Х.Баттулга: Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчийг татварын бодлогоор дэмжих шаардлагатай

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХХААХҮЯ хамтран “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.


Хэлэлцүүлэгт хөдөө аж ахуйн салбарын төрийн байгууллагуудаас гадна мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.


Тэрбээр, "Хүнсний аюулгүй байдлыг хангах нь бүх нийтийн асуудал бөгөөд үүнээс ангид нэг ч хүн, нэг ч байгууллага байх ёсгүй. Хүнсний аюулгүй байдал гэх ойлголт нь гурван тулгуур дээр тогтдог. Нэгдүгээрт, хүнсний хангамж нь найдвартай олон эх үүсвэртэй байх; хоёрдугаарт, зах зээл дээр эрүүл, баталгаатай, аюулгүй хүнс тогтвортой, хүрэлцээтэй байж хувь хүн газар зүйн байршил болон эдийн засгийн чадамжаас үл хамааран хоол, хүнс авах боломжтой байх, гуравдугаарт, иргэд эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлага хангасан ус, хүнсийг хадгалах, хэрэглэх суурь мэдлэг, дадалтай байх юм. Сүүлийн 20 гаруй жил хүнсний салбарын бодлого, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны уялдаа алдагдан, хүнсний аюулгүй байдлыг тодорхойлдог дээрх гурван тулгуур тогтворгүй байдалд орсон. Салбарын судлаачид, бодлого боловсруулагчдаас гарсан саналд үндэслэн хууль эрх зүйн орчныг шинэчлэх, дэлхийн улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон шийдвэр гарсан боловч үр дүн гарахгүй байна. Бид аливаа асуудлыг цогцоор нь харж, гарц, шийдлийг тодорхойлж, цаашид боловсруулах бодлого, шийдвэр, хэрэгжүүлэх ажлаа уялдуулахгүй бол 10, 20 жилийн дараа өнөөдрийнх шигээ ярьдгаа ярьсаар, хийдгээ хийсээр суух вэ гэж болгоомжилж байна. Мэдээлэл, техник, технологийн хурдацтай хөгжлийн 21 дугаар зуунд амьдарч байгаа хэдий ч ийм дорой үйлдвэрлэл, доголдолтой хангамжтай байх нь таатай зүйл биш. Энд гагцхүү зөв бодлого, оновчтой шийдвэр дутаж байгаа бөгөөд үүнд сэтгэл, зүтгэл илт үгүйлэгдэж байгаагаас биш шийдэл, гарц өчнөөн байгаа. Монгол орны байгаль цаг уурт нийцсэн хүнсний аж ахуй, шинэ сорт гаргах хөрөнгө оруулалт, дотоодын үйлдвэрлэгчийг дэмжсэн татварын бодлого, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн боловсрол, мэдлэгт анхаарах хэрэгтэй байна. Дотоодын төмс, хүнсний ногооны жилийн нийт хэрэгцээ тийм ч их биш 370 мянган тонн орчим байгаа. Үүний 180 мянган тонныг төмс, 190 мянган тонныг бусад хүнсний ногоо бүрдүүлдэг. Ийм хэмжээний тариалалт, үйлдвэрлэл явуулах нөөц бидэнд хангалттай бий. Гэтэл 2018 онд хүнсний ногооны хэрэгцээний ердөө 42 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Аль 10 жилийн өмнө 2009 оноос эхлэн дотоодын төмсний хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрсэн боловч одоог хүртэл гаднаас төмс зөөсөөр л байна. Хүнсний нарийн ногооны хэрэгцээний 90 гаруй хувийг импортоор авч байна. Импортын хүнсний ногооны нөөц, хангалт, хадгалалт, түгээлт, тээвэрлэлтийг Барс худалдааны төв дээр зохицуулж, хүнсний ногооны үнийг тэнд тогтоож байгаа монопол тогтолцоог халах шийдлийг бид ярих ёстой болж байна. Жилийн дөрвөн улиралд иргэдээ шинэ ургацын ногоогоор хангахад 4 улирлын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Тиймээс хүлэмжийн дэвшилтэт цогцолбор аж ахуйг байгуулан, хүлэмжийн ах ахуй эрхлэгчдийн мэдлэг чадварыг сайжруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, хадгалалт борлуулалтын сүлжээг бүрдүүлэх, хүнсний ногооны зоорь агуулахуудын ашиглалтыг сайжруулах зэргээр цогцоор нь хандах ёстой болж байна. 2017 онд Хүнсний аюулгүй байдал Үндэсний чуулганыг миний бие санаачлан зохион байгуулж, уг чуулганаас төрийн байгууллагуудад хандсан 17 заалт бүхий зөвлөмж гарсан боловч хэрэгжилт тун хангалтгүй, бодит үр дүн гарсангүй. Дүгнээд хэлэхэд, Монгол Улсын хүнсний аюулгүй байдал суурь шаардлагуудыг бүрэн хангах хэмжээнд биш байна. Хийх, шийдвэрлэх, сайжруулах асуудал их байна. Хүн амаа аюулгүй, баталгаат хүнсээр бүрэн, тогтвортой хангахад төр, төрийн бус байгууллагуудаас эхлээд энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн, хэрэглэгчид ч анхаарах нь чухал болоод байгааг сануулъя. Миний бие хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмж, гарц шийдлийг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэхийн төлөө Засгийн газарт үүрэг чиглэл өгч, тууштай хамтран ажиллах болно" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ