Үл таних нисдэг биетүүдийн тухай сонирхолтой баримтууд

Шинжлэх ухааны “уфологи” гэсэн нэртэй салбар Үл таних нисдэг биетүүдийг (ҮТНБ) судладаг.  Гэхдээ энэ салбарыг шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд  харин ч  олонхи эрдэмтэн уфологийг хуурамч шинжлэх ухаан гэж үздэг болов уу.  Хорьдугаар зууны дунд үед ЗСБНХУ-ын зарим шинжээч ҮТНБ байж болох тухай асуудлыг судлаж байжээ. Харин  1961 оны нэгдүгээр сарын 8-нд “Правда” сонинд “Нисдэг тавгийн”  тухай худал яриа” гэдэг өгүүлэл нийтлэгдэж, үүний дараа энэ салбарын бүх судалгааны  ажил нэлээд хэдэн жилийн турш зогссон байна.


1663 онд Вологда хотоос  (Москвагаас баруун хойш орших) холгүй газарт нэг  нуурын дээр үл таних нисдэг биет явж байхыг  ажигласан тухай баримт хадгалагдаж үлджээ. Энэ биет  их чимээ гарган, нуурын дээгүүр  маш доогуур нисч байсан гэж нүдээр үзсэн хүмүүс ярьж  байсан байна.  Гэтэл  тэр  гэнэт алга болж, хэсэг хугацааны дараа дахин гарч ирсэн гэдэг.  Эндхийн тариачид түүнийг  бүтэн хагас цагийн турш ажиглажээ.  Нисдэг биет рүү завиар ойртож очих гэж оролдсон  зоригтой  хүмүүс   гарч байсан ч, энэ эрсдэлтэй үйлдэл нь  бүтэлтэй болоогүй байна. Юу гэвэл, хүмүүс маш их халууныг мэдэрсэн учир хурдхан шиг аюулгүй  зайд холджээ. 


Америкийн бизнесч, уулын туршлагатай нисэгч Кеннет Арнольд  таваг хэлбэртэй хэд  хэдэн хачин нисдэг биетийг Каскадын уулын дээр (Вашингтон муж улс) харсан гэдгээ хэлсний дараа 1947 онд  “нисдэг таваг” гэсэн нэр томъёо  анх бий болсон байна.


Зөвлөлтийн зөгнөлт зохиолч А.П.Казанцев  сансраас харь гарагийнхан манай дэлхийд ирдэг эсэхийг сонирхож байжээ. Тэрээр Тунгуссын солирын учир битүүлэг явдлын тухай хэд хэдэн зохиол бичсэн байна. Энэ нь солир биш, харин Дэлхийд буухаар оролдох үедээ сүйрсэн гариг хоорондын нисдэг аппарат байжээ гэсэн таамаглалыг зохиолч дэвшүүлж байсан байна. 


Портсмут хотод сууж байсан америкийн нэг гэр бүлийн  Бетти болон Барни Хилл нар  харь гарагийнханд хуйлгайлагдсан манай гарагийн анхны оршин суугчид  болжээ.  Наанадаж  тэд өөрсдөө ингэж нотлодог  байж.   Эхнэр, нөхөр хоёрын  хэлснээр, тэд  хөрш Канадад амраад, 1961 оны есдүгээр сарын 19-нд   буцаж  явжээ.  Гэнэт нэгэн хачирхалтай нисдэг биет тэдний машин дээгүүр үзэгдсэн байна.   Хоёр цагийн турш тэдэнд юу тохиолдсоныг сүүлд нь тэд санадаггүй байжээ.


1967 онд Английн өмнөд нутагт нэг дор зургаан “нисдэг таваг” үзэгдсэн байна. Эдгээр нь  илт сансрын биш гаралтай  байсныг мэргэжилтнүүд тогтоожээ.  Тавагнуудад ус, гурил холилдсон шингэн байсан байна. Тэгсэн чинь, энэ нь тоглоом шоглоом байсан нь сүүлд тодорхой болж,  “тавгуудыг”  Хатан хааны нисэхийн сургуулийн сурагчид хийсэн байжээ. 

Өөр соёл иргэншлийн төлөөлөгчид манай гарагт ирдэг тухай бүхий л цуу яриа болон баримт нь маш зөрчилтэй бөгөөд нотолгоогүй  учир, үүнд итгэх хэрэггүй хэмээн олонхи эрдэмтэн үздэг байна.  Гэхдээ  санал асуулгын дүнгээс үзвэл,  АНУ-ын оршин суугчдын 70 гаруй хувь нь  энэ сэдвийн тухай баттай мэдээг өөрсдөөс нь нуудаг хэмээн үздэг байна. 

Тэр ч байтугай Агаар мандал дахь  гаж үзэгдлийг судлах тусгай комиссыг 1984 онд  ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэд  ч байгуулж байжээ.  Тийнхүү үл таних нисдэг биетүүдийн тухай 3000 орчим мэдээ цуглуулж, ингэснээр  харь гарагийнхан Дэлхийд ирсэн ямар ч нотлох баримт олдоогүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ