Д.Цэцгээ: Зүрхний шигдээсийг манайх эмчилдэггүй учраас харьяаллынх нь дагуу гуравдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн

Нэгдүгээр эмнэлэг хүлээж авалгүй буцааснаас болж 52 настай эрэгтэй таксинд бурхан болсон гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Энэ сарын 8-ны өдөр хөдөө орон нутгаас ирсэн 52 настай эрэгтэй зүрх нь өвдөж Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт ханджээ. Эмнэлгийн зүгээс анхны тусламжийг үзүүлээд гуравдугаар эмнэлэг рүү явуулсан байна. Гэтэл тухайн иргэн гуравдугаар эмнэлэг рүү явах замдаа зүрх нь зогсож таксинд нар барсан харамсалтай хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарсан байдаг.

Талийгаачийн ар гэрийнхэн "Өөр эмнэлэгт очиж үзүүл хэмээн буцааж, эмнэлгийн машинаар эмчийн хяналтанд хүргүүлэх хүсэлтийг нь хүлээж авалгүй өвчтэй хүнийг таксигаар явуулсан Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийнхэнд гомдолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Харин тухайн иргэнийг хүлээж авалгүй буцаасан гэх Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн зүгээс дараах тайлбарыг өглөө.

Д.Цэцгээ: Манайх ганцхан түргэн тусламжийн машинтай тэр яаралтай дуудлагад явчихсан байсан 

"Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн захирал"

-Өнгөрсөн лхагва гарагт Баянхонгор аймгийн иргэн 52 настай эрэгтэй манай эмнэлэгт хандсан. Бид шаардлагатай шинжилгээнүүдийг хийж, зүрхний бичлэг хийгээд зүрхний шигдээс гэдэг оношийг тавьсан. Зүрхний шигдээсийн үед хамгийн түрүүнд хийгдэх ёстой өвчин намдаах, нарийссан судсыг тэлэх, цусыг шингэлэх эмчилгээг хийгээд эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журмын дагуу гуравдугаар төв эмнэлэг рүү явуулсан. Учир нь зүрхний шигдээс, тархины харвалтыг манай эмнэлэгт эмчилдэггүй учраас энэ төрлийн оноштой хүмүүсийг өвчний харьяаллынх  нь дагуу гуравдугаар төв эмнэлэг рүү шилжүүлдэг.  Гэтэл тухайн өвчтөн эмнэлэг рүү явж байх замдаа зүрх нь зогсож нас барсан байна лээ.  Бид 50 гаруйхан настай хүн зүрхний шигдээсээр нас барсанд маш их харамсаж байна. 

Уг нь эмнэлгийн тусламжийн машинаар хүргэж өгөх ёстой. Гэтэл манайх ганцхан түргэн тусламжийн машинтай тэр яаралтай дуудлагад явчихсан байсан учраас цаг алдахгүйн тулд  цус шингэлэх, өвчин намдаах үйлчилгээтэй хоёр эм бичиж өгөөд өөрсдийнх нь унаагаар явуулчихсан юм байна лээ. Тухайн үед өвчтөний биеийн байдал тогтвортой, даралт нь хэвийн байсан. 

Т.Гэрэл zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ