Чуулган: С.Зоригийн хэргийг шалгах дэд хороо байгуулахыг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "1998 онд тухайн үеийн парламентийн гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэрэг болон шалгах процесс нь их ээдрээтэй байгаа. Тиймээс ОУП-ын холбоо анхаарлаа хандуулсаар ирсэн. Ингээд 2017 оны есдүгээр сард ОУП-ын Хүний эрхийн хорооноос тодорхой төлөөлөгч нар ирж ажилласан. Ингээд 10 төрлийн санал зөвлөмж гаргаж, УИХ-д өгсөн. Энэ санал зөвлөмжтэй танилцах ажлын хэсэг байгуулсан байдаг. Ажлын хэсгүүд ажиллахад энэ хэргийн цар хүрээ нэлээн өндөр байгаа учраас түр хороо байгуулъя гэх Л.Болд гишүүний саналыг дэмжиж байна. Түр хороо бол байнгын хороотой адил тэгш эрхтэй учраас дэмжиж байна. ОУПХ-ноос бас түр хороо байгуулж ажиллахыг зөвлөсөн байдаг.
Түр хорооны ажиллах хүрээ, хязгаар тоог бас нарийн тооцож гаргамаар байна. Түр хороо бол тодорхой асуудлыг хянан шалгах зорилгоор санал дүгнэлт гаргах, санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулах зорилгоо биелүүлсэн тохиолдолд УИХ-аас татан буулгадаг. Түр хорооны гишүүдийг зөвхөн УИХ-ын гишүүдээс бүрдүүлдэг. Мөн ажиллах хугацааг нь тогтоож болдог учиртай. Бүрэлдэхүүнд хэн ч орж ажиллаж болно, хэдэн ч гишүүн ажиллаж болно. Нээлттэй гэсэн үг. Хүрээ хязгаарын хувьд тодорхой зорилго тавиад түүнийгээ биелүүлж ажиллана.
Энэ бол хүний амины хэрэг, мөн эрүүдэн шүүсэн гэх хоёр асуудал бий. Уг асуудлыг Улсын Ерөнхий прокурорын дэргэд ажлын хэсэг байгуулагдах ёстой. Шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудаас оролцох ёстой" гэв.
УИХ-ын гишүүн Л.Болд "Монголын парламент монголын ард түмэнд өртэй юм. 21 жилийн дараа энэ том хэргийн асуудлаар хэлэлцэж байна. Энэ хэрэг МУ-ын олон улсын нэр хүндэд шууд хамаарна" гэлээ.
Ийнхүү энэ асуудлаар санал хураалт явуулж, 74 хувийн саналаар дэд хороо байгуулахыг дэмжлээ.
Чуулган үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ