашиглаж байгаа, хууль шүүхийн маргаантай байгаа талаар бид өмнө мэдээлсэн. “Халзан бүргэдэй” шиг газрын нөөц нь эцэслэн тогтоогдоогүй орд газарт ашиглалтын лиценз олгохыг хуулиар хориглодог. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын ажиллагаа бүрэн явагдаж, нөөцийг нь бүрэн тогтоосны дараа ашиглах эсэхийг нь судалсны үндсэн дээр ашиглалтын лицензийг олгох журамтай аж. Гэтэл уг ордын нөөц эцэслэн тогтоогдоогүй байхад буюу 2001, 2004 онуудад “Монтем” гэх компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон ба тус компани уг лицензээ "Монголиан нэшнл рийр ийрт корп" компанид худалдсанаар өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Мөн Zr, Nb, Ta, Y, REE гэсэн эдийн засгийн стратегийн элементүүдийн шүлтийн магматиттай холбоотой хүдрийн ордуудын жишээ болох үнэ бүхий осмийн төрлийн элемент ихтэй, өндөр чанар бүхий эдийн засгийн үр өгөөжтэй гэх “Халзан бүргэдэй” нь нутгийн иргэдийн хувьд “Ноён” уул адил түшигтэй, шүтлэгтэй газар аж. “Халзан бүргэдэй” ууланд ховор элементийн ордоос гадна түүхийн үнэт дурсгалууд олноор хадгалагддаг. Тус уулнаас хүрэл зэвсгийн үед хамаарах 60 гаруй булш, эд өлгийн зүйл олдсон байна. Олдворуудын ихэнхи нь язгууртан болон жирийн иргэдийн булш байсан ба “Халзан бүргэдэй” уул нутгийн иргэдийн ундны усны эх болсон Ховд голоос 50 километрийн зайд оршдог юм. Тиймээс “Худалдаа Хөгжлийн банк”-ны охин компани үргэлжлүүлэн өрөмдлөг хийсээр байвал Хар-Ус нуур, Ховд голын эко системд өөрчлөлт орох аюултай гэнэ. Гэтэл онгон дагшин хайрханыг нь 2000 оноос тал талаас нь сэндийчэж, "Монголиан нэшнл рийр ийрт корп" компани гурван ч удаа зөвшөөрөлгүй өрөмдлөг хийсэн гэнэ. Учрыг лавлах бүр хайгуул хийж байна хэмээн нутгийнхний амыг таглаж, бүр мэргэжлийн хяналтынхныг хүртэл аргалаад чухам юу хийж байгаагаа эл тод хэлдэггүй аж.

"Монголиан нэшнл рийр ийрт корп" компани юу хийж байгааг мэдэх гээд байгаа бас нэг шалтгаан нь газрын ховор элементтэй харьцахдаа тун анхаарал болгоомжтой байх ёстой талаар мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Учир нь тус элементүүдийг олборлох, ашиглах аваас дайвраар нь цацрагт идэвхит бодис ялгарах аюултай аж. Иймд өндөр хөгжилтэй орнууд ховор элементийг олборлохдоо юун түрүүнд тус бодисуудыг ялгадаг хэмээн ахмад геологич Д.Батболд ярьсан. Гэхдээ манайд ингэж хийх техникийн боломж бололцоо муу. Алт, нүүрсээ ч аятайхан олборлож сураагүй байгаа. Магадгүй сэтгэл ч дутах биз. Алтыг нь авах гэж байгаа гээд газрынхаа хэвлийг сэндийчээд хаячихдаг ард түмэн шүү дээ, бид чинь. Хариуцлагагүй уул уурхайн уршгаар нэгэн цагт онгон зэрлэг байгальтай хэмээн бахархдаг байсан цаг түүх болон үлдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Цагийн сайханд уул ус, ургамал ногоо нь тэгширсэн хангай говь хосолсон Монгол орон маань одоо цөлжилтөд хайр гамгүй идэгдээд байна. Сүүлийн үед давтамж нь ихэссээр буй газар хөдлөлтүүдийг хүртэл хэрээс хэтэрсэн уул уурхайтай холбож тайлбарлах нь бий. Тэгээд ямар ч замбараа, дэс дараагүй “тараасан” лицензүүдийнхээ үр дүнд эх орон нь хөгжиж, ард түмэн нь баяжсан уу гэвэл үгүй.

Нөгөө талаар, газрын ховор элемент нь химийн бүтцээсээ шалтгаалан техник технологи болоод та бидний өдөр тутмын хэрэглээ болох дэвтэр, зай, зоос, ээмэг, чихэвч, гоо сайхны бүтээгдэхүүн, чүдэнз, эм бэлдмэл зэрэгт ашиглагддаг байна. Тиймээс нүүрс, алт, зэс гэсэн цөөн хэдэн ашигт малтмалын элемент дээр түшиглэсэн ядуу эдийн засгаа “төрөлжүүлэх”, ашиглах нь зөв гэж үзэх хүмүүс ч бий. Гэхдээ Монгол Улсад одоо олборлолт хийж байгаа уурхайнуудаас илүү аюултай энэ орд руу “Худалдаа Хөгжлийн банк” орж, “нууцлаг” үйл ажиллагаа явуулж байгаад “Хонгор” сумын гашуун түүхээс аймшигт үр дагаврыг авчрах вий дээ гэж болгоомжлох нь зүй ёсны хэрэг биз. 

Ташрамд дурдахад “Худалдаа Хөгжлийн банк”-тай хамаарал бүхий цорын ганц орд нь “Халзан бүргэдэй” биш юм. Иймд энэ салбарт, энэ уурхай дээр төрөөс зөв бодлого барих хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

unuudur.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ