ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд "Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан байна.
Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний аудитын газар 2019 онд гүйцэтгэх аудитын сэдвийн төлөвлөгөөг Төрийн аудитын тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн 2018 оны хоёрдугээр сарын 07-ны өдөр батлуулж, мөн дөрөвдүгээр сарын 14-ний дөрөвдүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан. Дээрх тогтоолууд батлагдсанаар аудитын сэдвийн хүрээнд ҮАГ 2018 оны есдүгээр сараас эхлэн аудиттай холбоотой судалгаа хийх, төлөвлөлтийн үе шатны ажлуудыг зохион байгуулах, аудитын сэдвийн эрсдэл, хамрах хүрээг төлөвлөж, аудитын үр өгөөжийг судалсан. Судалгааны явцад зарим аудитын нэрийг өөрчлөх, хугацаанд өөрчлөлт оруулах, тогтоолд ерөнхий нэрээр орсон аудитыг тодотгох, тогтоолын хавсралтаас зарим аудитын сэдвийг хасах, шинэ сэдэв нэмэх зайлшгүй шаардлага гарсныг дурдав.
Тухайлбал, тогтоолын хавсралтад тусгагдсан “Монголын цахилгаан холбоо төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагааны үр дүн”, “Мэргэжлийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, үр дүн”, “Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулалтын байдал”, “Төмөр замыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн”, “Гадаадын анчдаар ан агнуулсны ан, амьтан агнуурын нөөц ашигласны төлбөр ногдуулалт, барагдуулалтын байдал” зэрэг аудитыг судалгааны явцад хийх шаардлагагүй болсон.
Үүнээс гадна аудитын зардал нь батлагдаагүй “Оюутолгой төслийн 1,2 дугаар шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчдэд ногдох хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөх өр төлбөрийн байдлын аудит”, “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт”, “Газрын тосны салбарт 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоолол” гэсэн гурван аудитыг хасах саналтай байгаагаа тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа онцолсон.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчид болох тэргүүлэх аудитор С.Бүрэнбат, С.Оюунбилэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, О.Батнасан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлснээр аудитын байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарч байгаа эсэх, Оюутолгойн Дубайн гэрээний аудитын тайланг бэлэн болсон талаар илүүтэй тодруулсан. Мөн Оюутолгой төслийн 1,2 дугаар шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчдэд ногдох хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөх өр төлбөрийн байдлын аудит”, “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт” аудитыг хавсралтаас хасч, хойшлуулах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, аудит хийх зардлыг багасгах шаардлагатай гэж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс хариултдаа, Өнгөрсөн оны нэгдүгээр сард аудитын сэдвийг зардалтай нь тооцож оруулаад батлуулсан. Сангийн яаман дээр хянагдахдаа нэр дурдсан гурван аудитын зардлыг хассан. Энэ асуудлаар аравдугаар сараас хойш Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гээд бүх шатны байгууллагуудад хандсан боловч батлагдсан төсөвтөө багтааж аудит хийх шаардлагатай гэсэн хариу албан тоотыг ирүүлсэн байгаа. Ер нь бол аудит хийх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж байлаа. Түүнчлэн Оюутолгой төслийн 1,2 дугаар шатны буюу 7.5 тэрбум ам долларын өртөгтэй хөрөнгө оруулалтын гэрээнд хийх аудитын хувьд Үндэсний аудитын газар өөрийн хүчээр хийх боломжгүй. Гадны хөндлөнгийн шинжээч, зөвлөхүүд, олон улсын мэргэжлийн байгууллагын тусламж шаардлагатай байгаа учраас аудитын зардлын төсөвт өртөг өндөр байгаа гэж хариулсан. Мөн Үндэсний аудитын газрын даргын эрхийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түдгэлзүүлсэн учир гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангууд баталгаажиж гараагүй. Дуусаагүй буюу царцсан барилгын ажилд 46 обьект хамруулан хийсэн аудит болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт буюу Дубайны гэрээнд аудит хийгээд дууссан. Гэвч Монгол Улсын ерөнхий аудиторын эрх түдгэлзсэнтэй холбогдож дээрх аудитын тайлангууд баталгаажаагүй гацсан байдалтай байгаа гэж Ажлын хэсгийн зүгээс хариулж байв.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Үндэсний аудитын газрын 2018 оны тайланг судалсны дараа 2019-2020 оны сэдэв батлах асуудлыг хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг хойшлуулах, энэ асуудлаар тогтоолын төсөл бэлтгэж батлуулах Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив. Мөн уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасангаар ахлуулж, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.
Үргэлжлүүлэн Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг тогтоолын төсөлд Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “389” гэснийг “394” гэж өөрчлөхөөр тусгагджээ. Үндэсний аудитын газрын орон тоог 5-аар нэмэгдүүлэхдээ батлагдсан төсөв, цалингийн зардалд өөрчлөлт орохгүй гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолсон юм. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсний дараа уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ