Хорт хавдрыг дарангуйлж, дархлаа дэмждэг нано эсийг эрдэмтэд танилцууллаа
Эрдэмтэд хүний үсний өргөнөөс хэд зуу дахин жижиг хэмжээтэй нано эсийн тусламжтайгаар хүний биеийн дархлааны тогтолцоог дэмжих замаар хорт хавдрын эсийг ялан дийлэх боломжтой болохыг сүүлийн үеийн судалгаагаар олж илрүүлжээ. Лабораторийн хулгануудад хийсэн туршилтаар тус нано эсийг ашиглан эхний шатандаа орсон хөхний хорт хавдрыг эмчилж чадсан байна.
Хүний биеийн дархлааны тогтолцоонд “Т” хэлбэрийн нэгэн эс байдаг аж. Хэрвээ хүний биед элдэв гаднын нян, бактери, хавдрын эс нэвтэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд энэхүү эс дархлааны системд мэдээлэл өгч бусад дархлааны эсүүдийг хэдэн саяар нь дуудан авчирч бусад нь устгах процессыг хийдэг байна. Хэдий хүний бие байгалиасаа маш гайхалтай дархлааны зохицолгоотой ч “Т” хэлбэрийн эс нь хавдрын эс тэр дундаа хөхний хорт хавдрын эсийн эсрэг сул байж, тэжээх, урвуулах боломжийг нь олгодог аж. Үүнийг анзаарсан Нью Йоркийн Слоан Кеттерингийн нэрэмжит хорт хавдрын эсрэг төвийн эрдэмтэд “Т” хэлбэрийн эсэд тусламж үзүүлж, хорт хавдрын эсийг дарангуйлдаг нано бүрэлдэхүүнийг гаргаж авсан байна.
Одоогоор дэлхий нийтэд хөхний хорт хавдрыг мэс ажилбар болон туяаны эмчилгээгээр эмчлэх нийтлэг аргыг ашиглаж байгаа юм. Туяаны эмчилгээний арга нь хамгийн үр дүнтэй ч гэсэн маш цөөн тохиолдолд “Т” хэлбэрийн эсийг устгадаг нь тухайн өвчтөний биед өөр хавдар, өвчлөл үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Харин шинэ эмчилгээний аргаар туяаны эмчилгээтэй хавсран зөвхөн хавдрын нарийн мэргэжлийн эмчийн тунгаар олгох нано эс бүхий эмийг тогтмол хэрэглэж тэр нь хүний биед нэвтэрмэгцээ “Т” хэлбэрийн эсэд тусалж гэмтсэн дархлааны тогтолцоог өөрийг нь эвлүүлдэг тоглоом өрөх мэт эмчлэхийн хажуугаар хөхний хорт хавдрыг дарангуйлах юм.
Гэвч эмчилгээний явцад хулганын биеийн бусад хэсгүүдэд мөөгөнцрийн эд үүсэн цаашид тархаж байгаа нь хүн дээр турших боломжийг одоогоор хязгаарлаж байгаа аж. Гэхдээ эрдэмтэд ирэх хэдэн сарын дотор эмчилгээний аргыг улам боловсронгуй болгож хүний эмнэл зүйн салбарт амжилттай нэвтрүүлнэ гэж тооцоолж байна. Энэхүү нээлтийг салбарын эрдэмтэд нь хорт хавдрын эсийг дарангуйлах хүн төрөлхтний эрэл хайгуулын үйлсэд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том дэвшил гэж харж байгаа аж.
Тиймээс дэлхийн томоохон эмийн үйлдвэрүүд энэхүү шинэ нээлтэд хөрөнгө оруулалт хийж хүмүүсийн дунд хамгийн түгээмэл илэрдэг хөхний хорт хавдрыг эмчилж, улмаар өвчлөлийн тоог эрс бууруулах шийдэл болно гэж үзэж байна. Гэхдээ хараахан боловсронгуй болоогүй байгаа эмчилгээний энэхүү шинэ аргаар одоогийн байдлаар дэлхийн нийт хөхний хорт хавдраар өвчлөгчдийн 20-30 хувийг л эмчлэх боломжтой гэж тус судалгааны ажлын ахлагч, Чикагогийн их сургуулийн химич, Хятадын эрдэмтэн Лин Венбин ярьсан байна.
Мөн эрдэмтэд энэхүү эмчилгээний шинэ арга барилыг цаашид улам боловсронгуй болгосноор зөвхөн хөхний хорт хавдар гэлтгүй бүх төрлийн хорт хавдрыг эрт болон дунд шатанд нь ямар нэгэн эрсдэл, сөрөг гаж нөлөөгүй бүрэн эмчилдэг болох цаг тун удахгүй ирнэ гэж найдаж байгаа юм.
Эх сурвалж: Sciencemag itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ