Хэргийн газраас “ТОЗ 8” бууг орон гэргүй иргэн авч дэлгүүрт архиар сольсон байжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хороо, 100 айлын автобусны буудлын хойно “Нарлаг” цайны газрын хашаанд 30-40 орчим насны иргэн тархин тус газраа цус болсон ухаангүй хэвтэж байна гэх дуудлага өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн өглөө 06:20 цагийн үед нийслэлийн шуурхай удирдлагын төвд иржээ.
Бидний сурвалжлах баг хэргийн газарт очиход "Нарлаг" зоогийн газрын хашааг цагдаа нар тууз татаж хамгаалалтад авчихсан байлаа. Хажууханд нь байрлах “BSB”-ийн барилгыг ч бас хамгаалалтад авч хүн дотогш нэвтрэхийг хоригложээ. Хашааны гаднаас ажиглахад шүүхийн шинжилгээний ажилчин болох тав зургаан хүн хэргийн газарт ажиллаж талийгаачийн цогцост үзлэг хийж хэмжиж байв. Удалгүй цогцсыг авч явсан юм. Талийгаачийн хэвтэж байсан газрын дээхнэ талд “Нарлаг” цайны газрын том цагаан камер, зүүн дээд талаас нь “BSB” төвийн камер ч бичиж байв. Ямартаа ч хэргийн газар бүрэн камержсан орчин ажээ. Хашааны гадна цугласан иргэд “Хэн нэгэн буудсан бол камерын дор хэрэг үйлдэгдсэн байна, тав алхахгүй баригдах биз” гэж ярьцгааж байлаа. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн ажилчид хэргийн газарт үлдсэн ул мөр бүхнийг гярхай ажиглаж гар хурууны хээг тусгай багажаар авч, нэг нь тэмдэглэж байв. “Нарлаг” цайны газрын доор
Хэргийн газраас “ТОЗ 8” бууг орон гэргүй иргэн авч дэлгүүрт архиар сольсон байжээбайрлах нэг давхар “Ургамал сант” хүнсний дэлгүүрийг хэргийн газарт ажиллаж буй мэргэжилтнүүд анхааралтай ажиглаж нэг нь дээвэр рүү авирч үлдсэн ул мөрийг нь авч байв. Энэ нь бидэнд хэрэгтэн тус дэлгүүрийн дээгүүр гарч хойшоо зугтаасан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байсан юм.
100 айлын автобусны буудалд байрлах ТҮЦ-ний худалдагч эмэгтэйтэй ярилцлаа.
-Танай ТҮЦ 24 цагаар ажилладаг билүү. Энэ хавиар өнгөрсөн шөнө хөл хөдөлгөөн хэр байв?
-Энэ хавиар 24 цагийн турш хөл хөдөлгөөн тасардаггүй болохоор манайх амардаггүй юм. Энд тэнд согтуу галзуу хүмүүс шуугилдаж л байдаг. Харин өнгөрсөн шөнө архи зарахыг хориглосон болохоор чимээ шуугиан намжуу байсан.
-Өнгөрсөн шөнө танд хүн амьтан хоорондоо ноцолдох чимээ, буун дуу сонсогдсон уу?
-Өнгөрсөн шөнө цурам хийлгүй хоносон. Надад буун дуу сонсогдоогүй. Энэ хавиас салдаггүй хэдэн архины хамааралтай хүмүүс л хоорондоо маргалдаад чанга чанга ярьж байгаа нь сонсогдож байсан. Өглөө 06 цаг өнгөрөөд жаахан зүүрмэглэж байхад л дуут дохио хангинуулсан цагдаагийн машин ирээд л хүмүүс бужигнаж эхэлсэн. Арын хашаанд хүн нас барсан гэж хүмүүс ярьж байна лээ гэж хэлсэн юм.
Энэ хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгажээ. Хэргийн газрын ойр орчмын албан байгууллагуудын камеруудыг шүүж талийгаач нь 1958 онд онд төрсөн, 61 настай Ж гэгч болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Тэрбээр дээл өмсөж явсан гэнэ.
Хэргийн газрын үзлэгээр талийгаач духандаа сумны шархтай байсан аж. Мөн үзлэгийн явцад гараас нь сумны дарь илэрсэн учраас өөрийгөө буудсан байж болзошгүй гэх урьдчилсан таамгийг дэвшүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Шүүх шинжилгээний хүрээлэнгээс авсан мэдээллээр түүнийг үхэлд хүргэсэн зэвсгийг хэрэг гарсан газрын орчмоос олсон бөгөөд хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буу болохыг тогтоосон байна.
Мөрдөн шалгалтын явцад цагдаа нар талийгаачийн амиа хөнөөсөн байж болзошгүй зэвсэгтэй ижил төстэй бууг Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах найман нэрийн дэлгүүрээс олж тогтоожээ. Хэрэг үйлдсэн байж болзошгүй бууг 50 орчим насны орон гэргүй, тэнэмэл эмэгтэй үүрийн 5:00 цагийн орчимд тус дэлгүүрт авчирч шил архиар сольсон аж. Дэлгүүрээс хураасан бууг талийгаачийн ар гэрийнхэнд үзүүлж, таниулах ажиллагааг явуулжээ. Талийгаач нь тухайн бууг эцгээсээ өвлөн авсан бөгөөд авдартаа хадгалдаг байжээ.
Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Дуудлагын мөрөөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар дээр үзлэг хийж ажилласан. Одоогоор үхлийн шалтгааныг эцэслэн хэлэх боломжгүй байна. Задлан шинжилгээгээр энэ бүхэн тодорхой болно. Хэрвээ уг хэргийг харсан гэрч байгаа бол нэн яаралтай цагдаагийн байгууллагын 102 утас руу залгаж яаралтай мэдээлэл өгч ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг хүсч байна. Галт зэвсгийн хуулиар галт зэвсгийн сургалтад хамрагдсан хүн л эзэмших эрхтэй. Хадгалах, тээвэрлэж авч явах нь тусгай нарийн журам бий. Энэ хэргийг шуурхай илрүүлэхийн тулд Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, нийслэлийн цагдаагийн газар ажиллаж байна” гэж хэлсэн юм.
Талийгаач хүнд өвчний улмаас удаан хугацааны турш шаналж байгаа тухайгаа хөтөлдөг байсан тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байна. Түүнийг удаан зовоосон урхаг өвчин нь амиа хорлох шалтгаан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.
О.ДАШНЯМ dnn.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ