Сонсож чадахгүй ч зүрх сэтгэлээсээ мэдрэх “Намуухан” кино

Энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн Hypeman Entertainment-н бүтээл болох 'Намуухан' кино дэлгэцийн хүртээл болсон цагаасаа хойш залуусыг уярааж, намуухан, дөлгөөхөн мэдрэмжийг түгээсээр байгаа билээ. Киноны гол дүрд дуучин Намуун, Punk N Rap хамтлагийн Тэнүүн нар тоглосон бөгөөд кино зохиолыг дуучин Намууны 'Намуухан' цомогт тулгуурлан бичсэн байна.

Киноны эхлэл хэсэгт хэлдгээр "… гаднаас нь харахад хэн ч анзаарахгүй энгийн нэг шүүгээн дотор үлгэрийн орон байдаг …" гэсэн шиг 'Намуухан' киног үзэж эхлэх үед та хэдий сонсож чадахгүй ч байсан бүгдийг нь сэтгэл зүрхээрээ мэдэрч болохоор үлгэрийн оронд орж явах нь тэр.

Кино бүхэлдээ тун энгийн хайрын түүхийг өгүүлнэ.

Гэхдээ хайрын түүх гэхээсээ илүү үзэж буй хүмүүст амьдралд ойлгох ёстой гол ойлголтуудыг бүгдийг нь багтааж, тун ч энгийнээр илэрхийлж чадсан санагдана.

Эхлэл хэсэгт уран бүтээлч хүмүүс бүтээлч байдлаа сэргээхийн тулд тайван орон зайд хэсэг хугацаанд амрах хэрэгтэй мөн ямар уран бүтээл төрөх нь сэтгэл санааны байдал ямар байхаас шууд хамааралтай байдгийг харуулсан байна.

Харин кинон дундуур хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч аз жаргалыг бидэнтэй адил мэдрэх боломжтойг мөн дурдаад амжсан бөгөөд ямар ч жүжиглэлт ороогүй аз жаргалыг түгээж байгаа хэсгийг оруулсан нь шууд мэдрэгдэж байлаа.

Цаашлаад ямар нэг асуудал, үл ойлголцлыг ярилцаж шийдэх нь хамгийн зөв арга зам байдаг бөгөөд зүрх сэтгэлээсээ хүссэн бүх зүйлээ хийхэд, хэлэхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг киноны төгсгөл хэсэгт харуулжээ.

Үүгээр ч зогсохгүй таныг аз жаргалаас тань хориод байгаа зүйл зөвхөн та өөрөө учраас юу ч болсон аз жаргалтай болох замыг сонгосон нь хамгийн зөв зам байдаг гэдгийг ойлгуулж чадлаа.


"Гэрэлт цох ганцаараа бол өчүүхэн жижиг оч төдий боловч хэдэн мянгаараа ойн гүнг гэрэлтүүлж чадна."

Ингээд төгсгөлд нь анхны уран бүтээл гэхэд их хөдөлмөр, сэтгэл шингэж бүтсэн кино болох нь мэдрэгдсэн бөгөөд дан ганц хайрын тухай романс кино гэхээс илүү маш их зүйлийг ойлгуулж, бодолд автуулсан бүтээл болж чадсан байна.

Та бүхэн амжиж "Намуухан" киног хүлээн авч үзээд сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ