Ж.Батзандан: Амьд гэрчтэй хэрэг заавал илэрдэг, түр хороог яаралтай ажилд нь оруулъя

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхлээд байна. Яг одоо чуулганаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж буй юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Эх оронч гишүүдээ цааш нь харуулчихаад хэргийг нь илрүүлэхгүй гэдгээ болио.

Толгой улстөрчид энэ хэргийг илрүүлэхгүй байхын төлөө ажилласан. Хоёр намын улстөрчид жүжиг тоглолоо. Энийг зогсоох гэж МАНАН мафийн эсрэг тэмцсэн. Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй гэж байдаггүй юм. Заавал илэрдэг.

16 настай хүүхэд 19 настай эмэгтэйг дагуулж очоод хүн амины хэрэг үйлдсэн гэдэг жүжгээ зогсоо. Хангалттай нотлох баримттай юм бол яагаад эрүүдэн шүүв. Яагаад хашаанд нь цогцос аваачиж хаяв.

Холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой. Түр хороог яаралтай байгуулж, ажилд нь оруулъя. Бичлэг нь ч ил боллоо гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Хэн нэгнийг тамлах төлөвлөгөө хийгээд хэрэгжүүлээд байгаа бол буруутай этгээдийг тогтоож ял зэмийг үүрүүлэх ёстой. Ийм л хуультай оронд амьдрах ёстой. Түр хороог байгуулахад эсэргүүцэх зүйл алга. Энэ түр хороог байгуулаад ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр ойлголттой болохын тулд асуулт тавьж байна. С.Зоригийн хэрэг бүрэн шийдэгдсэн гэж буруу зөрүү зүйл байдаг бол олон нийтэд ил тод болгож, мэдээлэх ёстой. Бид энэ түр хороог байгуулаад эцсийн ямар шийдвэр гаргах вэ?. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: 

Хэд, хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт, түр хороо ямар хуулийн ямар заалт зөрчигдсөн талаарх дүгнэлт гаргана. Илэрхий мэдэгдэж байгаа зүйл бол нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд хорьж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн. Мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьж болохгүй. Энэ хууль зөрчигдсөн. Эрүүдэн шүүж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн.

Хоёрт, хүний эрхийн зөрчлийн асуудлууд байгаа. Гүйцэтгэх ажил явуулахадаа хүний эрхэнд яаж халдсан тухай. Маш нарийн гаргаж ирэх шаардлагатай. Хэрэгт холбогдсон хүмүүс дээр гүйцэтгэх ажил явууллаа гэхэд яагаад ээж, хүүхэд дээр нь явуулав. Тагнуулын даргын яриагаар дээр үеийн 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн. Ямар ажиллагаанд ашигласан юм. Дээрээс нь энэ хэргийг тойруулаад дуртай болгоныхоо утсыг чагнаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар ажилласан. Энийг олон нийтэд танилцуулна.

Төрийн болон албаны нууцын 5 дугаар зүйл гэж бий. Хүний аминд хүрсэн хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар аюул учрах гээд байсныг гаргаж ирэх ёстой.

 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 

"1998 онд тухайн үеийн парламентийн гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэрэг болон шалгах процесс нь их ээдрээтэй байгаа. Тиймээс ОУП-ын холбоо анхаарлаа хандуулсаар ирсэн. Ингээд 2017 оны есдүгээр сард ОУП-ын Хүний эрхийн хорооноос тодорхой төлөөлөгч нар ирж ажилласан. Ингээд 10 төрлийн санал зөвлөмж гаргаж, УИХ-д өгсөн. Энэ санал зөвлөмжтэй танилцах ажлын хэсэг байгуулсан байдаг. Ажлын хэсгүүд ажиллахад энэ хэргийн цар хүрээ нэлээн өндөр байгаа учраас түр хороо байгуулъя гэх Л.Болд гишүүний саналыг дэмжиж байна. Түр хороо бол байнгын хороотой адил тэгш эрхтэй учраас дэмжиж байна. ОУПХ-ноос бас түр хороо байгуулж ажиллахыг зөвлөсөн байдаг. 

Түр хорооны ажиллах хүрээ, хязгаар тоог бас нарийн тооцож гаргамаар байна. Түр хороо бол тодорхой асуудлыг хянан шалгах зорилгоор санал дүгнэлт гаргах, санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулах зорилгоо биелүүлсэн тохиолдолд УИХ-аас татан буулгадаг. Түр хорооны гишүүдийг зөвхөн УИХ-ын гишүүдээс бүрдүүлдэг. Мөн ажиллах хугацааг нь тогтоож болдог учиртай. Бүрэлдэхүүнд хэн ч орж ажиллаж болно, хэдэн ч гишүүн ажиллаж болно. Нээлттэй гэсэн үг. Хүрээ хязгаарын хувьд тодорхой зорилго тавиад түүнийгээ биелүүлж ажиллана. 

Энэ бол хүний амины хэрэг, мөн эрүүдэн шүүсэн гэх хоёр асуудал бий. Уг асуудлыг Улсын Ерөнхий прокурорын дэргэд ажлын хэсэг байгуулагдах ёстой. Шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудаас оролцох ёстой" гэв. 

УИХ-ын гишүүн Л.Болд

"Монголын парламент монголын ард түмэнд өртэй юм. 21 жилийн дараа энэ том хэргийн асуудлаар хэлэлцэж байна. Энэ хэрэг МУ-ын олон улсын нэр хүндэд шууд хамаарна" гэлээ. 

Ийнхүү энэ асуудлаар санал хураалт явуулж, 74 хувийн саналаар дэд хороо байгуулахыг дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ