Дуулахаас гадна амьдарч чаддаг ганц эмэгтэй бол Алла Пугачева


 “Лента” агентлагийн тоймч Михаил Марголис Оросын эстрадын хатан хаан Алла Пугачевагийн 70 насны ойд зориулан ийн бичжээ.

Алла Борисовна Пугачевагийн төрсөн өдрийг хэдийнэ үндэсний баяр болгох байсан юм. Ард түмэн түүний төлөө, түүний нөхрүүдийн төлөө, түүний хүүхэд, ач, зээ нарын төлөө хундага өргөг л дээ. Оросын бүх телевизийн суваг, мэдээллийн бүх мэдээллийн хэрэгсэл дөрөвдүгээр сарын 15-нд бөгөөд үүний өмнөх өдрүүдэд улиг болтол энэ дуучин эмэгтэйг байдгаараа магтан дуулав. Михаил Марголис би ч мөн ялгаагүй.

Үүнд гайхах зүйлгүй. Учир нь Оросын аль ч хотын аль ч гудамжинд гараад Үндсэн хуулийн юм уу, Ардын нэгдлийн өдөр хэзээ вэ гэвэл яг таг хариулж чадах хүн ховор. Харин АБ (Алла Борисовна) гэсэн товчлол юуг илтгэдэг, үүнтэй холбоотой ойн баяр хэзээ вэ гэвэл бараг хүн бүр хариулж чадах байх шүү.

Алла Борисовна өдгөө нэгэн дуундаа өгүүлдэг шиг зөвхөн “Дуулдаг эмэгтэй” бус “Амьдардаг эмэгтэй” болсон гэмээр. Тэр өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө чимээгүйхэн амьдардаг ч түүний алхам бүрийг нь ард түмэн сэтгэл догдлон хүлээдэг гэлтэй.

Арван гурван жилийн өмнө би хэдийнэ дотно танил болсон түүнтэй нэгэн ярилцлага хийж билээ. Тэгэхэд алдарт дуучин маань, “Шоу бизнесийн ууранд 60 нас хүртлээ ормооргүй байна” гэж билээ. Алла тэгээд 2009 онд Кремлийн ордон, Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд 60 насныхаа бие даасан тоглолтоо хийгээд үнэхээр больё гэж бодсон биз ээ.

Гэвч АБ-г ард түмэн зүгээр явуулна гэж үү? Энэ хүн аль хэдийнэ үгүй болсон Зөвлөлтийн төдийгүй одоогийн Оросын шоу бизнесийн гол бэлгэдэл шүү дээ.

Дуучин, хөгжимчнийхөө хувьд Пугачева өнгөрсөн зуунд үлдсэн. Сүүлийн үеийн дуунууд нь хэт хуучинсаг, орчин үеийн шаардлагаас хоцорсонд нь тэгж хэлээгүй юм шүү. Шинэ зуун гараад тэрээр уран бүтээлдээ бүхнээ зориулахаа больж, үл ялиг хөндий болсон гэдэг утгаар нь л тэгж тодорхойлох гэсэн юм.

Гэтэл 1970, 1980, тэр ч бүү хэл 1990-ээд оны цомгуудын дуунуудынхаа бараг гуравны хоёрын хөгжмийг тэр өөрөө зохиосон юм шүү. Тэрээр мөн үе үеийн шилдэг хөгжмийн зохиолч Александр Зацепин, Раймонд Паулс, Юрий Чернавский нартай хамтран ажиллаж байв.Түүний дууны үгэнд Вильям Шекспир, Марина Цветаева, Осип Мандельштам, Борис Пастернак, Белла Ахмадулина, Роберт Вознесенский нарын яруу найргийн уран бүтээл шингэсэн.

Хэдий тийм ч нийт ард түмний сэтгэлд хүрсэн боловч яруу найраг, хөгжмийн хувьд “маруухан” дуу дуулахаас ч тэр цээрлээгүй. 

Арван жилийн тэртээ Кремлийн тайзнаас “Би нисч одлоо” (“Я улетаю”) гэж дуулсан тэрээр концерт тоглохоо, шинэ цомог бичүүлэхээ болин Максим Галкин гэх залуутай гэр бүл болов. Тус хос Лиза охин, Гарри хүү гэх ихэртэй ч болсон. АБ-гийн насанд хүрсэн хоёр зээ дээр бяцхан Клавдия нэмэгдсэн. Тэд нарынхаа дунд л Оросын эстрадын хатан хаан маань жинхэнэ аз жаргалтай байдаг шиг...

          Гэвч тэр арван жилийн дараа дахин нисэх гэж байна. 70 насныхаа ойн концертоор. Пугачева ганцхан гэдгийг л хайртай ард түмэндээ илтгэх гэж тэр биз ээ.








Б.Туг   



СЭТГЭГДЭЛ БИЧИХ