Б.Батцацрал: Миний хүү мөн гэдэг нь тогтоогдвол би хүүгээ авна

Нара буюу дуучин М.Нарантуяа хүүгийнхээ эцэгтэй холбоотой харилцааг ил болгосон. Тэгвэл олон нийтийн дунд шүүмжлэлд өртөөд буй Нарагийн хүүгийн эцэг гэх Б.Батцацрал тухайн асуудлын талаар тайлбар мэдээлэл өгөхөөр манай редакцид хандсаны дагуу хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Таныг нийгмийн сүлжээгээр дамжуулан олон хүн таньдаг боллоо. Гэхдээ онцгүй байдлаар?

Харин тийм, харамсалтай байна.

"М.Нарантуяагийн нөхөр, хүүхдийнх нь аав. Гэвч хүүхдээ орхисон, эхнэрээ хаясан өөдгүй залуу" Би таныг тэгж дүгнэсэн.

Хүн болгон л тэгэж бодож байна. Магадгүй би өөрөө тэр бичлэгийг хөндлөнгөөс харвал таньтай адилхан л бодохоор тийм бичлэг болсон байсан, гэхдээ уг бичлэг хийж эхлэхийн өмнө юу болоод ийм байдал үүсэв гээд харвал бас өөр дүгнэлт хийж болох болов уу.

"Нара" та хоёр анх хэзээ танилцаж, хэдэн жил хамт амьдарсан бэ?

Ярилцлага эхлэхээс өмнө нэг зүйл тохиръё. Би ямар нэг байдлаар өөрийгөө өмөөрч, Нараг буруутгаж муулмааргүй байна. Нара анх 2012 онд манай компанийн шинэ жилийн арга хэмжээнд ирж дуулсан юм. Тэр үед Нараг анх харахдаа "дайчин, мундаг, цоглог ухаалаг бүсгүй байна" гэж бодсон ер нь ч тийм эмэгтэй. Шинэ жилийн арга хэмжээгээ тэмдэглэсний маргааш над руу танихгүй дугаараас "Та над руу залгасан уу" гэдэг мессеж ирсэн. Би залгаагүй, харин "та хэн бэ" гэж хариу бичтэл "Нара маань би танай компанийн арга хэмжээн дээр дуулдаг дуучин бүсгүй байна" бичсэнээр бид анх танилцсан. Тэр үеэс эхлээд бид жил гаруй хугацаанд үерхсэн юм.

Хэтэрхий хувийн харилцааг асууж байгаад уучлаарай. Та хоёр яагаад салсан юм бэ?

Нара бид хоёрт нэг нэгнийнгээ хайрлаж, хүндэтгэж явсан үе бий. Гэхдээ хамт амьдарч байгаагүй учраас салсан гэх нь ч хаашаа юм, Харин зан байдлын хувьд таарч тохирохгүйгээс аяндаа харьцаа маань муудах болсон. 2013 оны дөрөвдүгээр сард Нара бид хоёр Америк явж ирээд ерөнхийдөө хоёр тийшээ болсон. Жил гаруй хугацаанд үерхээд больсон гэсэн үг.

Та "Нара"-г хүүхэдтэй болгоод орхисон гэж ойлгосон. Тэр хөөрхөн хүү таны хүү мөн биз дээ?

Нарагаас салснаас хойш нэг жилийн дараа надад хүүхэдтэй болсон гэдгээ хэлсэн. Нуугаад яахав, яг үнэнийг хэлэхэд надад сонин санагдсан. Уулзахаа больсноос хойш жил гаруй хугацааны дараа гэнэт жирэмсэн гэхээр...

Таны хүүхэд биш байсаар байхад чинь хүүгээ эвгүй байдалд оруулах гэж байгаа юм шиг мөн гэж дайраад байхгүй. Та өөрийнхөө хүүгээс зугтаад байгаа юм шиг ойлгогдож байна?

Нэг удаа манай Хонконг дахь түншүүд надтай уулзах гэж ирсэн байсан. Тэр үед Нара бид хоёр найзладаг байсан болохоор хамт очиж танилцуулж байлаа, Харин жилийн дараа тэд маань дахин ирээд хамт хоолонд урьсан. Би хэдийгээр уулзахаа больсон байсан ч найрсаг харьцаатай байдаг байсан болохоор Нарад тайлбарлаж хэлээд хамт бизнесийн түншүүдтэйгээ уулзсан юм. Тэгээд тарахдаа нилээн халамцуу байснаас би өөрөө санадаггүй, Нара тэр орой чамаас хүүхэдтэй болсон гэж хэлдэг юм. Гэхдээ бид хамт хоноогүй учраас би эргэлздэг. Ийм учраас хэрэв миний хүүхэд мөн гэж бат итгэлтэй байна гэвэл "ДНК-гийн шинжилгээ өгье" гэж Нарагаад хэлж л байсан. Түүний зүгээс "Чиний хүүхэд мөн" гэдэг ганцхан тайлбарыг л хэлдэг. Гэхдээ миний хүүхэд мөн ч бай, биш ч бай би хангалттай хэмжээнд туслаад л явдаг,

Хүүхэд бол эд хогшил биш. Уйлж унжиж, санаж бэтгэрдэг эмзэгхэн сэтгэлтнүүд. Та хоёрын маргаан хүүг тань эвгүй байдалд оруулаад, түүнийг өвтгөөд байгаа юм бишүү? Хүүгээ бодоод эвлэрээд хамт амьдарч болдоггүй юм уу?

"Миний хүү" гэдгийг мэдвэл өөрөө аваад өсгөөд, хүмүүжүүлээд явж чадна. Тиймээс би ХУД-ийн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаа. Нэгдүгээрт хүүхдэд ДНК-ийн шилжилгээ хийлгэх, хоёрдугаар миний хүү мөн болох нь тогтоогдвол хүүгээ өөр дээрээ авахаар. Бид хоёр хамт амьдрах боломжгүй гэдэг одоо бүр хэн хэнд маань тодорхой болсон байх. Учир нь бид хоёр огт тохирохгүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд маш сайн ойлгоцгоосон.

"Жирэмсэн хүнд гар хүрдэг өөдгүй эр байна" гэдэг дүгнэлтийг Нарагийн мэдээлэлээс харсан?

Би эмэгтэй хүнд гар хүрдэг хүн бишээ, ер нь бол үг дуу цөөтэй уурлаж уцаарлаад байдаггүй зөөлөн талдаа хүн л дээ.

Та өөрийгөө зөөлөн гэж дүгнэсэн нь зөв биш ч байж болох?

Тийм л дээ, гэхдээ ойр тойрны, ажлын хамт олон, найз нөхөд Нара ч өөрөө миний зан чанарыг мэдэх байх. Би улаан цайм танд худлаа ярихгүй.

Таны хүү аавдаа бэлэг өгөх гээд төрсөн өдрөөрөө очсон. Гэтэл та хүүхдээ хөөгөөд гаргасан гэдэг бичлэг сошиал орчинд тархсан?

- Нара над руу "очлоо шүү" гэдэг мессеж бичсэн. Би харилцагч компанийн захиралтай уулзаж байсан учир утсаа харж амжаагүй. Уулзалт дундуур хүүхэд "танд бэлэг өгөх" гэсэн юм гээд ороод ирсэн. Би бэлгийг нь аваад "Баярлалаа яасан хөөрхөн бэлэг вэ, түр хүлээж байгаарай" гээд үнсээд гаргасан. Гэтэл Нара "Би чамайг яахаараа үүдэнд чинь хүлээж байх ёстой юм, чи шантаажилдаг хүн ямар байдгийг харах уу" гээд хашхираад, орилоод ороод ирсэн. Тэгээд зураг дарж, бичлэг хийж эхэлсэн. Тэр үед миний амьдралд хүнд гарз тохиосон гашуун өдрүүд өнгөрч байсан болохоор би чимээгээ багасгаач гэж учирласан. Тэгээд өрөөнд баахан хашхирчихаад, гарангуутаа ажлаа хийж байгаа хүмүүсийн дунд бөөн шуугиан тарьсан болохоор манай ажлыхан шаардлага тавиад биелүүлэхгүй болохоор нь түлхээд гаргасан тэр үеэс л лайв хийгээд дуугаа өөрчлөөд гомдоллоод, байгаа харагдсан. Тэр лайвыг нь дараа нь би үзсэн л дээ, бэлэг өгөх гээд очиход оруулсангүй хөөгөөд зодоод гаргалаа энэ газраар битгий үйлчлүүлээрэй гэсэн гол санаа байсан. Үнэн хэрэгтээ орж ирээд цай идээ амсаад, бэлгээ өгөөд сүүлд нь намайг загнаж, энд тэнд гарч тал бүрээс минь зураг авч байсныгаа баримт болгоод өөрийхөө фэйсбүүк дээрээ тавьсан байсан шүү дээ. Хүүхдийн өгсөн зураг одоо ч надад байж байна. Тэгтлээ дарамтлаад зодож нүдээд гаргасан бол хүүхэд хүртэл айгаад уйлна шүү дээ. Ер нь би Нарагийн ажил дээр юм уу гэрт нь очоод айлгаад дарамтлаад байдаг бол энэ ойлгомжтой асуудал, харин өөрөө хүрч ирж дарамт хүчирхийлэлд өртлөө гээд байгааг л хүмүүс зөв ойлгоосой гэж хүсэж байна.

Та гэхдээ нялх хүүхдийн хувцсыг нь өрөөнөөсөө шидэж байгаа харагдана лээ?

Шийдээгүй ээ, бичлэг хийгээд байсан болохоор үүдний хэсэгт буйдан байдаг, түүн дээр тавьсан.

Эмэгтэй хүн эцэггүй хүүхэд өсгөх хэцүү шүү дээ. Таны тусламж, дэмжлэг хэрэгтэй л байдаг байх?

Хамт байгаад байх боломж үнэндээ байхгүй шүү дээ, Бага байхад нь салхинд гаргах гэсэн юм, эмчид үзүүлэх гэсэн унаагүй байна нэг тус болооч гэхэд нь би очоод туслачихдаг л байсан. Өгч байсан мөнгөө тоолоод л, хуулгыг нь харуулаад л ярьмааргүй л байна. Боломжийнхоо хэрээр би тус дэм болоод явж ирсэн.

Тэр бичлэг болсон өдрөөс хойш та хоёр уулзсан уу. Ингэж хэвлэлээр бие биедээ үг шидэх биш нүүр нүүрээ харж уулзаад, ойлголцож болдоггүй юм уу? Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг байдаг?

Бид хоёр одоо ч хэвийн харилцаатай. Тэр орой нь Нара над руу мсж бичиж байсан. "Би өөрийгөө ч, чамайг ч хүнд байдалд оруулчихлаа " гээд.

Түүний лайв таны нэр хүндэд мэдээж нөлөөлсөн байх?

Мэдээж миний хувийн нэр хүнд бол маш их нөлөөлж байгаа, энэ асуудлыг хэн, яаж хүлээж авч ойлгох нь хувь хүмүүсийн л асуудал. Би хүний үзэл бодлыг хүндэтгэнэ. Бизнесийн нэр хүндэд бол манай харилцагч нар мэдээллийг хүлээж аваад, шүүн тунгааж ойлгох боловсролтой хэмжээний хүмүүс үйлчлүүлж байгаа. Харин өрсөлдөөн ихтэй салбар учраас өрсөлдөгч нар янз бүрийн аккоунтаас бичсэн, боломжийг ашигласан тал байгаа. Манай компанийн хувьд янз бүрийн тендер ч юм уу, зээл тусламж дэмжлэг гэлгүй цэвэр өөрсдийн хүчээр ажиллаж, урагшилж байгаа хамт олон. Миний хувьд хөдөлмөрлөөд л явж байгаа энгийн л нэг бизнесмэн. Бид одоо 100 гаруй ажлын байр бий болгоод явж байна. Харин хувийн харилцаандаа компанийг оролцуулах нь хэр зөв юм бол доо, энд надаас гадна Наратай адил олон арван эмэгтэйчүүд ажилладаг шүү дээ. Мөн хамт ажилладаг найз нөхөд, ганц үлдсэн дүү болон ээжийг маань янз бүрээр хэлсэн байсан ч надаас болж тэд нар маань нийгмийн сүлжээнд ингэтлээ хэлүүллээ гэж үзээд би өөрөө тэд нараас уучлалт гуйсан байгаа.

Танай ээж яагаад Нарад тийм дургуй юм бэ?

Миний ээж 80 нас хүрч яваа хөгшин хүн бий. Ээжийг минь элдэв муухайгаар доромжилж байгаа харагдсан. Ээж маань яагаад Нарад дургуй байгаа нь түүнээс өөрөөс нь болсон юм болов уу гэж боддог Нара анх манайд орж ирээд л "Хайраа чи надад энийгээ өгчих, тэрийгээ өгчих" гээд л эхэлсэн. Түүнд манай ээж эмзэглэсэн бололтой юм билээ.

Та гэр бүл, тодруулбал эхнэртэй юу?

Хоёр жилийн өмнөөс эхнэртэй болсон. Эхнэр маань өөр улсын иргэн, энд байдаггүй би ирж, очин байдаг.

Та ямар мэргэжилтэй вэ? Мэргэжлээрээ ажиллаж байна уу?

Би тээврийн эдийн засагч мэргэжилтэй. Тээвэр зуучин чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Та яагаад хэвлэлд ярилцлага өгөхөөр зорьсон юм?

Хүмүүст мэдээлэл тэнцвэргүй хүрээд байх шиг. "Нарагийн л зөв. Б.Батцацрал хамгийн адгийн " гэсэн сэтгэгдэл төрөхөөр мэдээлэл гараад байна л даа. Ганцхан Нарагийн ярьж байгаа ойлголт үлдвэл би энэ нийгэмд цаашид амьдрахад ч хүнд нөхцөл байдал үүсээд байгаа юм. Хүмүүс хэрхэн хүлээж авах нь тэдний л асуудал. Би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхийнхээ хүрээнд л бусдыг буруутгалгүй нөхцөл байдлыг хэлье гэж бодсон юм.

Ярилцсан Н.Өнөрцэцэг

zarig.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ